Суултад далд санхүүжилт байхгүй гэв

2016 оны 4 сарын 11

“Монголоо аваръя” хөдөлгөөнийхөн өнгөрсөн долоо хоногоос Засгийн газрын ордны баруун талд майхантай суулт хийж эхэлсэн. Хөдөлгөөнийхний зүгээс эрх баригчдад тавьсан гурван асуултын хариултыг авахын тулд ийнхүү суулт хийж байгаа гэж тайлбарлалаа. Тухайлбал, "Монголоо аваръя хөдөлгөөн" төрийн гурван өндөрлөгт хандан асуулга хүргээд байгаа. Уг асуулгад "Ирээдүйгээ хэдэн төгрөгөөр өрөнд тавьсан бэ?", "Баялагтай Монгол үгүйрлээс гарахад хэдэн жил хэрэгтэй вэ?", "Иргэн хүн хэзээ эх орондоо эзний ёсоор амьдрах вэ?" гэсэн асуулт багтаж байгаа юм. Тэд уг асуултдаа хариулт авахыг шаардаж энэ сарын 4-нд Тусгаар тогтнолын талбайд, 5-нд Чингисийн талбайд тайван жагсаал хийсэн. Харин энэ удаад майхантай суулт зарлаж байгаа аж. Тэдний асуултын хариултаа авах эцсийн хугацаа өнөөдөр байжээ.

Улаан өнгөөр ижилсэн хувцаслаж, адил майхнуудыг эгнүүлэн тавьсан энэ удаагийн суултыг далд санхүүжилттэй гэж хардсан мэдээлэл ч цацагдах болсон. Тэгвэл энэ асуултад “Монголоо аваръя” хөдөлгөөний зохицуулагч Т.Сайнжаргал “Ямар ч далд санхүүжилт байхгүй. Үнэхээр гадуур яриад байгаа шиг их хэмжээний санхүүжилттэй бол жагсаал хийгээд явах шаардлага алга. Суулт хийх талбайн зөвшөөрлөө өөрсдөө авсан. Суултад санхүүжилт орсон. Гэхдээ иргэд, найз нөхдийн дэмжлэг л орсон. Ядаж л лоозон, самбарын хэвлэлтээ найз нөхдөөрөө хийлгэх жишээтэй. Түүнээс өөр санхүүжилт байхгүй” гэлээ.

“Монголоо аваръя” хөдөлгөөнийг байнгын дэмжигч 500 орчим иргэн байдаг, харин майхантай суултыг 1000 гаруй иргэн дэмжиж оролцож байгаа гэлээ. Дэмжигч иргэн, найз нөхөд, Төрийн бус байгууллагын тусламжаас өөрөөр ямар нэг санхүүжилт байхгүй гэлээ. 

Б.ЗАЯА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна