Сурынханд цол нөхөн олгоно

2016 оны 4 сарын 12

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2016.04.12/ болж Үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн гишүүдийн 100 хувийн саналаар “Төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ.

Дээрх хуулийн төслийг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг санаачлан өргөн мэдүүлжээ. Уг төсөлд улсын баяр наадмын үндэсний сурын харваанд гуравдугаар байр эзэлсэн харваачид “Гоц харваач”, хоёрдугаар байр эзэлсэн харваачид “Гарамгай харваач” цол зэргийг тус, тус олгохоор заасан юм байна. Мөн уг хуулийн төслийг УИХ-аас баталсан нөхцөлд хууль буцаж үйлчлэн, “Дархан мэргэн харваач” дөрөв, Даяар дуурсах харваач” гурав, “Гарамгай харваач” 20, “Гоц мэргэн харваач” 21 хүн тус бүр нэмж цол авах аж. Үүнийг УИХ-ын гишүүн Н.Энхболд зөв зарчим хэмээн үзэж байна. Үндэсний бөхөд цол нөхөн олгох зарчмыг барьсан учраас үндэсний сур харвааг мөн адил зарчмаар үзэх ёстой хэмээсэн юм.

Мөн хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Батбаярын санаачилсан Монгол Улсын Их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар боллоо. Түүнчлэн Монгол Улсын эдийн засаг нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг хэлэлцэн, санал дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэхээр болов.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна