Улс улсын эмэгтэй түшээд

2016 оны 4 сарын 12

Улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоо сүүлийн 10 жилд хурдацтай нэмэгдэж байгаа юм. Дэлхийн улс орнуудын парламентад эмэгтэй түшээдийн эзлэх хувь нэмэгдэж 20 хувьд дөхсөн байна. Манай улсын хувьд УИХ-ын 76 гишүүний 11 нь эмэгтэй бөгөөд нийт гишүүдийн 14.5 хувийг эзэлж,  дэлхийн улс орнуудаас  124-д жагсчээ. Монгол Улс парламент дахь эмэгтэйчүүдийн суудлын тоог  хуулиар нарийвялан  тогтоож өгөөгүй ч сонгуульд нам хүчнээс нэр дэвшигчдийн 25-30 хувь нь эмэгтэйчүүд байхаар заасан юм. Монголын нийт хүн амын 51,7 хувийг бүрдүүлдэг эмэгтэйчүүд 1992 оноос хойших УИХ-ын таван удаагийн сонгуулийн үр дүнгээр парламентын суудлын дөнгөж 4-18 хувийг эзэлж иржээ.

 

 

Парламент дахь эмэгтэй гишүүдийн тоогоор  Руанда улс тэргүүлж байна. Руандагийн парламентын дээд танхимын 80 гишүүний 51 эмэгтэй, доод танхимын 26 түшээдийн 10 нь бүсгүйчүүд аж. Урд хөрш Хятадын тухайд Ардын их хурлын 2959 төлөөлөгчийн 699 нь эмэгтэй. Харин ОХУ-ын Төрийн Думын 450 түшээдийн 61 нь эмэгтэй бол Холбооны зөвлөлийн 170 гишүүний 29 нь бүсгүйчүүд аж.

 

Судлаачдын тогтоосноор аль ч улсын парламентад эмэгтэйчүүд ядаж 30-40 хувийг эзэлж байх ёстой аж. АНУ-д эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо сүүлийн 10 жилийн хугацаанд  Конгресст 2,5 дахин, Сенатад 4,5 дахин нэмэгджээ. Бүс нутгаар авч үзвэл Скандинавын орнуудын парламентад эзлэх эмэгтэйчүүдийн 41.1 хувь, Америкт  27.2 хувь,  Европт 25.4 хувь, Африкийн орнуудад 23.1 хувь, Азид 18.8 хувь, Арабын улсуудад 17.5 хувь, Номхон далайн бүс нутгийн орнуудад 15.8 хувьтай байна.

 

 

Өдгөө дэлхийн 20 гаруй орны төр, засгийг эмэгтэй хүн тэргүүлж байна. Засгийн газар дахь эмэгтэйчүүдийн төлөөлөл нэмэгдсэнээр жендерийн тэгш эрхийг хангахад чухал үүрэг гүйцэтгэнэ. НҮБ 1945 онд эмэгтэйчүүдийн улс төрийн эрхийн конвенцийг баталснаар санал өгөх, албан тушаал хаших, олон нийтийн үйлчилгээ явуулах зэрэг үндсэн хуулиар эрэгтэйчүүдэд олгогдсон эрхийг ижил түвшинд эдлүүлэхээр заажээ.

 

 

Үүнээс гадна эмэгтэйчүүдийн нийгэм, бизнесийн салбар дахь оролцоо нэмэгдсэнээр эдийн засагт ашигтай нөлөө үзүүлнэ гэж үздэг байна. Олон улсын МакКинси глобал институтийн тооцоолсноор ажиллах хүчний жендерийн тэгш байдлыг хангаснаар ирэх 2025 он гэхэд дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүнд /ДНБ/ 12 их наяд ам.долларыг нэмэх боломжтой аж. Дэлхийн хөдөлмөрийн насны хүн амын тал хувийг эмэгтэйчүүд эзэлдгийн хувьд тэдний оролцоогүй бол глобал эдийн засаг хүндэрнэ гэж дээрх институци мэдээлжээ.

 

Б.АНХТУЯА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна