“Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал – 2030”-ын нээлтийн ёслолын ажиллагааг нээж УИХ-ын дарга З.Энхболдын хэлсэн үг

Хуучирсан мэдээ: 2016.04.11-нд нийтлэгдсэн

“Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал – 2030”-ын нээлтийн ёслолын ажиллагааг нээж УИХ-ын дарга З.Энхболдын хэлсэн үг

“Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал – 2030”-ын нээлтийн ёслолын ажиллагааг нээж УИХ-ын дарга З.Энхболдын хэлсэн үг

Монгол Улсын Их Хурлаас энэ оны 02 дугаар сарын 05-ны өдөр батлан гаргасан Монгол Улсын 2016-2030 оны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг өнөөдөр  Та бүхэнд танилцуулж байна.

Үзэл баримтлалын үндсэн зарчим нь монгол хүн эрүүл саруул амьдрах орчинтой, найдвартай ажлын байр, орлогын эх үүсвэртэй, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын хүртээмжтэй, чанартай тогтолцоотой, чинээлэг хангалуун амьдрах ёстой гэсэн зарчим юм.

Энэхүү үндсэн зарчмыг хэрэгжүүлэхийн тулд Монгол Улс 2030 он хүртэл эдийн засгийн тогтвортой, харьцангуй өндөр өсөлттэй байж, олон салбартай нээлттэй эдийн засагтай болж, нэг хүнд ногдох орлогоороо дунд орлоготой орнуудын тэргүүлэх эгнээд хүрч, дундаж болон чинээлэг дундаж давхарга давамгайлсан орон болох ёстой.   

  • Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилтуудыг:
  • Эдийн засгийн тогтвортой хөгжил
  • Нийгмийн тогтвортой хөгжил
  • Байгаль, орчны тогтвортой хөгжил
  • Тогтвортой хөгжлийн засаглал 

гэсэн 4 үндсэн бүлэгт хувааж, бүлэг тус бүрт салбарын хөгжлийг хөтлөх гол зорилтуудыг үе шатаар нь томьёолов.

Урт хугацааны тогтвортой хөгжлийн зорилтуудыг дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусган үе шаттайгаар хэрэгжүүлнэ. 

Урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх зохицуулалт, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, шаардлагатай тохиолдолд үзэл баримтлалд тодруулга, нэмэлт хийх зарчим нь Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуулиар бүрэн тодорхойлох юм. 

Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал нь 2015 оны 09 дүгээр сард НҮБ-аас батлан гаргасан “Даян дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтууд 2030”-ын үзэл санаатай үндсэндээ нийцэж байгааг дурдахад таатай байна. 

Уг баримт бичиг нь Монгол Улсын 2030 он хүртэл хэрэгжүүлэх хөгжлийн зорилтуудыг тодорхойлсон, үндэсний хэмжээний урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг юм. Энэхүү баримт бичгийг Засгийн газар, төрийн бүх шатны байгууллага, төрийн бус, иргэний нийгмийн байгууллага, иргэд, хувийн хэвшлийн хамтын хүчин чармайлтаар хэрэгжүүлснээр Монгол Улс жигд, тогтвортой хөгжих, хүртээмжтэй өсөлтийг хангах нөхцөл бүрдэнэ. 

Монгол Улсын Их Хурлаас өнгөрсөн онд батласан Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль нь манай улсын бодлого төлөвлөлтийн эрх зүйн орчинг боловсронгуй болгоод зогсохгүй, хөгжлийг үр дүнтэй удирдахад чухал түлхэц болж байгааг тэмдэглэх нь зүйтэй. Бид цаашид урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлогуудын уялдааг хангах, үр дүнтэй хэрэгжүүлэх, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх эрх зүйн орчинтой боллоо.

Бид цаашид  “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал – 2030” болон Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль гэсэн энэ хоёр суурь баримт бичгийг удирдлага болгон хөгжлийн удирдлагын шинэ тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай болж байна. 

Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай болон Монгол Улсын сонгуулийн тухай хуулийн дагуу Улсын Их Хурлын болон орон нутгийн сонгуульд оролцох улс төрийн нам, намуудын эвсэл нь сонгуулийн мөрийн хөтөлбөрөө энэхүү тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн боловсруулна. Улмаар сонгуулийн дараа шинээр байгуулагдан ажиллах Улсын Их Хурал, Засгийн газар нь тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг иш үндэс болгон үйл ажиллагаагаа залуурдах болж байна.

Монгол Улсын Их Хурлын 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 19 дүгээр тогтоолоор Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал баталсантай холбогдуулан Засгийн газрын өмнө дараах үүрэг тавигдаж байна:   

1/ Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төсөвт тусган үе шаттайгаар хэрэгжүүлэх; 

2/ Монгол Улсын Их Хурал болон Засгийн газраас баталсан үндэсний хэмжээний болон салбарын, салбар дундын хөгжлийн бодлого, хөтөлбөрүүдийг энэхүү үзэл баримтлалд нийцсэн эсэхийг 2016 онд багтаан хянаж, шаардлагатай тохиолдолд шинэчлэн боловсруулах; 

3/ Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх байнгын бүтэц, тогтолцоог бий болгох;

Засгийн газрын зүгээс Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын хэрэгжилтийн байдалд хоёр жил тутам хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж Монгол Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороонд танилцуулж байхаас гадна иргэд, олон нийтийн хараат бус үнэлгээ, хяналтыг хэрэгжүүлэх нөхцлийг бүрдүүлэх шаардлагатай байна.

Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал нь дэлхий нийтийн хөгжлийн хандлагатай уялдсан, улс орны эдийн засаг, нийгмийн онцлогийг тусгасан, Монгол Улсын өмнө тулгарч буй гол сорилтуудыг даван туулах, тогтвортой хөгжлийн зорилго, хүний хөгжлийг хангахад чиглэсэн үндэсний урт хугацааны шинэ бодлого боллоо.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж