Хуучин нь шинээ чирнэ

2016 оны 4 сарын 12

“Сонгууль-2016” тулааны өнгийг тойргоор нь долоо хоног бүр тоймлон мэдээлж буй. Энэ удаад УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрог буюу Хан-Уул, Багахангай, Багануур дүүрэгт хэн, хэн нэр дэвшихээр бэлтгэл хангаж байгааг тоймлолоо.

Монголын улс төрийн голлох хоёр хүчин болох Ардчилсан нам, МАН дээрх тойрогт хүмүүсээ нэр дэвшүүлэхдээ хуучин кадруудыгаа шинэ хүнтэй хөтлөлцүүлэх бодлого барих шинжтэй байна. Сонгуулийн мөчлөгийг нь харвал Ардчилсан нам, МАН харилцан ялж, ялагдаж иржээ. Одоо тус тойргийг төлөөлөн УИХ-д Л.Болд, Ц.Оюунгэрэл нар сууж байна.

 

Ардчилсан нам

Эрх баригч хүчин энэ тойрогт УИХ-ын гишүүн Л.Болд, УИХ-ын даргын орон тооны бус зөвлөх Г.Байгалмаа нарыг сойх чимээ байна. Л.Болд гишүүний хувьд гурав дахь удаагаа даагаа нэхэхээр зэхэж буй нь энэ. 2008 оны УИХ-ын сонгуулиас эхэлж Хан-Уул дүүрэгт өрсөлдөхөд сонгогчид итгэл хүлээлгэн хоёр ч шатны сонгуулийн ялалтыг атгуулсан. Энэ хугацаанд Батлан хамгаалахын сайд, Гадаад харилцааны сайд зэрэг хариуцлагатай албуудыг хашсан. Мөн Монгол Улсын шинэ цагийн Үндсэн хуулийг батлалцсан хууль тогтоогчийн нэг төдийгүй 1990 оны ардчилсан хувьсгалыг эхлүүлэхэд оюутнуудыг “хөдөлгөн” тэмцэж байсан улстөрч.

2012 оны УИХ-ын сонгуульд Ц.Оюунгэрэл гишүүнтэй хамт нэр дэвшин ялалт байгуулж байсан ч энэ удаа нам нь портнёрыг нь солихоор шийдсэн бололтой, УИХ-ын даргын орон тооны бус зөвлөх Г.Байгалмааг нэр дэвшүүлэхээр бэлтгэл хангаж эхэлсэн гэх мэдээлэл байна.

Г.Байгалмаа зөвлөхийн хувьд МоАХ-ны нарийн бичгийн даргын алба давхар хашдаг. УИХ-ын гишүүн Х.Баттулгын гарын хүн. Шинэчлэлийн Засгийн газрын үед Барилга хот байгуулалтын яамны дэд сайдын алба хашиж, Шийдлийн Засгийн газрын үед мөн энэ албаа үргэлжлүүлсэн ч цомхотголоор өнгөрсөн жил чөлөөлөгдсөн. Шинэ он гарсны дараахан УИХ-ын дарга З.Энхболдын Ипотек, барилгын салбар хариуцсан орон тооны бус зөвлөх болсон. Үе, үехэн ипотекийн таван хувийн зээлтэй холбоотой мэдээллийг хийдэг нь Барилга хот байгуулалтын сайд хэн билээ гэх эргэлзээнд олон нийтийг оруулах нь бий.

УИХ Сонгуулийн хууль өөрчлөлт оруулж мэдэхээр байгаа. Тодруулбал, Ш.Түвдэндорж гишүүний өргөн мэдүүлсэн Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталбал нийслэлийн мандатын тоо зургаагаар нэмэгдэх юм. Энэ тохиолдолд 21 дүгээр тойргийн мандатын тоо нэгээр нэмэгдэж, дахин нэг нэр дэвшигчийг сойх боломжтой болно. Тэр нь хэн байх вэ?. Тойргийнхных нь зүгээс УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэлийг дахиад нэр дэвшихийг нь хүлээж байгаа ч нам нь “виз” олгох уу гэдэг эргэлзээтэй аж.

Хоёр эмэгтэйг нэг тойрог руу илгээх нь эрсдэлтэй хэмээн болгоомжилж буй гэх яриа байгаа ч өөр шалтгаан бас бий бололтой. Хэдийгээр тойрог эмэгтэй хүнд хатуу “тоглоом” ч намаасаа өгсөн итгэлийг тэрээр дааж, 2012 оны УИХ-ын сонгуульд ялалт байгуулсан дайчин улстөрч. 2016 оны УИХ-ын сонгуульд дахиад өрсөлдөх эрч хүч дүүрэн ч нам дотор нь дээрх тойргийг тойглогчид олон бий нь, виз олдоход амаргүй байх бололтой. Дээр нь МоАХ фракцад харьяалагдахаа байж, Х.Баттулга гишүүнтэй үзэл бодол таарахаа больсон нь тойроггүй болоход хүрсэн гэх “жиг жуг” ч нисэж байна. Гэхдээ Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны шийдвэр, мөн нэр дэвшигчийн судалгаа зэргийг намаас нь хийгээд ирэхээр Ц.Оюунгэрэл гишүүнд хуучин тойрогтоо өрсөлдөх “виз” олдохыг хэн байг гэх вэ. Тэр бол нам дотроо жин дарах улстөрчийн нэг юм.

МАН

Сүүлийн жилүүдийн таван ч шатны сонгуульд нийслэлд ялагдан цөөнх болсон МАН энэ алдаагаа 2016 оны УИХ-ын сонгуульд давтахгүйн тулд хуучин кадруудаа дүүрэгт сойх тактик барина гэх яриа батлагдаж эхлэв.

2012 оны УИХ-ын сонгуульд намын нэрсийн жагсаалтад бичигдэн парламентад сонгогдсон Ц.Нямдорж гишүүн, Б.Сарангэрэл гишүүнийг дагуулаад Хан-Уул дүүрэгт зүтгэх нь. Ц.Нямдорж гишүүний хувьд УИХ дахь МАН-ын бүлэгтээ төдийгүй УИХ-даа “архаг” хуульч. Улс төрийн хүрээнийхэн түүнийг парламентад байх ёстой хуульчийн нэг хэмээн үнэлдэг. Гэхдээ УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуу, О.Баасанхүү нарын гишүүд “Олон жил парламентад суусан егзэрүүд одоо зодог тайлах цаг нь болсон. Залуустаа зайгаа тавьж өгөх хэрэгтэй” хэмээн Ц.Нямдорж гишүүний нэрийг дурддаг ч “Та нар намайг зайлуулахгүй” гэх хатуухан үгээр хариу барих нь бий.

УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрог Ц.Нямдорж гишүүний хувьд шинэ биш аж. Одоогоос 24 жилийн өмнө буюу 1992 онд тус тойргоос УИХ-д сонгогдож байжээ. Нэг үгээр хэлбэл, хуучин буйран дээрээ дахин нэр дэвших нь хэмээн тодорхойлж болно.

Ц.Сарангэрэл гишүүний хувьд У.Хүрэлсүх УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ татгалзах шийдвэрийг гаргаснаар намын нэрсийн жагсаалтад бичигдсэн эрэмбээрээ УИХ-д орж ирсэн юм.

Гэхдээ энд нэг зүйл анхаарал татаж байгаа нь хоёр нам тойргуудаа гүнзгий судалж буй бололтой. Эмэгтэй нэр дэвшигчийн эсрэг эмэгтэйг нь зүтгүүлдэг хуучин технологио аль, аль нам нь давтах шинжтэй байна. 1992 оны УИХ-ын сонгуулиас хойш ийм арга барилыг барьж явснаас шийдвэр гаргах төвшинд эмэгтэйчүүдийн оролцоо сул байж ирснийг сануулах ёстой болов уу.

Мандатын тоо нэгээр нэмэгдвэл МАН-аас тус тойрогт нэр дэвшихээр ээлжээ хүлээгчид олон аж. “Мишээл” группийн ерөнхий захирал Б.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн асан Д.Загджав нар санаатай байгаа чимээ дуулдана.

Энэ удаагийн сонгуульд МАН, МАХН-тай эвсэж орох уу гэдэг шийдэгдээгүй байгаа. Хэрвээ тусдаа орох болбол Монгол Улсын хүний гавьяат эмч Л.Жамбалжав МАХН-аас нэр дэвших магадлалтай аж. Тэрээр 2012 оны УИХ-ын сонгуульд тус тойрогт өрсөлдсөн ч МАН-аас нэр дэвшин өрсөлдсөн Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Б.Лхагважав, УИХ-ын гишүүн асан Д.Загджав нартай үзэлцсээр саналынх нь тоог хуваалцаж, “шавар” хаасан гэх нь бий.

УИХ-д сонгогдсон түшээд хэн бэ?

2012 онд

  • Л.Болд, Ц.Оюунгэрэл /АН/

2008 онд

  • Л.Болд/АН/, Д.Загджав /МАХН/

2004 онд

  • С.Отгонбаяр/Эх орон ардчилал эвсэл/, Д.Идэвхитэн, Н.Барятсайхан /МАХН/

2000 онд

  • Б.Баттулга, Д.Цэвээнжав, Л.Дашцэдэв/МАХН/

1996 онд

  • Т.Эрдэнэбилэг, М.Чимэдцэрэн/Ах эвсэл/, Ш.Батбаяр/МАХН/

1992 онд

  • Ц.Нямдорж, С.Чулуунбаатар

Г.ДАРЬ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна