11 дүгээр сургууль ашиглалтад орлоо

2016 оны 4 сарын 11

Ерөнхий боловсролын 31 дүгээр сургуульд сурагчид нь хоёр ээлжээр хуваагдан хичээллэж байсан Физик-математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 11 дүгээр сургууль өнөөдөр шинэ байрныхаа нээлтийг хийлээ. Өнгөрсөн оны өдийд шинэ сургуулийнхаа шавийг тавьсан тус сургуулийн барилгыг барихад 3.4 тэрбум төгрөгийг төсвөөс гаргажээ. Хуучин барилгыг нураах шийдвэр, санхүүжилт нь шийдэгдэхгүй удсанаас хугацаа алдаж, гурван жилийн турш энэ сургуулийн сурагчид өөр сургуулийн байрт хичээллэсэн байна. Математик, Физикийн хичээлээр улсдаа төдийгүй олон улсад толгой цохидог 11 дүгээр сургуулийн сурагчид хичээлийн шинэ байртай болсондоо баярлаж, онц сурахаа амлаж байлаа.

350 орчим хүүхдийн багтаамжтай гурван давхар сургуулийг барихад нэг жил хангалттай байсан. Иймээс нурах эрсдэлтэй барилгын жагсаалтад багтсан 73,38,32,14 дүгээр сургуулиудын барилгыг ч санхүүжилт нь шийдэгдвэл 2017 он гэхэд барьж, ашиглалтад оруулна гэдгийг Боловсрол соёл шинжлэх ухааны яамнаас мэдэгдлээ. Дээрх дөрвөн сургуулийн хуучин барилгыг буулгаж, газарт нь шинэ сургууль барих ажлыг концессын гэрээний хүрээнд хийхээр болжээ. Энэ хавартаа багтан барилгын ажил нь эхлэх аж.

11 дүгээр сургуульд нийт 400 гаруй сурагч суралцдаг. Иймээс хичээлийн байр нь шинэчлэгдсэнээр  6-12 дугаар анги бүр нь нэг ээлжээр, бүгд өглөө хичээл нь орох боломжтой болжээ. Учир нь тус сургуульд бага анги байдаггүй. Хүүхдүүд долоо хоногийн өмнөөс шинэ байрандаа хичээллэх болжээ.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна