Төсвийн алдагдал 4.2 дахин нэмэгджээ

2016 оны 4 сарын 12

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2016 оны эхний улирлын үзүүлэлтийн талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээлэл хийлээ. Энэхүү мэдээллээр Монгол Улсын нийгэм, эдийн засгийн эхний гурван сарын үзүүлэлт, улс даяар хийж буй аж ахуй нэгж байгууллагын тооллогын талаар танилцуулсан юм.

Инфляци өсөхөд мах, ногооны үнэ нөлөөлжээ

Манай улсын хувьд 2016 оны гуравдугаар сард инфляци буюу хэрэглээний үнийн улсын индекс өмнөх сарынхаас дунджаар 0.5 хувийн өсөлттэй гарчээ. Өнгөрсөн жилийн үзүүлэлттэй харьцуулахад нийт 1.7 орчим хувиар өссөн байна. Өнгөрсөн сарын 0.5 хувийн ицфляцийн өсөлтөд мах, хүнсний ногооны үнэ голлон нөлөөлжээ. Хүнсний бүлгийн бараа бүтээгдэхүүний дүн 2.4 хувийн өсөлттэй гарсан байна. Махны үнэ өмнөх сараасаа 300-1000 орчим төгрөгөөр өсчээ.

Төсөв 616 тэрбум төгрөгийн алдагдалтай

Улсын төсөв хүндрэлтэй байгаа. Оны эхний гурван сарын байдлаар төсвийн орлого 1.1 их наяд төгрөг байсан бол зардал нь 1.7 их наяд төгрөг  болж, орлогоосоо давжээ. Зарлага давснаас улсын төсөв 616 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байна. Алдагдлын хэмжээ өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулахад 4.2 дахин нэмэгдсэн. Учир нь төсвийн бүрдэлт 11 хувийн бууралттай, зарлага 25 хувийн өсөлттэй байжээ. Мөн татварын орлого өмнөх оны үеийнхээс 120 тэрбум төгрөгөөр буурсан байна.

А.ЦЭЭСҮРЭН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна