ЭЗ-ийн өсөлт 0.7 хувь байна

2016 оны 4 сарын 11

Глобал эдийн засгийн хэлбэлзэлтэй орчинд Зүүн Ази, Номхон Далайн бүс нутгийн эдийн засгийн идэвхжил  харьцангуй тогтвортой хэвээр байна гэж Дэлхийн банкнаас өнөөдөр мэдээллээ. Монгол Улсын тухайд гадны хөрөнгө оруулалт, экспортын хэмжээ эрс буурснаас 2015 онд эдийн засгийн өсөлт 2.3 хувиар буурчээ. Харин үйлдвэрлэлийн өсөлт 1.3 хувиар, бөөний болон жижиглэнгийн худалдаа 3.6 хувиар, барилга үйлдвэрлэл 1.4 хувиар буурсан байх юм.  Харин хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний өсөлтөд онцын өөрчлөлт гараагүй бөгөөд 10.7 хувьтай гарчээ. Өнгөрсөн оны эцсээр 36 хувиар буурсан экспорт энэ оны нэгдүгээр сард 30.4 хувьтай байна. Нэгдүгээр сард 19.5 хувь буурсан импорт өнгөрсөн гурван сарын хугацаанд 21 хувь буурсан бол гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ 26.7 сая ам.доллараар хэмжигдсэн нь өмнөх онуудынхаас харьцангуй муу үзүүлэлт гэдгийг Дэлхийн банкны эдийн засагчид тодотголоо. Мөн 2016 онд Монгол Улсын эдийн засгийн өсөлт 0.7 хувь байх прогноз гарчээ. Санхүүгийн төлөв байдал цаашид ч улам дордох шинж ажиглагдсан тухай ч эдийн засагчид дурдлаа. Тэд Монгол Улсын гадаад өр 2015 онд л 65 хувь өссөн нь энэ орныг дэлхий нийтийг хамарсан санхүүгийн тогтворгүй байдал руу түлхэж байна. Гэвч Монгол Улс 2017-2018 онд 1.080 сая ам.долларын гадаад өрийг төлж эхлэх тэр үед л жинхэнэ хүнд сорилттой нүүр тулна  гэдгийг онцлон ярилаа.  

Он гараад Монгол Улсын арилжааны банкны зээлийн өсөлт 4.5 хувиар буурсан бол чанаргүй зээлийн хэмжээ хоёрдугаар сард 7.8 хувь болжээ. Хөгжлийн банкнаас арилжааны банкуудад зээл олгосныг тооцохгүйгээр төсвийн алдагдал 2015 онд ДНБ-ний 5.1 хувьтай тэнцсэн нь Санхүүгийн тогтвортой байдлын тухай хуульд заасан таван хувиас давсан үзүүлэлт байна. Цаашид ч түүхий эдийн үнийн уналтын үргэлжлэл, гадаад хөрөнгө оруулалт зогссонтой холбоотой төсвийн мөнгө тасалдана. Иймээс эдийн засгаа солонгоруулах тогтвортой мэргэн бодлогыг Засгийн газар, Улсын их хурал дотроо сайтар ярилцаж, үр дүнтэйгээр хэрэгжүүлэх ёстой. Монгол Улсын эдийн засгийн уналт энэ хэвээрээ үргэлжилбэл туйлын хэцүү үетэй нүүр тулна. Гэхдээ төсвөө тэлэх бодлого явуулах талаар бодох хэрэггүй цаг нь бишээ гэж Дэлхийн банкны эдийн засагч  Судир шетти зөвлөж байна.

Мөн одоогийн бизнесийн орчин дахь гажуудал,  иргэдэд хүргэх нийгэм, халамжийн үйлчилгээний бодлогоо яаралтай шинэчилж, засахгүй бол эрсдэл, хямрал дагасаар байхыг анхааруулсан. Санхүүгийн зах зээл савлагаатай энэ үед олон улсын зах зээл рүү хандаж, хөрөнгө босгох нь эрсдэлтэй. Эдийн засгаа сульдаанаас аврах улсын арга биш болохыг Дэлхийн банкны төлөөлөгчид сануулсан юм. Цаашид дэлхийн эдийн засгийн өсөлт хүлээгдэж байснаас саарах төлөв ажиглагдсан нь Зүүн Ази, Номхон Далайн орнууд, ялангуяа түүхий эд экспортлогч орнуудын гадаад эрэлтийг сулруулж, эдийн засгийн идэвхжилтийг бууруулж болзошгүй болжээ.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна