Өндөр хүүтэй зээлээр үйлдвэрлэл хөгжүүлэхгүй

2016 оны 4 сарын 11

“Үйлдвэрлэлийн эрх зүйн орчин, тулгамдсан асуудал” сэдвийн дор өнөөдөр хэлэлцүүлэг өрнөлөө.

Хэлэлцүүлэгт оролцогсод Монголд зээлийн хүү өндөр, хугацаа богино байгаа нь үйлдвэрлэл хөгжүүлэхэд асар их саад тотгор учруулж буйг тухай хөндлөө.

Тухайлбал, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны тэргүүн Х.Ганбаатар “Мөнгөний бодлого, зээлийн хүү, төсвийн бодлоготойгоо уялддаггүй нь бизнес эрхлэгчид маш том дарамт учруулж байна гэлээ.

Үйлдвэрлэл эрхлэгчдийн дунд хийсэн судалгаагаар нийт бизнес эрхлэгчдийн 90 орчим хувь нь жилийн 18-20 хувийн хүүтэй зээл авч бизнес эрхэлдэг болохоо мэдүүлжээ. Ийм өндөр хүүтэй зээлээр үйлдвэрлэл эрхлэх боломж хязгаарлагдмал ч нэгэнтээ авсан зээлээ цаг хугацаандаа багтаан төлөхөөс эхлүүлээд асар их бэрхшээлтэй тулдаг байна.

Иймд Монгол Улс үйлдвэрлэл хөгжүүлье гэвэл бага хүүтэй, урт хугацаат зээлийг бий болгох шаардлагатай гэнэ.

Эдийн засгийн бүтцээ авч үзвэл нийт экспортын 81 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлдэг ч төсөвт үзүүлж байгаа үр нөлөө нь дөнгөж 17 хувь аж. Өөрөөр хэлбэл, төсвийн 87 хувийг бусад салбар болох барилга, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар бүрдүүлдэг байна.

Дэлхийн банкнаас энэ онд Монголын эдийн засгийн өсөлт 1 хувь байна гэсэн урьдчилсан прогноз гаргасан учраас, ийм нөхцөлд Монголбанк бодлогын хүүгээ бууруулж, бизнес эрхлэгчид олгох зээлийн хүүг бууруулах ёстойг ч Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны тэргүүн мэдэгдлээ. Монголбанкны бодлогын хүү 12 хувь байгаа бөгөөд 50 хувь бууруулах шаардлагатай гэнэ.

Бизнес эрхлэхэд тулгарч байгаа хоёр дахь проблем нь валютын ханшийн өсөлт аж. Хэрвээ Монгол Улс Оюутолгойгоос олборлосон алтаа төв банкаар дамжуулаад экспортод гаргасан бол өдийд “ногоон” 2050 төгрөгтэй тэнцэж бизнес эрхлэгчдийн ажилд ачаа нэмэхгүй байсан гэдгийг оролцогчид хөндлөө.

Монголд хөнгөн үйлдвэрийн салбар хөгжих үү?

Хятад хэмээх аварга том зах зээлийн дэргэд байгаа Монгол Улс жилийн 18-20 хувийн хүүтэй зээлээр хөнгөн үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлнэ гэвэл лөөлөө гэнэ.

Унгар, Франц зэрэг Европын орнууд хөнгөн үйлдвэрлэлийн салбар луу оролгүй өнөөдөрт хүргэсэн нь Хятадын хөнгөн үйлдвэрүүдтэй өрсөлдөх боломжгүй, даруулж ирсэн тухай Н.Даш-Өлзий хөндсөн юм.

Монголд 25 жилийн хугацаанд хөнгөн үйлдвэрлэлийн салбар хөгжөөгүй нь ч үүнтэй холбоотой аж. Хэдийгээр бусад орнуудтай харьцуулахад малынх нь түүхий эд бэлэн, дотоодоосоо бэлтгэх боломжтой ч зах зээлийг нь нээж өгч чадаагүй цагт сайхан мөрөөдөл, сайхан төсөлтэй үлдэнэ. Учир нь Хятадын хөнгөн үйлдвэрүүд Монголд үйлдвэрлэснээс хямд өртгөөр цамц үйлдвэрлэдэг. Түүнийг нь наймаачид нь авчираад зарчихдаг. Иймээс эхлээд зах зээлийг бий болгоход төр зайлшгүй оролцох шаардлагатай бөгөөд улс орнуудтай чөлөөт худалдааны хэлэлцээрийг байгуулах нь чухал байгаа тухай сануулсан юм. Тухайлбал, ОХУ-руу ноос, ноолууран бүтээгдэхүүн гаргая гэхэд татвар нь 34 хувь учраас ижил төрлийн бүтээгдэхүүнтэй өрсөлдөх чадваргүй болгодог байна.

Хоёрт анхаарах зүйл нь хувийн хэвшлийг хамгаалах хуулийг даруй санаачлах.

Гуравт арилжааны банкуудын зээлийн хүүг бууруулахад анхаарах. Ингэхгүй бол өнөөдрийн арилжааны банкуудын зээлийн хүү өндөр, хугацаа богино. Зээл авсан нь өрөнд унадаг. Гадаадын банк оруулж ирье гэхээр Банкуудын холбоо нь хуралдаад хаалт тавьдаг. Гэтэл жилийн 18-20 хувийн хүүтэй зээлээр Монголд үйлдвэрлэл хөгжүүлнэ гэдэг сайхан үлгэр болж, мөн Монголын эдийн засгийг ч хөгжүүлэх боломжгүй учраас үүнд төр анхаарах шаардлагатай гэнэ.

Тэрээр хоёр жилийн өмнө нүүрснээс шингэн түлш гаргах төсөл бичин Эдийн засгийн хөгжлийн яамнаас зарласан 888-д шалгарсан ч арилжааны банкинд ирээд бүдэрчээ.

10 сая ам.долларын зээлийг 5-10 жилийн хугацаатай авах саналыг нь банк хараад толгой сэгсэрч, үүнээс болж зээл авч чадаагүй, үйлдвэр барих санаа нь ч замхарчээ.

Хэлэлцүүлгийг УИХ дахь МАН-ын бүлэг, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, арьс шир, ноос, ноолуурын мэргэжлийн холбоод хамтран зохион байгууллаа.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна