Д.Амартүвшин: Анхны бүтээлээсээ маш их урам авлаа

2016 оны 4 сарын 11

Монголын урлагийн ертөнцөд хүч төрөн гарч ирж байгаа шинэ залуу уран бүтээлчид цөөнгүй бий. Тэгвэл тэдний төлөөлөл болгож Д.Амартүвшинг бид энэ удаад онцолж байна. Түүний шинэхэн уран бүтээл болох “Нууцхан нандин” дуу нь мэндлээд удаагүй ч сонсогчдын талархлыг ихэд хүлээгээд байгаа юм. Тэрбээр “Би хэзээ ч өнгө мөнгөний хойноос явахгүй. Урлагийн төлөө өөрийгөө зориулах болно” гэсэн. Ингээд уншигчдадаа нийтийн дууны урлагт өнгө нэмэн гарч ирж буй залуу уран бүтээлч Д.Амартүвшинтэй цөөн хором ярилцсанаа хүргье. 

-Юун түрүүнд өөрийгөө танилцуулаач. Та аль нутгийн хүн бэ?  

-Намайг Доржийн Амартүвшин гэдэг. Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны харьяат далай ээжийн хүү байгаа юм. Соёл урлагийн их сургуулийг дуурийн дуулаач мэргэжлээр 2015 онд гавьяат жүжигчин Д.Ганхуяг багшийн удирдлагад суралцаж төгссөн. Одоо анхны уран бүтээлээ түмэн олондоо хүргэх гээд ажиллаж байна. 

-Шинэхэн уран бүтээлийнхээ талаар сонирхуулбал?

-“Нууцхан нандин” гэж нэртэй бүтээл байгаа. Манай Хатгал нутгийн унаган хүү яруу найрагч Ж.Даваадамдин, миний дүү Б.Дэлгэрмөрөн нарын бичсэн шүлгэнд нутгийн найз Д.Мөнхжаргал ая оруулж, би олны хүртээл болгон амилуулж байна. Анхны бүтээлдээ клип хийлгэж, саяхнаас цацсан. Энэхүү уран бүтээлээ анх төрөлх сургуулийнхаа 90 жилийн ойгоор нутагтаа очиж дуулсан юм. Тэр үед сургуулийнхаа сүлд дууг дуулаад орой нь сумын бүжгэнд ороод байж байтал манай найз нэг ая тоглосон. Тэр аяыг сонсоод ямар гоё ая вэ гээд очоод асуутал “найз маань миний дуу шүү дээ” гэсэн. Тэгээд надад санал тавьж, би ч дуртай хүлээж авснаар дуу төрсөн түүхтэй. Анхны бүтээлээ сонсогчдод хүргэх гээд өөрийн фэйсбүүк хуудсанд байрлуултал 13 мянган гаруй хүн сонсч, шэйрлэсэн байна. Олон түмэнд таалагдаж байгаа юм болов уу гэж бодоод маш их урам авлаа.

-Анхны уран бүтээл гэдэг утгаараа санхүүгийн асуудал тулгардаг. Энэ асуудлаа хэрхэн шийдсэн бэ? 

-Хөгжмийн найруулгыг Ш.Эрдэнэбуян ах хийсэн манай урлагийнхан андахгүй дээ. Харин гитарыг “Маршал” хамтлагийн гитарчин н.Отгоо ах хийж, Украйны алдарт саксфончин Дмитрий Тайгоев саксфон хөгжмийг нь тоглосон. Клипээ ая зохиогч Н.Баасандорж ахын “SOFT MUSIC” студид хийж, Н.Буяндэлгэр ах найруулсан байгаа. Найзуудаа клипэндээ тоглуулж, нутгийн эгчийн дэмжлэгээр гэрт нь зургаа авсан. Ер нь бол урлагт дуртай, залуусаа дэмждэг ах, эгч, найз нөхдийн буянаар клиптэй болсон. Дашрамд, надад тусалсан бүх хүнд баярлалаа гэж хэлье.

-Ингэхэд хэзээнээс дуулав. Хүүхэд байхдаа сургуулийн концертод дуулна биз? 

-Тийм шүү. Багадаа их дуулдаг байсан. Нийтийн дуунуудыг цээжилнэ. 10 жилийн сурагч байхдаа тухайн үед хит болсон бүхий л дууг мэддэг байллаа. Намайг бага байхад акартон гэж хөгжим байсан юм билээ. Тэгээд хамгийн бүдүүн болон нарийн товчин дээр дартал  би яг тэр өнгөнд нь тааруулж дуугарсан гэдэг. Хэлд ороогүй хүүхэд тэгж дуугарах хэцүү л дээ. Ингээд намайг манай гэрийнхэн урлагийн дуучин хүн болох юм байна гэж ярьсан байгаа юм. Тэгээд л хүүхэд байхаасаа дуулаад цэцэрлэгийн аварга дуучин, хүүхдийн урлагийн “Яргуй” наадам, “Дуулах өв” улсын уралдаан зэрэгт түрүүлсэн. Мөн хүүхдийн ордноос зохиосон тэмцээнүүдэд оролцдог байлаа. Хөвсгөл аймгийнхаа шилдэг сурагч болж явлаа. Дээрх шалтгаанууд намайг урлагийн хүн болоход нөлөөлсөн дөө.  

-Анхны бүхэн мартагдашгүй сайхан дурсамж үлдээдэг. Анхны уран бүтээлээ  гаргахад ямар сэтгэгдэл төрсөн бэ?

-Одоо яадаг бол доо. Намайг хүмүүс юу гэх бол гэсэн бодол өөрийн эрхгүй толгойд орж ирдэг юм билээ. Ямар ч байсан хийсэн нь үнэн юм чинь олон түмэндээ хүргэе гэж бодсон. Анхнаасаа зорьсон зорилго минь нэг л юм чинь. Анхны бүтээл гээд алдаа дутагдал байгаа байх. Гэхдээ хүн сайхан сэтгэлээрээ юм хийхэд эргээд хариу нь ирнэ гэж боддог.

-Цаашдаа өөр ямар уран бүтээл хийхээр төлөвлөж байна вэ? 

- Цаашдаа өөр олон сайхан уран бүтээл хийнэ ээ. Ч.Алтантүлхүүрын шүлэг,  Н.Баасандоржийн аялгуугаар бүтсэн “Ээжийн минь сэтгэлийн үг” нэртэй шинэ уран бүтээлээ эх үрсийн баяраас өмнө олны хүртээл болгоно. Мөн урлагийн гавьяат зүтгэлтэн Т.Сэр-Од багшийн ая, Их засаг олон улсын их сургуулийн захирал Н.Ням-Осор гуайн шүлэг эх орны сэдэвтэй сайхан дуу ч бий. Цаашлаад цомгийн ажилдаа орно гэсэн төлөвлөгөөтэй байна.  

-Таны хамгийн сайн зөвлөх, шүүмжлэгч тань хэн бэ?

-Мэдээж миний ойр дотнынхон. Тэр дундаа гэр бүлийн хүн маань миний хамгийн сайн шүүмжлэгч. Бас миний шүтэн бишрэгч.

Б.МӨНХЗУЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна