АСЕМ-д үйлчлэх унаа бэлэн үү?

2016 оны 4 сарын 11

Ирэх долдугаар сард болох АСЕМ-ын дээд түвшний 11 дэх чуулга уулзалтад оролцохоор 3500-4000 орчим зочид, төлөөлөгчид, сэтгүүлчид ирэх төлөвтэй байна. Иймд АСЕМ-ын зочдын үйлчилгээнд 350 орчим машин ашиглах бөгөөд одоогоор энэ ажил 85 хувьтай байгааг албаныхан хэлэв.  

Өнгөрсөн долоо хоногт /4.08/ АСЕМ-ын уулзалтын үеэр зочид төлөөлөгчдийн хамгаалалтад үйлчлэх “Тоёота Приус-30” загварын 52 ширхэг машиныг ЦЕГ-ын авто баазад  хүлээлгэж өгсөн билээ. Удахгүй БНСУ, Монгол Улсын Засгийн газрын хэлэлцээрийн дагуу нийтийн тээврийн үйлчилгээний парк шинэчлэлт хийх зорилгоор 200 автобус импортлохоос 40 орчмыг нь хөнгөлөлттэй зээлээр оруулж ирэх гэнэ. Эдгээр автобусыг АСЕМ-д ашигласны дараагаар нийтийн тээврийн үйлчилгээнд шилжүүлэх юм байна.

Мөн чуулганы үеэр нэг улсад үйлчлэх таван автомашины цуваа байхаар төлөвлөж байгаа бөгөөд зочид төлөөлөгчдийн ачаа тээшийг тээвэрлэх автомашин дутагдалтай байгаа ажээ. Дашрамд дурдахад, АСЕМ-ын үйлчилгээнд үйлчлэх 10-20 орчим “Мерседес бенз” автомашин байгаа бөгөөд иргэд, хувийн байгууллагуудад техникийн аюулгүй байдал хангасан, хар өнгөтэй “Мерседес бенз” загварын автомашинаа үнэ төлбөргүй ашиглуулахыг уриалж байна. Мөн иргэд цахим орчинд хувийн унаагаа хэрэглүүлэх санал бичиж байгаа ч албан ёсоор нэг ч хүн хандаагүй гэдгийг албаныхан онцоллоо. 

А.ЦЭЭСҮРЭН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна