Х.Баттулгын бэлтгэсэн "арми”

2016 оны 4 сарын 12

"Баянгол” зочид буудал гэхээр баргийн таксины жолооч мэдэхээ байсан цаг үе. Тэгвэл өчигдөр бүх нийтээрээ бүтэн өдрийн турш Баянголын эргэн тойронд болсон явдлыг сониучирхаж, УИХ-ын гишүүн Х.Баттулгын “албан өрөө” бүхий тэрхүү зочид буудал баараггүй брэнд болохыг таньж авав.

Цагдаагийн байгууллагаас явуулж буй шалгалтын явц түүний бизнесийн компаниуд руу орж, улмаар Баянгол зочид буудал дахь оффис руу нэвтрэх шаардлагатай гэх асуудал эрх бүхий байгууллагын хүрээнд яригдсаныг УИХ-ын гишүүн Х.Баттулга урьдчилан мэдсэн бололтой. Тийм ч учраас өчигдөр цагдаагийнхан Баянгол зочид буудалд ирэх үеэр тэрбээр зориуд тэнд байж, олны анхаарлыг татах акц зохион байгуулсан байж болзошгүй гэмээр дүр зураг харагдлаа. Ер нь ийм зүйл болохыг цагдаагийнхан ч гадарлаж байсан учраас тусгайгийнхнаар хүч нэмэгдүүлсэн бүрэлдэхүүнтэй очсон биз ээ.

Монголчууд ялагдаж, яллагдаж байгаа нэгний талд ордог өрөвч сэтгэлтэй гэдэг нь ч үнэн. Яг одоо бол Х.Баттулга гэх хувь хүний эсрэг бүхэл бүтэн төрийн хүчний байгууллага ажиллаж байгаа юм шиг ойлголт олон хүнд төрж байна. “Үзэгчдийн” сэтгэл зүйд тохирсон тийм “жүжиг”-ийн гол дүрд одоо Женко тоглож эхэллээ. Компанийн оффист нэгжлэг явуулдаг, шаардлагатай бол баримтуудыг битүүмжлэн хураадаг арга ажиллагааг цагдаагийнхан анх удаа Х.Баттулгын компаниуд дээр хэрэгжүүлээгүй нь ойлгомжтой байх. Гэхдээ ингэтлээ сүр дуулиантай, сүрэглэсэн олон гэрчтэйгээр явагддаг нь хэд бол?

Хуулийн байгууллагаас шалгаж буй хэргийн талаар Женког дэмжигчид ч, эсэргүүцэгчид ч эн тэнцүү мэдээлэлтэй байгаа. Аль ч тал нь хуулийнхны мэдэж байгаагаас илүүг мэдэхгүй гэсэн үг. Магадгүй тэр хүний талд үнэн байж болно. Гагцхүү үүнийг хуулийн байгууллага шалган тогтоож, шүүх үнэн худлыг ялгаж өгөх үүрэгтэй. Үүнээс өмнө хууль ёсны эрх бүхий байгууллагын урьд гарч гишгих эрх хэнд ч олгогдоогүйг санах ёстой байх. Женког эчнээ ялладаг тал ч, эсрэгээрээ улайран хамгаалдаг тал ч хууль, шүүхийн өмнөөс ажиллахаа одоо болимоор…

Өчигдрийн хувьд нэгжлэг явуулахаар очсон хуулийнхан Х.Баттулга гишүүнийг баривчлах асуудал байхгүй гэдгийг юун түрүүнд илэрхийлсэн аж. УИХ-ын гишүүнийг баривчлах асуудал яригдахгүй гэдгийг Баянхонгорынхон мэдэхгүй юм гэхэд УИХ-ын гишүүд уг нь мэдмээр. Гэтэл яагаад УИХ-ын гишүүн Г.Уянга, Л.Эрдэнэчимэг нар тэрхүү “тэмцлийн дунд” тэмдэг шиг онцгойрсныг гайхмаар. Улс төрд үзэл санаа нийлж болох ч төрийн өмнөөс эрх, үүрэг хүлээсэн хуулийнхны эсрэг тэрслэхэд бэлэн Женкогийн дэмжигчдийн цөсийг хөөргөхөд цучил нэмж байгаагаа анзаараагүй нь анхаарал татаж байна. Монголд улстөрчид гэхээр л үг, үйлдлийнхээ үр дагаврыг хүлээдэггүй, хариуцлагагүй хүмүүс гэсэн хэм хэмжээ тогтож буйн амьд жишээ. Уг нь тэд улстөрчид төдий биш төрийн түшээд. Төр хэзээ хаана хэр хэмжээнд байхыг ялгаж зааглах ёс суртахууны эрх байх ёстой биш үү?

Х.Баттулга хувь улстөрчийн хувьд массын дэмжлэг ихтэй, хүчтэйг хэн ч хүлээн зөвшөөрөх байх. Гэхдээ хуулийнхны өмнөөс тэр олон тамирчдыг, тэдгээр аваргуудыг хуйлруулна гэдэг бас л харанхуй хар зориг. Тэднийг өөрийнхөө талд татаж болох ч тэр дэмжлэгийг юунд ашиглах вэ гэдэгт ухаан, ухамсар бас хэрэгтэй. Тэр их дэмжлэгийг нэг хүн юунд зориулан бэлтгэсэн юм бэ гэж гайхмаар, аймаар дүр зураг өчигдөр анзаарагдсаныг ч нуух юун. Эх орныхоо төлөө, өөрсдийнхөө төлөө хөдөлмөрлөж, хөлс хүчээ урсгаж яваа тамирчдадаа, аваргууддаа Х.Баттулга “баярлалаа” гэж хэлээд Баянголын үүдэн дээрээс буцаагаад явуулж болох л байсан… Тэгэхдээ тэр тэгсэнгүй.

Муу ч сайн ч, бид төртэй, хуультай улс. Харин өчигдрийн үйл явдал Женког хүчтэй хүрээлэлтэй гэж харагдуулахаас илүүтэй “улс доторхи улс” бий болчихсон ч юм шиг, бүхэл бүтэн армийг төрийн эсрэг бэлтгэчихсэн ч юм шиг битүү айдас төрүүллээ.

З.БОРГИЛМАА

ЭХ СУРВАЛЖ: "ӨГЛӨӨНИЙ СОНИН"

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна