Ил хаадын улсын түүхээр докторын зэрэг хамгаалав

2016 оны 4 сарын 12

Түүхч  Дануугийн Анхбаяр   өчигдөр /2016.04.11/ “Ил хаант улсын везирийн (шадар сайдын) тогтолцоо” сэдвээр Анкарагийн их сургуульд  түүхийн ухааны докторын зэрэг амжилттай хамгаалав. Түүний бичсэн эрдмийн ажил нь 1256 оноос хойш 100 орчим жил оршин тогтносон Монголын Ил хаант улсын түүхийн судалгааг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан даацтай бүтээл болсныг эрдмийн зөвлөлийн гишүүд цохон тэмдэглэв.

Эрдмийн зэрэг хамгаалах хуралдааны дараа Д.Анхбаярт докторын өмсгөл өмсгөх ёслолд Монгол Улсын хоёрдох Ерөнхийлөгч, Анкарагийн их сургуулийн хүндэт доктор Н.Багабанди, Монгол Улсаас БНТУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, доктор, профессор Б.Батхишиг нар оролцож, Анкарагийн их сургуулийн түүхийн тэнхмийн эрхлэгч, Д.Анхбаярын эрдэм шинжилгээний ажлын удирдагч, доктор, профессор Илхан Эрдэм, Гази их сургуулийн түүхийн тэнхмийн эрхлэгч, Эрдмийн зөвлөлийн дарга, доктор, профессор  Казим Яшар Копраман нарт  болон Эрдмийн зөвлөлийн гишүүдэд баяр хүргэн, эрдэмтэн багш, оюутан, залуучуудад хандаж үг хэлэв.

Түүхч Д.Анхбаяр сүүлийн гурван жилд Анкара дахь Монгол Улсын Элчин сайдын яамны судалгааны багт орж ажиллан, Турк, Иран, Азербайжан дахь Монголын түүхтэй холбоотой дурсгалт газруудыг судалсан бөгөөд “Монголын Ил хаант улсын түүх, соёлтой холбоотой Турк дахь зарим газар, дурсгалт зүйлс”, “Ил хаадын замаар”, “Монгол, Туркийн харилцааны хөгжил” зэрэг номыг хамтран бичсэн юм.

А.АМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна