АН-ын нууц хуралдааны цаана юу болов

2016 оны 4 сарын 11

Ардчилсан намын УИХ дахь бүлэг өнгөрсөн бямба гаригт Их тэнгэрт  өргөтгөсөн хуралдаан хийсэн байна. Уг хуралдааны дараа  тус намын бүлгийн дэд дарга С.Одонтуяа хэдийгээр “эвлэрсэн” тухайгаа жиргэсэн ч үнэндээ бол Ардчилсан намынхан эвлэрэх нь байтугай Н.Алтанхуягаас эхлээд энэ бүх хагарал тэмцэлд З.Энхболдыг буруутай хэмээн хатуухан шүүмжилсэн гэсэн мэдээлэл ч улс төрийн хүрээнээс сонсогдож эхэллээ. Их тэнгэрт болсон энэхүү хуралд Ерөнхийлөгчийг оролцоно гэсэн мэдээлэл өмнө нь  цацагдсан. Гэвч, Ерөнхийлөгч  тус намын бүлгийн хуралдаанд оролцоогүй гэнэ.   Харин экс Ерөнхий сайд Н.Алтанхуяг хуралдааныг дундаас нь хаяад явжээ.

Тэгвэл АН-ын бүлэг өнөөдөр хаалттай хуралдсан бөгөөд уг хурал нэлээд ширүүхэн болсон гэж бүлгийн гишүүд нь ам алдаж сууна.  Х.Баттулга М.Зоригтыг сайдаас нь эргүүлэн татна гэдгээ илэрхийлснээс болоод тэд хоорондоо бага зэрэг тохилцсон сураг ч байна. Мөн "Ойлголцно, эвлэрэнэ гэдэг энэ үү, миний хоёр туслахыг барьсан байна. Би тэгвэл засгийг чинь огцруулна" гэж омогдсон сурагтай.  Бүлгийн хуралдааны дараа Х.Баттулга  “журмын нөхөд” буюу Л.Эрдэнэчимэг,  А.Гансүх нартайгаа өрөөндөө хаалгаа цоожлоод нэлээд удаан хуралдсан аж.

Ийнхүү Ардчилсан нам эвлэрсэн гэх мэдээлэл цацаад нэг хоноогүй шахам  байхад дахиад л бөөн хэрүүл маргаан бүлэг дээрээ үүссэн  бололтой.

 Б.БАТ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна