О.Магнай: Т.Аюурсайханыг шүүхэд өгнө

2016 оны 4 сарын 11

ШӨХТГ-ын дарга асан О.Магнай улсын байцаагч М.Мөнхбаяр, Ж.Очирхуяг нарын хамт мэдээлэл хийлээ. Тодруулбал тэрээр өнгөрсөн долоо хоногоос өөрийнх нь ажлыг хүлээн авсан ТАюурсайханыг нэр бүхий сонин, сайтаар илт гүтгэсэн мэдээллүүдийг олон нийтэд тараасан гэв.

Нэгдүгээрт ШӨХТГ-аас 2012 оны 10 дугаар сард “НИК” компани нь бензиний зохиомол хомсдол үүсгэж, иргэдийн дунд бухимдал бий болгосон гэх үндэслэлээр 4.9 тэрбум төгрөгийн торгууль тавьсан байна. Тухайн үед энэ торгуультай холбогдуулж гурван шатны шүүх хурал болж, ШӨХТГ ялсан ажээ. Гэхдээ шүүхээс АИ-92 шатахуунд л дахин торгууль тооцох шийдвэр гарсан байна.  

ШӨХТГ-аас НИК компанийн өндөр хэмжээний торгуулийн асуудлыг шийдэх таван хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулсан байна. Харин О.Магнай ажлын хэсгийн эцсийн дүгнэлтээ гаргаж чадалгүй 2014 оны арванхоёрдугаар сард ажлаа өгснөөр тус хэргийг хариуцсан байцаагч нарыг ажлаас нь халжээ. Үүний дараагаар Т.Аюурсайхан монополь эрхтэй “НИК” компанийг монополь гэдэг жагсаалтаас хасч, тус байгууллагаас тавьсан торгуулийг хүчингүй болгосон гэв.

О.Магнай хэлэхдээ “НИК компани нь хуучин Эрдэнэт үйлдвэрийн дарга асан Ш.Отгонбилэг гэж хүний хүү О.Содбилэгийн эзэмшдэг компани юм. Харин Т.Аюурсайхан Ерөнхийлөгч асан Н.Багабандийн туслахаар ажиллаж байсан. Эдгээр хүмүүс нэг түрийвчтэй олигарх бүлэглэл. Энэ нөхөд хуйвалдаж, “НИК”-д тавьсан торгуулийг хүчингүй болгочхоод, эцэст нь О.Магнай энд оролцсон мэтээр ярьж байгаа юм. Энэ асуудлаар Т.Аюурсайханыг хууль, хяналтын байгууллагад өгөх болно” гэлээ.

Хоёрдугаарт О.Магнайг “Сүлжээ дэлгүүрүүдэд торгууль тавьчхаад, торгуулиа хүчингүй болгосон” гэжээ. О.Магнай “Тухайн үед “Миний дэлгүүр”, “Номин”, “Макс” гэх томоохон сүлжээ дэлгүүрүүдэд тавьсан торгууль шүүхэд очоод гэрээ байгуулсан юм. Үүнд “Сүлжээ дэлгүүрүүд илэрсэн зөчлөө бүрэн арилгана. Хэрэв дахин ийм зөрчил илэрвэл тавьсан торгуулийг үл маргалдах зарчмаар шууд төлнө” гэсэн утгатай гэрээ байгуулсан. Гэтэл үүнийг торгуулиа хүчингүй болгосон мэтээр тайлбарлаж байгаа нь шударга бус юм” гэж ярив. Мөн “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-өөр 40 тэрбум төгрөгийн торгууль тавьсан гэх юм. Энэ тоог хаанаас гаргаж ирснийг мэдэхгүй байна” хэмээн бухимдангуй хариулав.

А.Цээсүрэн

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна