Тэд бусдын адил зугаалахыг хүсдэг

2016 оны 4 сарын 12

Монголд сэтгэлийнхээ нүдээр амьдралыг тольдож яваа цөөнгүй хүмүүс байдаг нь  хараагүй болон харааны бэрхшээлтэй иргэд юм.  Хараагүй иргэдийн талаар нарийвчилсан статистик тоо баримт байдаггүй  ч улсын хэмжээнд 10 гаруй мянган иргэн харааны бэрхшээлтэй байдаг ажээ. Тэдний  2000 орчим нь Улаанбаатар хотод, үлдэх хэсэг нь 21 аймагт амьдардаг  байна. Хөдөлмөрийн насны нийт хараагүй иргэдийн дөнгөж хоёр хувь нь буюу Улаанбаатар хотод тогтвортойгоор хөдөлмөр эрхэлж байгаа бөгөөд 98 хувь нь таарч тохирох ажлын байр байхгүйгээс  ажил, хөдөлмөр эрхэлдэггүй, халамжийн тэтгэвэрээр л аж төрдөг гэсэн мэдээлэл бий. Эндээс харвал олонх хараагүйчүүд  орлогын эх үүсвэргүй, амьдралын нэн ядуу түвшинд амьдарч байна.  Хөгжлийн бэрхшээл дээрээс амьдралын бэрхшээл, эрүүл хүмүүсийн хандлага бүхнээс илүү  бэрхшээл учруулдгийг хараагүйчүүд онцолж байна.  Тэднийг ойлгох ухаан тун дутмаг байгааг тэдэнд зориулсан явган хүний замаас л харж болох ажээ.  Зураг дээрээс та харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан замын тэг голд нь гэрлийн шон босгосныг харж байна. Хэдийгээр таягаараа тэмтрээд тойрч болох ч зориулалтын замыг зориулалт бусаар барьж байгуулсан компани аж ахуйн нэгжийнхэнд сэтгэл дутсаныг илтгэж байна. Энэ мэт жишээ олон бий. 

                              

    Хараагүйчүүдэд ээлтэй орчин

Хан-Уул дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах цайвар ягаан өнгөтэй, хоёр давхар байшинд  Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо байрладаг. Зэрвэс харахад нилээд хуучны барилга боловч доторх тохижилт нь орчин үеийнх төдийгүй хараагүй хүмүүст ээлтэй орчинг бүрдүүлж чаджээ.  Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны хажууд  Хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалтын үйлдвэр  байрладаг.  Гаднаасаа царай муутай хуучны  хоёр давхар байшинд ороход хотын бусад барилга байшингаас нэг л өөр орчин угтсан юм.  Хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалтын үйлдвэрийн ажилчид, тэнд  суралцагчид “Бид үйлдвэртээ л  ямар ч айдасгүй ордог. Гадуур явахад үнэхээр түгшүүртэй” гэсээр угтсан юм. Хараагүй хүмүүст зориулсан шал, шат нь бусдаас содон. Шатны эхлэл болон төгсгөлд тусгай зориулалтын плита наасан байх бөгөөд  хаалга, ханандаа олон янзын бариул хаджээ. Мөн хаалганууд нь голчон гүйдэг хаалга байх юм.

 

(Энэ зам, шат нь хараагүй иргэдийн хувьд хамгийн аюулгүй орчин )


(Хамгийн аюулгүй явж чаддаг гаднах орчны зам)

 

Хараагүйчүүдэд ээлгүй Улаанбаатар

Сурвалжлагын эхэнд хараагүй хүмүүст зориулсан зам дээр гэрлийн шон барьчихсан тухай өгүүлсэн. Тэгвэл хараагүй хүн тэмтрэх ч аргагүй асфальтан зам нийслэлд олон ажээ. Явган хүний замын голд траншейн байрлуулснаас гадна зам дагуу автомашины зогсоолууд ойр ойрхон байрлуулсан нь хараагүй хүмүүст хичнээн төвөг уддагийг эрүүл саруул хүмүүс огт мэддэггүй ажээ. Хараагүйчүүдэд хамгийн ээлгүй хот нь магад манай Улаанбаатар ч байж мэднэ. Харааны бэрхшээл ямар хэцүү болохыг мэдье гэвэл та нүдээ боогоод замаар гарах гээд үзээрэй гэж ээжийгээ хөтөлсөн бяцхан хүү надад зөвлөсөн ч хэрэгжүүүлж чадахааргүй хэцүү даалгавар байсан юм. Хүүгийн даалгаврыг биелүүлж чадаагүй ч хараагүй хүмүүст хамгаас илүүү төвөг учруулдаг зам талбайн зургийг доор нийтэллээ. Холбогдох албаныхан анхааралдаа авч, алдааг засвал миний хувьд хүү, ээж хоёрт хүргэх хамгийн том тус тэр болох биз ээ.

(Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн хойд талд)

(Хэлмэгдүүлэлтийн музейн хажууд талд)

(Улсын дээд шүүхийн урд)

 

                           Ирж мөргөчихөөд “Таягаараа мэдэрдэггүй юм уу” гэж загнадаг

Үйлдвэрийн гадаа ярилцан, хөхрөлдөх  хараагүй иргэдтэй уулзаж, хэсэг ярилцлаа. Тэдний зургийг дарсан ч  тэд зураг хөргөө нийтлүүлэхийг хүсээгүйн дээр овог, нэрээ ч нууцалсан юм. Хараагүй иргэдийн  сонсголын мэдрэмж гойд хөгжсөн нь  зургийн аппаратны чимээг -гайхалтай таньснаас мэдэгдэж байлаа. 

-Гадуур гарахад хамгийн хүндрэлтэй асуудал юу байдаг вэ?

-Бид гудамжаар үргэлж айдастай явдаг. Хаашаа ч явсан  хүн дагуулах боломж тэр бүр байхгүй. Талх сүүгээ бусдын гар харалгүй авчихдаг болоосой гэж боддог. Гэтэл биднийг гэх хүмүүс байдаггүй.  Гудамжаар явж байхад өөрсдөө ирж  мөргөчихөөд “Таягаараа сайн мэдэрч яваач” гэж загнах хүн ч таардаг. Ер нь нэг л их уурласан хүмүүс  байдаг юм. Тийм болохоор үргэлж л болгоомжлол, айдас,  зовиуртай явдаг даа.

-Өвлийн улиралд бүр хэцүү биз дээ. Хараагүй хүмүүст зориулсан, стандартад нийцсэн зам  хаана байдаг вэ?

-Өвлийн улиралд хальтирч унах, бэртэж гэмтэх аюултай тул гэрээс бараг гардаггүй.  Сүүлийн үед нийслэлд маш олон зам шинээр барьж, байгуулсан. Гэвч бариад байгаа шинэ зам дагуу бидэнд ээлтэй явган зам барвсан тохиолдол байхгүй. Зам  хэзээ ч таалагдаж байгаагүй. Биднийг аюулгүй, амар тайван байлгахад хэзээ анхаарах бол гэж л бодох юм. Хамгийн аюулгүй зам бол  Хараагүйчүүдийн үндэсний холбооны гаднах зам,  доторх шатнууд. Бусад газраар явахдаа үргэлжийн сэтгэл түгшдэг болохоор онцын шаардлагагүй бол гадуур явдаггүй. Гэвч урин цаг ирж, шувууд шулганаад эхлэхээр бусдын л нэг адил гадуур гарч, агаар салхи амьсгалахыг, эрүүл хүмүүс зугаалахыг хүсдэг гэлээ.

Я.Төмөр-Очир

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна