Сансарт хүн анх ниссэн өдөр

2016 оны 4 сарын 12

Өнөөдөр хүн анх сансарт ниссэн өдөр. Хүн төрөлхтөн сансар огторгуйд хөл тавьснаас хойш өдгөө  55 дахь жилтэйгээ золгож байна. 1961 оны дөрөвдүгээр сарын 12-нд дэлхийн хүн төрөлхтөний төлөөлөл анх удаа сансар огторгуйг эзэмшихээр сансарт хөөрсөн юм. Тэр азтай анхдагч бол  ЗХУ-ын сансрын нисгэгч Юри Гагарин /1934-1968/ байсан билээ.

27 настай Юри Гагарин ЗХУ-ын "Восток-1"  хөлгөөр сансарт нисч, 108 минутад /1 цаг 48 минут/ эх дэлхийгээ нэг тойроод буусан юм. Ю.Гагарин сансарт анх ниссэн гэдгээс гадна дэлхийн тойрог замыг анх удаа тойрсон гэдэг амжилтыг бас эзэмшдэг. Энэ өдрийг 2011 онд НҮБ-аас "Олон улсын сансрын нисэгчдийн өдөр" болгон тэмдэглэж ирсэн.

Юри сансарт ниссэний дараа дэлхийн олон орны урилгаар социалист болон капиталист, цаашлаад гуравдагч орнуудад зочилж маш их төрийн дээд одон медалиар шагнагдсан байдаг. Сансрын нисэгчдийг бэлтгэх "Оддын хотхон"-ыг түүний нэрэмжит болгосон байна.

2015 оны арваннэгдүгээр сарын байдлаар 40-өөд орны сансрын нисэгч, жуулчин сансарт аялжээ. Олон улсын Агаарын спортын холбооны тодорхойлсноор 540 дэлхийн тойрог замд аялсан бол 543 сансрын нисэгч задгай сансарт гарчээ. Харин АНУ задгай сансарт гарсан хүний тоог 549 гэж маргадаг. Тэднээс зөвхөн 24 хүн л тойрог замаас гарч, цааш аялсан байдаг. Нийт 37 орон сансрын нисэгчдээ сансарт илгээснээс 26 орон нэг удаа, гурван орон тус бүр хоёр удаа сансарт хүнээ илгээж байжээ. Сансрын судалгаанд өндөр ач холбогдол өгч, судалгаа шинжилгээ явуулдаг орнуудын тоонд АНУ, ОХУ, Герман, Хятад, Япон, Канад, Франц, Итали зэрэг орнууд дээгүүр байр эзэлж байна. Эдгээр есөн орны сансрын нисэгчид сансарт ниссэн бүх нисэгчдийн 94 хувийг эзэлж байна.

А.АЯЛГУУ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна