Х.Баттулгын компаниудад шалгалт хийв

Хуучирсан мэдээ: 2016.04.11-нд нийтлэгдсэн

Х.Баттулгын компаниудад шалгалт хийв

20.25

УИХ-ын гишүүн Х.Баттулга өнөөдөр өрнөсөн үйл явдлын талаар хэвлэлийн бага хурал хийнэ гэсэн мэдээлэл байсан ч үгүйсгэлээ. Харин УИХ дахь Ардчилсан намын бүлэг хаалттай хуралдахаар болсон гэх мэдээлэл байна.


19.50

"Баянгол" зочид буудалд байрладаг УИХ-ын гишүүн Х.Баттулгын хувь эзэмшдэг "Баялгийн хувь", "Түмэн хишигтэн" ХХК-д Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээр санхүүгийн шалгалт хийж дуусчээ. Тиймээс цагдаагийнхан болон дотор байсан хүмүүс гарч ирлээ. Х.Баттулга гишүүний туслах эмэгтэй өнөөдөр өглөө баривчилсан байна. УИХ-ын гишүүн Х.Баттулга "Төмөр замын хэрэг хувийн компани руу орж байгаад харамсаж байна"  гэж хэллээ. Тусгайгийнхан хэрэгт холбогдолтой болон зарим шаардлагатай бичиг баримтыг нөөтбүүкийн хамт авч явжээ. УИХ-ын гишүүн Х.Баттулга "Баянгол" зочид буудал эргэн орсон байна.


19.34

Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлстийнхэн  "Баянгол" зочид буудалд байрладаг "Түмэн хишигтэн", "Баялгийн хувь" ХХК-д санхүүгийн шалгалт хийж дуусчээ. Цагдаагийн албан хаагчид ирж шалгалт хийсэн хүмүүсээ гаргаж авахаар дотогш нэвтрэх гэсэн боловч "жудо" бөхийн тамирчид саад хийж, дотогш нэвтрүүлэхгүй байна гэж манай сурвалжлагч Д.Уудам мэдээллээ.


18:14

УИХ-ын гишүүн Ж.Батзандан Өргөдлийн байнгын хорооны даргын хувиар "Баянгол" зочид буудалд хүрэлцэн ирсэн бөгөөд "Цагдаагийн баривчилгаа хэрээс хэтэрч байна. Надад хууль бусаар мөрдөн байцаах ажиллагаа явуулж байна гэсэн мэдээлэл ирсэн. Аливаа мөрдөн байцаалтын ажиллагаа хууль ёсны хүрээнд явах ёстой. Би мөрдөн байцаах ажиллагаатай танилцах гэж ирлээ" гэв. Энэ мөчид Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл хийлээ.


17:47

УИХ-ын Х.Баттулгын сэжиглэгдэж буй хэрэгт холбогдуулан  "Түмэн хишигтэн", "Баялгийн хувь" ХХК-д Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс санхүүгийн шалгалт хийж байгаатай холбогдуулан Х.Баттулгын охин Б.Намуун, хүү Б.Жавхлан нь хүрэлцэн иржээ. Түүнчлэн энэ хэргийг сонссон УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар ирээд байна. "Баянгол" зочид буудлын ойролцоох цэцэрлэгт 100 гаруй цагдаагийн албан хаагч бэлэн байдалд байгаа аж. "Херо"-гийн захирал Б.Баатар дотогш орсон бөгөөд бүх хүмүүсийн газарт хэвтүүлчихсэн байна. 500 гаруй цагдаагийн албан хаагчийг хүч нэмэгдүүлэхээр нааш ирүүлж байна гэж хэллээ. "Баянгол" зочид буудлын ойролцоо "Жудо"-гийн тамирчид болоод иргэд ихээр цугласан байгаа учраас аюулгүй байдлыг хангах үүднээс 500 цагдааг хамгаалалтад гаргахаар болсон талаар цагдаагийн эх сурвалж мэдээллээ.


17.27

Цагдаагийн тусгай тасгийнхан “Баянгол” зочид буудлыг хамгаалалтандаа авч, УИХ-ын гишүүн Х.Баттулгын өрөөнд нэгжлэг хийж байна гэсэн мэдээлэлтэй холбогдуулан АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр, нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нар тус зочид буудалд ирлээ. Хотын дарга Э.Бат-Үүл энэхүү ажиллагааг "УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрхэд халдсан үйлдэл" гэж хэлсэн юм. Тэрээр дотогш нэвтрэх гэсэн боловч оруулаагүй аж. Түүнчлэн "Жудо"-гийн тамирчид тус зочид буудалд олноороо ирсэн бөгөөд тэд бүгд арын хаалгаар нь дотогш орох гэсэн боловч оруулсангүй. Түүнчлэн УИХ-ын гишүүн Г.Уянга болон эдийн засагч Х.Батсуурь, "Херо"-гийн Б.Баатар нар иржээ. Тэд юу болоод байгааг нь сайн мэдээгүйгээ хэлээд өөрсдийг нь хүрээд ир гэсэн гэх тайлбарыг өглөө. 


17:05

УИХ-ын гишүүн, Зам тээврийн сайд М.Зоригт, УИХ-ын даргын зөвлөх Г.Байгалмаа нар "Баянгол" зочид буудалд ирж, дотогш нэвтрэх гэсэн боловч цагдаагийнхан оруулсангүй. Г.Байгалмаа "Би сошиалаар мэдээлэл аваад ирлээ. МоАХ-ны нарийн бичгийн даргын хувьд энэ асуудалд анхаарлаа хандуулах ёстой" гэлээ.


16:56

Дөнгөж саяхан 68 дахь их аварга Д.Дагвадорж “Баянгол" зочид буудал иржээ. Тэрээр твийттерээс мэдээлэл аваад ирсэн гэнэ. Д.Дагвадорж болон "С1" телевизийнхэнг цагдаагийнхан зочид буудлын хойд хаалгаар дотогш нэвтрүүлээ. Авлигатай тэмцэх газрынхан болон тусгайгийнхан “Баянгол” зочид буудалд нэвтрээд 40 орчим минут болж байгаа аж.


Цагдаагийн тусгай тасгийнхан “Баянгол” зочид буудлыг хамгаалалтандаа авчээ. Тусгайгийнхан тус обьектод нэвтэрмэгцээ бүх ажилчид, албан хаагчдыг гар утсаа унтраахыг шаардсан байна.

Тусгайхан УИХ-ын гишүүн Х.Баттулгын өрөөнд нэгжлэх хийж эхэлсэн бөгөөд гадна нь таван буутай цагдаа гадагш гарах болон дотогш нэвтрэхийг хориглон, хөл хорио тогтоосон байна.

Тус зочид буудалд УИХ-ын гишүүн Х.Баттулгаас гадна Л.Эрдэнэчимэг, Д.Ганбат нарын гишүүд байгаа аж.  

АТГ, ЦЕГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн хамтарсан ажлын хэсгээс УИХ-ын гишүүн Х.Баттулгыг Сайншанд аж үйлдвэрийн паркийн төсөл болон Шинэ төмөр замын төслийг хэрэгжүүлэхдээ “бусадтай бүлэглэн их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй” гэсэн зүйл ангиар сэжиглэн шалгаж эхлээд буй юм.

Өмнө нь Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан “Монголын төмөр зам” компанийн ТУЗ-ийн дарга Б.Батзаяа болон УИХ-ын гишүүний туслахаар ажиллаж байсан Г.Түвшинжаргал болон “Натур фрэйндли” компанийн ажилтнуудыг баривчлан байцааж байсан ч батлан даалтад гаргасан билээ.

Д.УУДАМ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж