АН-ын ҮЗХ хуралдах уу?

2016 оны 4 сарын 12

Өнгөрөгч бямба гаригт Ардчилсан намын бүлэг Их тэнгэрт өргөтгөсөн хуралдаан хийсэн бөгөөд үүсээд буй асуудлаар  зөвшилцөлд  хүрч, эвлэрсэн тухайгаа жиргэсэн С.Одонтуяа, М.Батчимэг нарын жиргээ  “ацаг шүдний зөрөө”-гүй адилхан байснаас харахад эрх баригчид ийм мессеж тараахыг илэрхий хичээж байгаа нь тодорхой байна. Энэхүү өргөтгөсөн хурлаар АН-ын фракциудын тэргүүнүүд цөмөөрөө оролцсон ч, С.Одонтуяагийн жиргэсэнчлэн эвлэрсэн гэж хэлэхэд бас чиг  төвөгтэй. Бүтэн дөрвөн жил тамираа тасартал “зодолдож” буй АН-ынхан ганц үдэш цуглараад  “тосоо гартал тэврэлдсэн” гэж  итгэхэд бас учир дутагдал байна.  Олзуурхууштай нь, эрх баригчид  ингээд ч болтугай асуудлаа ярья, эвлэрье гэсэн оролдлого гаргаж байгаа нь яамай даа.

Ордноос гарч, олны нүднээс далд хуралдсан  АН-ынхан Үндэсний зөвлөлдөх хороо /ҮЗХ/-ны хурлаа энэ сарын 16-нд хийхээр тогтжээ. ҮЗХ-ны хурлаар 2016 оны Мөрийн хөтөлбөрөө хэлэлцэн батлахаас гадна УИХ-ын сонгуульд  яаж оролцохоо АН-ынхан ярилцан шийдэхээр төлөвлөөд байгаа аж. Гэхдээ ирэх бямба гаригт ҮЗХ-ны хурлаа хийхээр товлосон З.Энхболдын энэ удаагийн “урилгыг” Ардчилсан намынхан ахиад “бойкотолчихгүй” бол шүү дээ.

ҮЗХ-ны хурлаа хийж, намаа зангидаж чадах уу, үгүй юү гэдэг нь З.Энхболдоос, цэвэр өөрөөс нь шалтгаалах асуудал болж байна. Өнгөрсөн удаад АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр нь  "ҮЗХ-ны хурлаас илүү Засгийн асуудал чухал байна” гэдэг үгээр “алдаагаа” халхавчилсан бол энэ удаад  тэдэнд хэлэх шалтгаан олоход хэцүү.

Ингэж хэлэх шалтгаан нь энэ оны эхээр буюу нэгдүгээр сарын 20-нд Ардчилсан намын дарга З.Энхболд ҮЗХ-гоо хуралдуулахаар товлосон ч амжилт олоогүй.  Төрийн ордонд бүтэн нэг цаг  З.Энхболд, Л.Эрхэмбаяр нар намын нөхдөө “утсаа маажсан” шигээ хүлээсэн ч өнөөдүүл нь ирэх нь байтугай утсаа ч аваагүй гэдэг.

ҮЗХ-ны 228 гишүүдээс дөнгөж тавны нэг нь  хуралдаа оролцохоор ирснийг эс тооцвол З.Энхболдын урилгыг “Шонхор” болон МоАХ-наас бусад фракциуд нь хүлээж аваагүй билээ. Ядахнаа л намынх нь Ерөнхий сайд ҮЗХ-ны хуралдаа хүрч ирээгүйг энэ удаа З.Энхболд бодолцсон биз.

Ардчилсан намын дарга болсноос хойш анх удаа тэрбээр ҮЗХ-гоо хуралдуулахаар товлосон ч гишүүдийн ирц хүрээгүйн улмаас хойшлуулахаас өөр аргагүйд хүрсэн,  энэ удаад товлосон цагтаа хурлаа хийхгүй бол З.Энхболдын  нэрд муу. Өөрөөр хэлбэл, АН-ынхан түүнийг намын даргаа гэж хүлээн зөвшөөрөхгүй байна гэсэн үг. Тиймээс З.Энхболдын хувьд ҮЗХ-ны хурлаа хуралдуулж чадах эсэх нь хамгаас чухал асуудал болсон гэж хэлж болно.  ҮЗХ-ны хурлаа хийж, намаа зангидаж чадах уу, үгүй юү гэдэг нь З.Энхболдоос, цэвэр өөрөөс нь шалтгаалах асуудал болж байна. Өнгөрсөн удаад АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Л.Эрхэмбаяр нь  "ҮЗХ-ны хурлаас илүү Засгийн асуудал чухал байна” гэдэг үгээр “алдаагаа” халхавчилсан бол энэ удаад  тэдэнд хэлэх шалтгаан олоход хэцүү.

 ҮЗХ-ны хурал нэлээд халуухан болж магадгүй гэсэн яриа ч АН-ынхан дунд яригдаж байна. Ялангуяа энэ хурлаар АН-ынхан Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяраа жинхэлэх эсэх асуудлыг хэлэлцэхээр бэлтгэж байгаа гэсэн мэдээлэл ч бий.

Юутай ч АН-ын даргын хувьд ҮЗХ-ны хурлаар ямар асуудлыг хэлэлцэхээс илүү ҮЗХ-ны хурлаа товлосон цагтаа ямар ч аргаар хамаагүй хуралдуулахаас өөр аргагүй гэсэн үг.  Тэрбээр сонгуульд намаа зангидаж чадах эсэх нь  дөрөвдүгээр сарын 16-нд товлосон ҮЗХ-ны хурлаас шалтгаалах болно гээд  хэлчихэд гэмгүй биз.

 Б.ХОНГОР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна