Жон Керри уучлал гуйсангүй

2016 оны 4 сарын 11

 

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри АНУ Японы Хирошима хотод атомын бөмбөг хаяснаас хойш 70 гаруй жилийн дараа айлчилсан АНУ-ын Засгийн газрын анхны төлөөлөгч болж байна. Гэвч АНУ энэ үйлдлийнхээ төлөө уучлал гуйхгүй гэдэг нь тодорхой болжээ.

 

Жон Керри өнөөдөр тэртээх 1945 оны наймдугаар сарын 6-ны өдөр Хирошима хотын атомын бөмбөгдөлтөд амиа алдсан 14,000 хүний дурсгалын цогцолборт зочилж хүндэтгэл үзүүлсэн байна.

 

Жон Керритэй хамт Канад, Франц, Герман, Итали зэрэг их долоогийн гадаад харилцааны сайд нар Японд айлчилж байгаа нь ирэх тавдугаар сард Японы Кашико арал дээр болох их долоогийн дээд хэмжээний уулзалтад Барак Обама гэнэтийн айлчлал хийж магадгүй гэсэн таамаг төрүүлж байна.

 

Жон Керригийн айлчлалын өмнө Цагаан ордны төлөөлөгч мэдэгдэл хийхдээ  “Хэрэв та бүхэн Хирошима дах айлчлалын үеэр АНУ уучлал гуйх уу  гэж асуух гэж байгаа бол хариулт нь үгүй” гэсэн юм.

 

Харин АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга атомын бөмбөг унасан газраас хэдэн алхмын зайд зогсоод амь үрэгдэгсдийн дурсгалд цэцэг өргөжээ.

 

Жонн Керри энэ үеэр үг хэлээгүй боловч дурсгалын музейн дэвтэрт “Энэ дэлхийн хүн болгон энэхүү дурсгалын цогцолборыг заавал ирж үзэх хэрэгтэй. Энэ бол цөмийн зэвсгийн аюулыг зогсоох хариуцлагыг сануулахаас гадна цөмийн дайнаас сэргийлэхэд бүгд үүрэг хүлээх ёстойг харуулж байна”  гэж бичжээ.

 

Уг дурсгалын цогцолборт АНУ-ын нэг ч ерөнхийлөгч очоогүй бөгөөд 65 жилийн дараа л АНУ-ын элчин сайд дурсгалын цогцолборт очиж байсан юм.

 

Америкчуудын дийлэнх нь 1945 оны наймдугаар сарын 6-нд Хирошима, түүнээс гурав хоногийн дараа Нагасаки хотын дээрээс цөмийн бөмбөг хаясан  үйл явдал дайныг хурдан дуусгахад цэг тавьсан гэж итгэдэг. Харин атомын бөмбөгдөлтөд амь үрэгдсэн Япончуудын үр хүүхдүүд АНУ-ын эрх баригчдаас нэг ч атугай хүнийг Хирошимад авчирч, цөмийн гамшгийн авчирсан аймшигтай шарх одоо ч аниагүй гэдгийг харуулах гэж өнгөрсөн хугацаанд олон удаа кампанит ажил явуулсан ч бүтээгүй юм.

 

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна