Сүмийн галд 100 гаруй хүн өртөв

2016 оны 4 сарын 11

 

Энэтхэгийн өмнөд муж дах Хинди шашны нэгэн сүмд галын наадмын үеэр гал гарч, 106 хүн амиа алдаж, 200 гаруй хүн гэмтэж, түлэгдсэн талаар албаныхан мэдээлжээ. Ням гаригийн өглөө болсон галын наадмын үеэр Паравур суурин дах сүмд хадгалж байсан салютад оч унаж, гал авалцсанаас гал түймэр гарчээ.

 

Агуулахад байсан салют дэлбэрэх үед сүмд хэдэн мянган хүн байсан гэнэ. Гал түймэр маш богино хугацаанд газар авснаас хүмүүс гарч чадахгүй хоригджээ. Салют дэлбэрч галд автсан сүмд 102 хүн хүн амиа алдсаныг албаныхан тогтоосон байна. Салют дэлбэрсэн сүмээс нэг км-ийн зайд сүмийн хана, дээврийн хэсэг шидэгдсэн байжээ.

 

Энэтхэгийн Хинди шашны сүмд Кали бурхны хутгийг олсон өдөрт зориулсан долоон өдрийн ёслолын сүүлчийн өдөр Хинди шашны хэдэн мянган сүсэгтнүүд цуглаж, галын наадам хийдэг юм байна. Гэвч энэ жил мужийн захиргаанаас сүмд галын наадам зохиохыг хориглосон ч сүсэгтнүүд хоригийг зөрчсөн байжээ.

 

Түймэр гарсан сүмийн ойролцоо нөхцөл байдал аймшигтай байгааг хэвлэлийнхэн дүрсэлсэн байна. Гал түймрийн хар утаан хөшиг дунд айж, сандарсан, тусламж эрсэн хүмүүс орилж хашгирч, түргэн тусламжийн машины дохио хаа сайгүй дуугарч байжээ. Сүмийн нурангид дарагдсан хүмүүсийг цагдаа нар оршин суугчдын тусламжтай татан гаргаж байгаа ажээ. Сүмийн агуулахад хадгалж байсан салют дэлбэрсний улмаас сүмийн ойролцоох байшин барилгуудын хана, тааз цуурсан гэнэ.

 

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди гал түймрээс амьд үлдсэн хүмүүс болон хохирогчдын ар гэрийнхэнтэй уулзахаар Керала муж руу онгоцоор ниссэн байна.

 

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна