УИХ-ын дарга “Хөгжилд хүргэх зам 2016” үзэсгэлэнг сонирхов

2016 оны 4 сарын 11

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд өнөөдөр /2016.04.11/ хүнд болон хөнгөн аж үйлдвэрийн салбарт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн оролцсон “Хөгжилд хүргэх зам 2016” үзэсгэлэнг үзэж сонирхлоо. 

Аж үйлдвэрийн яам, Үндэсний аж үйлдвэрийн зөвлөл хамтран зохион байгуулж буй тус үзэсгэлэнд 60 гаруй үндэсний үйлдвэрлэгч оролцон, бүтээгдэхүүнээ дэлгэжээ. Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх, өндөр технологийн суурь аж үйлдвэрийн салбарыг шинжлэх ухааны тооцоо судалгаа, зах зээлийн эрэлт хэрэгцээнд тулгууран хөгжүүлэх зорилтыг үндэсний үйлдвэрлэгчид дэвшүүлэн ажиллаж байгаа талаар Улсын Их Хурлын даргад танилцууллаа. 

Улсын Их Хурлын дарга, Монгол орны байгаль, цаг уурын онцлогт тохируулан монгол инженерийн зохион бүтээсэн загвараар Герман, БНХАУ-ын хамтарсан үйлдвэрт тусгай захиалгаар үйлдвэрлэгддэг амортизатор болон автомашины бусад сэлбэгийг дотоодын зах зээлд нийлүүлж буй “Сэйф трэк” компанийн бүтээгдэхүүнүүдийг үзэж танилцаад, үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар ярилцав.

Мөн импортын шилэн бүтээгдэхүүнийг 100 хувь орлуулах зорилготой шил боловсруулах “Макс Шил” үйлдвэрийн бүтээгдэхүүнийг үзэж сонирхов. Плазма технологийг Монгол Улсад нэвтрүүлэх, байгальд ээлтэй технологиор төмрийн хүдрээс цэвэр ган боловсруулах үйлдвэр байгуулахаар судалгаа хийж буй “Монголын плазма технологийн үндэсний төв”-ийн хамт олон Улсын Их Хурлын даргад төслийнхөө талаар болон судалгаа, туршилтынхаа үр дүнг танилцуулж, мэдээлэл өгсөн юм. Мөн төрөл бүрийн ган, ширэм хайлуулж, автомшин хүнд машин механизмийн сэлбэг үйлдвэрлэж буй үндэсний металлургийн “Хөтөлган” үйлдвэрийн бүтээгдэхүүнүүдийг сонирхож, үйлдвэрлэл эрхлэгчидтэй ярилцав.

Кластер хөгжүүлэх хүрээнд уул уурхайн хүнд машин механизмийн сэлбэг хэрэгслийг "Хөтөлган" үйлдвэр хангах юм бол үйл ажиллагаагаа тогтмол явуулж, олон хүнийг ажлын байраар хангах бололцоотой талаар хэлж байв. Энэ үеэр “Бэрэн” групп Эрдэнэтийн төмөрлөгийн үйлдвэрлэлийн цогцолборын төслийн талаар Улсын Их Хурлын даргад танилцуулж, үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнүүд, хэтийн төлөвийн талаар ярилцлаа. 

Улсын Их Хурлын дарга “Хөгжилд хүргэх зам 2016” үзэсгэлэнд оролцсон автомашины резинэн сэлбэг хэрэгсэл, төмөр замын бетон дэрний жийрэг резин, уул уурхайн хүнд машин механизмийн резинэн эдлэл зэрэг олон нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй Резинэн эдлэлийн үйлдвэр, унадаг дугуй үйлдвэрлэж буй "Никель Ганбаа" компани, Монгол Улсад машин үйлдвэрлэлийг хөгжүүлэхээр үйл ажиллагаа явуулж буй “Эклогбус” компани, нарны зайн үйлдвэрлэл явуулж буй “Санко Соолар Монголиа” компани, нийтийн хоол, хүнсний зориулалтын тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл эрхэлж буй “Чиглэл” компани зэрэг үзэсгэлэнд оролцож буй 60 гаруй аж ахуйн нэгжийн бүтээгдэхүүнүүдийг үзэж, сонирхон, үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзаж ярилцсан юм. 

Энэ үеэр үйлдвэрлэгчид “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого” батлагдан, өндөр технологийн суурь аж үйлдвэр дээр түшиглэсэн хөгжлийн цоо шинэ загварчлал бий болгох төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагаа амжилттай эхэлж байгааг хэлж байв.

Улсын Их Хурлын дарга “Аж үйлдвэрийн яамыг шинээр байгуулсан, өнгөрсөн хугацаанд тус яам олон ажил хийснийг Та бид харж байна. 2015 онд Улсын Их Хурал “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого” болон Үйлдвэржилтийг дэмжих тухай хуулийг баталсан. Төр засгаас үндэсний үйлдвэрлэлээ дэмжин, дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжтой барааны тендер шалгаруулалтад гадаадын бараа нийлүүлэгчийг шалгаруулахыг хуулиар хориглосон. Мөн дотоодод үйлдвэрлэж буй 370 гаруй нэр төрлийн барааны гаалийн албан татварыг 5-20 хувь хүртэл нэмэгдүүлэх эрхийг Засгийн газарт олгосон. Одоо үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих бодлого дараагийн үе шат руу шилжиж байна” гэлээ. 

Үзэсгэлэнд оролцогчид төрөөс аж үйлдвэрийн салбарыг хамгаалах, дэмжих бодлого хэрэгжүүлэх шаардлагатай байгаа талаарх саналаа Улсын Их Хурлын даргад хэлж байлаа. Тухайлбал, дотоодод үйлдвэрлэж буй сэлбэг хэрэгсэл, тоног төхөөрөмжтэй ижил нэр төрлийн импортын бүтээгдэхүүний гаалийн татварыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэгчдийн хэрэглэж буй түүхий эд, угсралтын эд анги, тоног төхөөрөмжийг гаалийн татвараас чөлөөлөх эрх зүйн зохицуулалт шаардлагатай байгаа юм байна. Мөн аж үйлдвэрийг хөгжүүлэх бодлогыг үе шаттай, зөв дараалалтайгаар явуулж бүс нутгийн зах зээл рүү аж үйлдвэр, технологи, санхүү эдийн засгаар үр ашигтай нэгдэх төлөвлөлтийн ажлыг төр засгаас зохион байгуулах шаардлагатай болохыг үзэсгэлэнд оролцогчид хэлж байв. 

Улсын Их Хурлын дарга, салбарын яамнаас үйлдвэрлэлийг дэмжих асуудлыг Улсын Их Хурлаар хэлэлцүүлж, батлуулахаар ажиллаж байгааг үйлдвэрлэл эрхлэгчдэд дуулгасан юм. 

Улсын Их Хурлын даргыг дагалдан Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат болон албаны бусад хүмүүс ажиллав хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв. 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна