Чихрийн шижингээс сэргийлэх өдөрлөг зохиолоо

2016 оны 4 сарын 11

Нийслэлийн Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв өнгөрсөн амралтын өдрөөр “Иргэдэд хүрсэн ээлтэй үйлчилгээ”-г зохион байгуулж харьяа дүүргийнхээ иргэдэд эрүүл мэндийн боловсрол мэдлэг олгох, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж,  эрүүл мэндийн зөвлөгөө өгчээ. Энэ удаагийн үйлчилгээний сэдэв нь дэлхий нийтээрээ тэмдэглэж буй “Чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлье” уриа байжээ. Уг өвчний эрт үеийн илрүүлэлтийг нэмэгдүүлэх, эмнэлгийн тусламж хүртээмжийг сайжруулахын тулд хүлээгдэл чирэгдэлтэй байгаа эмнэлгийн үйлчилгээний ачааллыг багасгах, чихрийн шижингийн хяналт, эмийн захиалга, орчин үеийн эмчилгээний чиг хандлагын талаарх хэлэлцүүлэг явуулах, хүн амын дунд халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйл, халдварт бус өвчний эрт илрүүлэлтийн ач холбогдлын талаар мэдлэг, мэдээллийг түгээх, сургалт сурталчилгааг зохион байгуулах, эрүүл зөв хооллолтын талаар сурталчилгаа хийх зорилтуудыг тавьсан байна.

Баянгол дүүрэг нь 300 орчим мянган хүн амтай нийслэлийн хүн ам шигүү оршин суудаг томоохон дүүрэг юм. Сүүлийн жилүүдэд тус дүүргийн иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулахын тулд Эрүүл мэндийн төвийг өргөтгөж, шинэ тохилог байртай болгож орчин үеийн тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглосон бөгөөд Хүүхдийн бие даасан эмнэлэгтэй болсон билээ.  Сүүлийн 14 хоногийн байдлаар Баянгол Дүүргийн Эрүүл мэндийн төвөөр нийт 1000 гаруй хүн үйлчлүүлж, 118 хэвтэн хэвтэн эмчлүүлжээ. Харин Хүүхдийн эмнэлэгт 447 хүүхэд үйлчлүүлж, 298 хүүхэд хэвтэн эмчлүүлсэн байна.

Д.ЦЭЭЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна