ЭЕШ-д сонсгол шалгах даалгавар нэмэгджээ

2016 оны 4 сарын 12

2016 оны Элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/ өмнөх жилүүдийнхээс илүү онцлогтой болох гэнэ. Энэ талаар Боловсролын үнэлгээний төвийн хэвлэл мэдээлэл, олон нийт хариуцсан мэргэжилтэн З.Цолмончимэгтэй ярилцлаа.

-ЭЕШ-ын тов гарсан уу. Элсэгчдийн бүртгэл хэдэн хувьтай байна вэ?

-Улсын хэмжээнд ЭЕШ явуулах тов гарсан байгаа. ЭЕШ зургадугаар 15-19-ний өдрүүдэд орон даяар явагдана. Мөн энэ жилийн ЭЕШ-ын бүртгэл дуусах дөхөж  байна. Өнөөдрөөс хойш  14 хоногтоо багтан бүртгүүлэх ёстой.  Бүртгэл  өнгөрсөн  хоёрдугаар сарын 15-ны өдрийн 9 цагаас эхэлсэн бөгөөд энэ сарын 25-ны өдөр 18 цагт дуусна. Одоогийн байдлаар элсэгчдийн 70 хувь нь буюу 30 гаруй мянган элсэгч бүртгүүлээд байна.

-30 мянга гаруй элсэгч бүртгүүлсэн гэлээ. Энэ жил хэчнээн элсэгч ЭЕШ өгөх төлөвтэй байна вэ?

-Улсын хэмжээнд 12 дугаар ангийг 36 мянга орчим хүүхэд төгсөнө. Мөн өнгөрсөн жилийн 4-5 мянган хүүхэд шалгалт өгнө гэж тооцоолохоор нийт 40 мянга орчим хүүхэд шалгалт өгөх төлөвтэй байна.

-Өнгөрсөн жилээс монгол хэл бичгийн шалгалтын босго оноог 400 болгосон. Энэ жилийн ЭЕШ-ын онцлог юу вэ?

-Энэ жилийн ЭЕШ өмнөх жилүүдийнхээс өөрчлөгдсөн. Боловсролын үнэлгээний төвөөс монгол хэл бичгийн шалгалтыг гурав дахь жилдээ зохион байгуулж байна. Эхний жил энэ шалгалтыг өгөхөд ямар нэг босго оноогүй, туршилтын журмаар явуулсан. Өнгөрсөн жилээс 400 онооны босго тогтоосон бөгөөд гурав, дөрөвдүгээр сард хоёр удаа авсан. Харин энэ жилийн монгол хэл бичгийн шалгалтыг ганцхан удаа авна. Зургадугаар сарын 15-ны өдөр ЭЕШ-ын эхний өдөр монгол хэлний шалгалт авахаар товлосон. Өнгөрсөн жил монгол хэл бичгийн шалгалт өгөөд босго оноо давахгүй тохиолдолд ЭЕШ-д орохгүй байсан. Харин энэ жилээс өөрчлөгдөөд зургадугаар сарын 18,19-ний өдрүүдэд бусад хичээлийн шалгалтаа өгч болно. Гэхдээ 7 дугаар сарын нэгнээс 5-ны хооронд дүн оноо гараад, батламж хуудас тараагдахад монгол хэл бичгийн  оноо 400 оноо хүрэхгүй бол тухайн хүүхэд сургуульд элсэх боломжгүй болно.

-Тэгэхээр монгол хэл бичгийн шалгалтаа өгөөд батламж авна гэсэн үг үү?

-Тийм ээ. Өмнө нь монгол хэл бичгийн шалгалтын хувьд батламж хуудас гэж байдаггүй байсан. Энэ жилээс манай байгууллагаас 2.5 жилийн хугацаатай батламж хуудас өгнө. Элсэгчид маань  7дугаар сарын  нэгнээс 5-ны хооронд монгол хэл бичгийн шалгалтын батламж, ЭЕШ-ын батламж гэсэн хоёр батламж авна гэж ойлгож болно.

-ЭЕШ-д өөр шинээр нэмэгдсэн зүйл бий юу?

-Монгол, Англи, Орос хэлний хичээлүүдэд сонсгол шалгах даалгаврууд шинээр нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор шалгалтын байруудад сонсох төхөөрөмж  байрлуулна. Мөн Олон улсад ашиглаж буй шалгалтын материал засагч машиныг энэ жилээс ашиглах болно. Өмнө нь шалгалтын хуудсаа цэнхэр буюу хар үзгэн балаар бөглөдөг байсан бол энэ жилээс балын харандаагаар бөглөхийг сануулж байна.

-Хүүхдүүд ЭЕШ-д орохдоо хичээл сонголтоо буруу хийх тохиолдол их байдаг. Элсэгчид юуг анхаарах хэрэгтэй вэ?

-Хүүхдүүд бүртгүүлэхдээ хичээл сонголтондоо анхаарах хэрэгтэй. Манайх бүртгэлийн явцад хичээл хасдаггүй, нэмдэг. Сонгосон хичээлээ нэмэхийн тулд бүртгүүлсэн бүртгэлийн хуудсаа хэвлэж авсан байхын дээр  өргөдөл бөглөж, Голомт банкны 1105038452 тоот дансанд мөнгөө тушаана. Ингэснээр манай мэргэжилтнүүд шалгалт өгөх хичээлийг нэмэх боломжтой.

-Шалгалт авах байр тодорхой болсон уу?

-Ирэх сарын 15-наас хойш хүүхдүүд бүртгэлийн дугаар, нууц үгээрээ нэвтэрч суудлынхаа хуваарийг хэвлэж авна. Тэр үед л шалгалт авах байрууд тодорхой болох байх.

-ЭЕШ өгөх гэж буй хүүхдүүдэд хандаж юу хэлэх вэ?

 -Шалгалт өгөх өдрөө бүртгэлийн хуудас, суудлын хуваарьтай, бүрэн дунд боловсролын гэрчилгээ, иргэний үнэмлэх эх хувиар нь авч очих шаардлагатай. Аль нэг нь байхгүй бол шалгалтад оруулдаггүй. Хамгийн чухал нь цагаасаа хоцорч болохгүй. Мөн шалгалтад гар утас нууцаар авч орох гэж оролддог. Тиймээс манай байгууллага өнгөрсөн жилээс металь илрүүлэгч ажиллуулж эхэлсэн.

А.Цээсүрэн

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна