Шатахууны үнэ буурсан уу?

2016 оны 4 сарын 12

- “Мон суль”, “Петрожамп”, “Тес петролиум” компаниуд шатахуунаа 100 хүртэлх төгрөгөөр хямдруулжээ-


Одоогоос хагас сар гаруйн өмнө Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас /ШӨХТГ/ Улаанбаатар хот болон нийслэлийн ойр орчимд шатахууны үнийг бууруулах бүрэн боломжтой хэмээн тайлбарласан. Эхний ээлжинд шатахуун импортлогчдод хандан шатахууны үнээ 100 төгрөгөөр бууруулахыг ШӨХТГ-аас уриалсан. Уриалгыг эс хүлээн авбал дараагийн арга хэмжээ авна гэж Д.Мөнхтөр дарга тухайн үед /2016.03.24/ мэдэгдсэн юм. Түүнээс хойш  шатахууны үнэд багахан ч гэсэн өөрчлөлт гарсан эсэх асуудлыг тодрууллаа.

Монгол Улсад 20 гаруй шатахуун импортлогч компани бий. Тэднийг нэгтгэсэн хоёр холбоо байдаг аж. Энэ хоёр холбооны удирдлагатай уулзалт хийхэд асуудлыг нааштай хүлээж авсан гэж  ШӨХТГ-ын дарга Д.Мөнхтөрийн мэдээлж байна. Уулзалтын дараа 3-4  шатахуун импортлогч 100 хүртэлх төгрөгөөр үнээ бууруулсан гэдгийг тэрбээр онцоллоо. Одоогийн байдлаар  “Мон суль”, “Петрожамп”, “Тес петролиум” компаниуд шатахууны үнээ 100 хүртэлх төгрөгөөр бууруулсан гэлээ. ШӨХТГ-ын мэдээлж буйгаар шатахууны үнийг бууруулаагүй компаниудыг яаран торгох, арга хэмжээ авах асуудал ярихгүй. Эхний ээлжинд үнээ бууруулсан компаниудыг урамшуулж, дэмжих чиглэлээр ажиллах аж.

Дашрамд дуулгахад, өнгөрсөн сард ШӨХТГ-аас шатахууны үнийг бууруулах боломжтой гэдгээ жагсаалтаар тайлбарлаж байсан юм. Тухайлбал:  

А80 автобензин 50 төгрөгөөр /1470 төгрөгөөс 1420 төгрөг/

АИ92 автобензин 100 төгрөг      /1580 төгрөгөөс 1480 төгрөг/

Дизель түлш 100 төгрөг      /1690 төгрөгөөс 1590 төгрөг/ болж буурахад импортлогч компаниудад ямар ч алдагдалгүй гэв. Учир нь дэлхийн зах зээл дээр газрын тосны бүтээгдэхүүний үнэ ханш урьд өмнөхөөс 53-61.5 хувиар буурчхаад байгаа аж.

Хилийн үнийн зэрэгцүүлсэн байдал /2014.01 сар-2016.02 сар/

Нэр төрөл

Хилийн үнэ

2014.01 сар

Хилийн үнэ

2016.02 сар

Буурсан хувь

А80

998.0 ам.доллар

468.0 ам.доллар

53.0%

АИ92

1,143.0 ам.доллар

482.0 ам.доллар

57.8%

Дизель түлш

1,143.0 ам.доллар

440.0 ам.доллар

61.5%

Б.ЗАЯА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна