“Хөдөө аж ажуйн залуу мэргэжилтнүүдийг бэлтгэхэд онцгой анхаарна”

2016 оны 4 сарын 11

 

Монгол Улсын хөдөө аж ахуйн салбар дотоодын нийт бүтээгдэхүүний 18 орчим хувийг үйлдвэрлэж, нийт ажиллах хүчний 30 хувийг ажлын байраар хангадаг учраас төрийн бодлогын төвд байдгийг “Хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн VII зөвлөлгөөн”-ий үеэр Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан онцолсон.

 

Засгийн газраас малчид, тариаланчдын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, мал аж ахуй, газар тариалангийн салбарын үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд байнга анхаарч ирсэн тул энд ажиллах хүчний хэрэгцээ их байдаг гэнэ. Дээрх ажиллах хүчний эрэлт, нийлүүлэлтийг хангах зорилгоор өнгөрсөн онд хөдөө аж ахуйн салбарт 5697 ажлын байрны захиалга ирүүлснээс 4605 хүнийг ажилд зуучилсан байна.

 

“Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогын нэг гол чиглэл нь малчид, тариаланчдын залуу халааг бэлтгэх, иргэдэд аж ахуй эрхлэх ур чадвар олгох явдал. 2015-2016 оны хичээлийн жилд хөдөө аж ахуйн чиглэлийн 27 мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагад 26 мэргэжлээр 2111 хүн сурч байгаагийн 1211 нь төгсөх ангийнх. Гэхдээ бидэнд тулгамдаж байгаа нэг асуудал бий. Залуу үеийнхэн мал маллах, ногооны талбайд ажиллахаас халшрах ханддага ажиглагдаж байна. Үүнийг өөрчлөхийн тулд бид хөдөө аж ахуйн чиглэлийн мэргэжилтнийг бэлтгэхэд онцгой анхаарал хандуулж, сургалтын арга хэлбэрээ өөрчлөх, залуусыг татахад анхаарах шаардлагатай” хэмээн салбарын сайд хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчидтэй зовлон, жаргалаа хуваалцав.

 

Эх сурвалж: Өнөөдөр сонин