Бэлэн төсөл авсан “Бэрэн” юу хийв?

2016 оны 4 сарын 12

“Заавал мөрдөх стандарт гэж байхгүй ч сонгуулийн хууль нь  сонгогчдын хүйсийн төлөөлөл, наад зах нь жижиг намууд ядаж бүлгээ бүрдүүлэх хэмжээний төлөөлөлтэй болох нөхцөлийг хангаж байвал сайн хууль гэж үзэх хандлага олон улсад байдаг. Монголын сонгуулийн хуульд жендерийн тэгш эрхийг хангах үүднээс эмэгтэйчүүдийн квотыг тогтоож өгсөн нь том ололт мөн ч нийгмийн бусад төлөөллийг орхигдуулсан хууль учраас нэмэлт оруулах нь зөв гэж үзсэн хэмээн УИХ-ын гишүүн Л.Болд ярилаа. Тэрбээр Сонгуулийн хуульд нэмэлт оруулах хуулийн төсөл боловсруулснаа өчигдөр Засгийн газарт санал авахаар хүргүүлжээ. Түүний санаачилсан төсөлд 31 хүртэлх насны залууст сонгуульд нэр дэвших эрхийг нээж өгөх, ингэхдээ нийт нэр дэвшигчдийн 20 хувь байхаар зааж өгчээ” Энэ талаар дэлгэрэнгүй нийтлэлийг Өглөөний сонины өнөөдрийн дугаарт хэвлэгджээ.

Мөн түүнчлэн Х.Баттулгын эзэмшлийн Баянгол зочид буудлын эргэн тойронд болсон үйл явдал, “Бэрэн” компанийн барих “Түмэн Амгалан” цогцолбор зэрэг асуудлыг өнөөдрийн дугаарт онцолжээ.

Монголын төмөрлөг, арматур, барилгын салбарт өөрийн гэсэн байр суурийг  аль хэдийнэ эзэлсэн гэж өөрсдийгөө тодотгодог “Бэрэн” групп сүүлийн үед хэвлэлийн хуудсаас салахаа больсон. Тус компани газраа байраар солихгүй гэсэн  иргэн Ж.Туулыг хэрэгтэн болгож түүнийг  хохирсон дээр нь улам хохироож өдгөө шүүхийн хаалга татуулах дээр нь тулгачихаад буй юм.

Тэгвэл жирийн нэгэн иргэн газраа байраар солихгүй гэснийхээ  төлөө өдгөө гэмт хэрэгтэн болж байгаа бол  тус компани “Түмэн Амгалан”  цогцолбор хорооллын төслийн ажлыг төсөлд шалгарсан гэх “Грандлайн” компанитай нь цуг худалдаж авчихаад байхад энэ талаар ам нээж хариуцлага тооцох эрх мэдэлтэн нэг ч байхгүй байгаа нь хачирхалтай.

Тодруулбал, 2013 оны арваннэгдүгээр сарын 16-ны өдөр “Грандлайн” ХХК, БНТУ-ын “216 Япи үрэти худалдаа” компанитай хамтран Баянзүрх дүүргийн ХII  хороо буюу бидний нэрлж заншснаар Жанжин клубын орчимд 3300 айлын “Түмэн Амгалан” цогцолбор хорооллын төслийн ажлыг хэрэгжүүлэхээр ажилдаа ороод байсан юм. Гэтэл дээрх компанийг төслийн ажлынх нь хамтаар “Бэрэн” групп худалдаж авсан нь ч өнөөг хүртэл бүтээн байгуулалтын ажил нэг алхмаар ч урагшлаагүй байна.

ЭХ СУРВАЛЖ: "ӨГЛӨӨНИЙ СОНИН"

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна