Нууц тогтоолоор 200 шонхор гаргасан уу?

Хуучирсан мэдээ: 2016.04.12-нд нийтлэгдсэн

Нууц тогтоолоор 200 шонхор гаргасан уу?

Монголын байгаль орчны төрийн байгууллагуудын холбоо, Мэргэжлийн анчдын холбооноос өнөөдөр /2016.04.12/ мэдээлэл хийлээ. Дээрх  холбоод Засгийн газраас нууц тогтоол гаргаж, 200 гаруй шонхрыг хил давуулсан хэмээн мэдэгдэж байна.  “Мэргэжлийн анчдын холбоо”-ны тэргүүн Д.Хурцаагийн хэлснээр Засгийн газар 2015 оны долоо, найм, есөн сард төрийн нууц нэрийн дор, шонхор шувууг хил гаргах нууц тогтоол гаргасан гэв. Тэрбээр “Шонхор шувууг замбараагүй агнаж, борлуулдаг байсан явдлыг зогсоож, үндэсний бахархалт шувуугаар зарласан. Ингээд шонхор шувууг арилжааны зориулалтаар агнахыг хориглож, зөвхөн соёл, шинжлэх ухааны шугамаар агнахыг зөвшөөрсөн байдаг. Гэтэл нууц тогтоолыг 2015 онд Засгийн газраас гаргаж, 200 гаруй шонхрыг хил давуулсан. Ингэхдээ нэг шонхроос улсад авах ёстой 11 760 ам.долларыг ч бүтэн бодоогүй. Нэг шонхроос үсрээд л 3000 ам.доллар авсан. 2013 оноос хойш тооцоод үзэхээр нийтдээ 5.4 тэрбум төгрөгийн хохирлыг улсад учруулсан” гэж мэдээллээ.

БОНХАЖЯ: Нууцаар ажилласан зүйл байхгүй

Монголын байгаль орчны төрийн байгууллагуудын холбоо, Мэргэжлийн анчдын холбооныхон  шонхрын наймаачин гэж ганцхан Жастин Капла гэж хүнийг нэрлэсэнгүй. Төрийн эрх барьж буй хүмүүс, түүний цаана гар хөл нь болсон олон хүн байна гэж мэдээлсэн юм.

Бид мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс энэ асуудлыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас тодруулсан юм. Асуудал хариуцсан даргын зүгээс нууцаар тогтоол гаргаж, шонхор шувуу хил давуулсан тохиолдол байхгүй. Шонхор шувууны  асуудлыг Засгийн газрын тогтоолын дагуу хийдэг гэх тайлбарыг хэвлэлийн төлөөлөгчөөрөө дамжуулан өгсөн юм.

“Ерөнхий сайдыг шүүхэд өгөхөө мэдэгдлээ”

Иргэний нийгмийн байгууллагынхан  бас нэгэн асуудал хөндөн тавьсан нь 2015 оны хоёрдугаар сарын 11-н буюу битүүний өдөр “Хямралаас гарах төлөвлөгөө” нэртэй тогтоолын төсөл байв. Энэ тогтоолын төсөлд улсын тусгай хамгаалалттай газраас тодорхой хэсгийг гаргах тухай дурдагдсан гэж тэд мэдээллээ.  2015 оны долоодугаар сарын 7, 20-ны өдрүүдэд Засгийн газар хуралддаггүй төлөвлөгөөт бус хурал хийж,  2089, 302 тоот  хоёр тогтоолыг баталсан гэлээ.

Тэрхүү тогтоолд долоон аймгийн 11 суманд 13 мянган га газарт Урт нэртэй хуулийг тойруулан алт ухах тухай дурдсан гэж мэдээлэв. Д.Хурцаа “Урт нэртэй хуульд ийм зүйл заалт орсныг гишүүд мэдээгүй, баталчихсан” гэж тайлбарлалаа.

Гурав дахь асуудал нь Монгол Улсад цөмийн хаягдал булшлах тухай байлаа. “Хоёр конвенц, нэг протоколоор халхавчлан Монголд ашигласан түлш оруулах гэж байна. Конвенц гэж нэрлээд байгаа 31 хуудас материал нь бүхэлдээ ашигласан түлшийг хэрхэн оруулах асуудлыг багтаасан байсан” гэлээ.

Эцэст нь эдгээр асуудлаар Монголын байгаль орчны төрийн байгууллагуудын холбоо, Мэргэжлийн анчдын холбооны зүгээс Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт нарыг шүүхэд өгч буйгаа мэдээлсэн юм.

Бэлтгэсэн: Б.ЗАЯА

                    Н.БАТМӨНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж