Харцага, Хүлгүүд эхний хожлоо авлаа

Хуучирсан мэдээ: 2016.04.12-нд нийтлэгдсэн

Харцага, Хүлгүүд эхний хожлоо авлаа

МҮСБХ-ны Үндэсний супер лигийн энэ улирлын плей-оффын хагас шигшээ тоглолт өчигдөр СТО-д эхэллээ.

Төв Ургац-Альянс Тех Харцага 0-1

Тт№1 100:108

Улирлыг амжилтаараа тэргүүлсэн “Төв Ургац” хагас шигшээд өнгөрсөн жилийн аварга “Альянс Тех Харцага”-тай учраа таарлаа. Аваргууд эхний шатанд “Смарт”-ыг шүүрдсэн бол “Төв Ургац” эхний даваанд дүрэм ёсоор амарсан юм. Тоглолт тун өрсөлдөөнтэй эхэлсэн бөгөөд “Харцага”-ын Г.Баттөр “Ургац”-ын Д.Мөнхтөр тун сайн хамгааож байв. Харин “Ургац”-ын гол мотор Крис Жонес Гесиаковски хамгаалж байсан юм. Гэхдээ Крис Жонес нэгдүгээр үеийн төгсгөлд сайн тоглож, эхний үед л 13 оноо авлаа.Улмаар нэгдүгээр үе 25:26-гаар “Харцага”-ын нэг онооны давуутай өндөрлөв. Хоёрдугаар үед “Ургац”-аас Лакуинтин, “Харцага”-аас Б.Одбаяр нар сайн тоглосон юм. Улмаар эхний хагас 58:58-аар тэнцүү дууслаа. Гуравдугаар үед “Харцага” хамгаалалт, довтолгоонд багаараа тун сайн ажиллаж зургаан оноогоор тэргүүлж эхэлсэн бөгөөд Ц.Азбаярын оролцоо үүнд маш чухал нөлөө үзүүлсэн юм. Тэрбээр гуравдугаар үеийн эхэнд 10 оноо авч, багаа, хөгжөөн дэмжигчдээ сэргээв. Тэргүүлэл авсан “Харцага” тоглолтын төгсгөлийг сайн хийснээр өрсөлдөгчөө 108:100-гаар буулган авч, цувралыг тэргүүлж эхэллээ. Аваргууд цөөхөн довтолгоо чанартай хийж байсан нь тэдний ялалт үндэс болов. Харин “Төв Ургац” тоглолтын турш нийт 96 довтолгоо хийж, 37-г нь цагаригт унагажээ. Тус тоглолтод “Харцага”-аас К.Блэйр 19, Э.Дөлгөөн 16, Ц.Азбаяр 15, Б.Одбаяр 14 оноо тус тус авав. Харин “Төв Ургац”-аас К.Жонес 30 оноо, есөн самбар, зургаан бөмбөг таслалт гүйцэтгэн багаа тэргүүлсэн бол Ла Куинтен 17, Онвукамуче 16, З.Доржсүрэн 13 оноо тус тус авлаа. “Ургац” эхнй шатыг өнжсөн хэрнээ “Харцага”-ын эсрэг хэрхэн тоглох хувилбар тун багатай гарч ирэв үү гэж харагдсан. Тэд энэ цувралд хожихыг хүсвэл Крис Жонесд багаараа сайн тусалж, монгол тоглогчид довтолгоонд идэвхитэй оролцох хэрэгтэй. Аваргууд харин энэ хэмнэлээ алдахгүй сэлгээний тоглогчдоо бүрэн ашиглан тоглоод байвал хожих магадлал өндөр байна. Дашрамд сонирхуулахад Үндэсний Супер Лигийн 2015/2016 оны УЛИРЛЫН ҮНЭ ЦЭНЭТЭЙ ЛЕГИОНЕР тоглогчоор “Төв Ургац”-ын Крис Жонес тодорч шагналаа гардан авлаа.

Сентоза Ирвэсүүд-SBL Хасын Хүлгүүд 0-1

Тт№1 94:99

Хүснэгтийн хоёроор плей-оффд шалгарч эхний шатыг өнжсөн “Сентоза Ирвэсүүд” хагас шигшээд хүчирхэг “Хүлгүүд”-тэй учраа таарсан юм. Тус тоглолтод “Ирвэсүүд” лидер Т.Санчир оролцсонгүй. Ийм хариуцлагатай үед багийн лидер нь байхгүй гайхах үзэгчид цөөнгүй байсан юм. Улмаар эхний хоёр үед “Ирвэсүүд” учраа олж чадсангүй. Тэднээс бөмбөгний шилжилт, хамгаалалт, довтолгоонд бие биендээ тусалж байгаа зүйл огт харагдсангүй. Нэг үгээр “Ирвэсүүд”-ийн тоглолт бүрэн утгаараа уналтад орсон байв. Энэ боломжийг “Хүлгүүд” төвөггүйхэн ашиглаж, 53:41-ээр эхний хагаст илт илүүрхлээ. Энэ үед зарим үзэгчид тоглолтын орхин гарч байв. Гэхдээ СТО-ыг орхин явсан үзэгчид сүүлийн хагасыг тулааныг үзэж чадаагүйдээ үнэхээр их харамссан болов уу. Тоглолт гуравдугаар үеэс тун ширүүн өрсөлдөөний дор өрнөв. Энэ үеийн эхэнд Майк Андерсон гурав дараалан бөмбөг таслан багаа сэргээсэн юм. Мөн Д.Брьювер багийнхаа довтолгоо сайн найруулж байлаа. Андерсон гурвын гадна шидэх гэж зогсохгүй оролт хийж байсан үр дүнгээ дороо өгөв. Тоглолт нь сэргэсэн “Ирвэсүүд” хамгаалалтад ч гайхалтай байсан гуравдугаар үеийн турш эсрэг багтаа 14-хөн оноо алдаснаас харагдах биз ээ. Тэд довтолгоонд багаараа 33 оноо авчээ. Улмаар энэ үеийг 74:67-гоор “Ирвэсүүд” тэргүүлж дуусгасан юм. Шийдвэрлэх дөрөвдүгээр хожлын төлөө хоёр багаа бүх хүчээ дайчилсан бөгөөд эцсийн мөчид “Хүлгүүд” 99:94-өөр өрсөлдөгчөө хожин цувралыг тэргүүлж эхэллээ. Багийн лидер Т.Санчир байхгүй үед ширүүн өрсөлдөөн үзүүлснээс харахад “Ирвэсүүд” “Хүлгүүд”-д хүчтэй эсэргүүцэл үзүүлэх бололтой. Тэд энэ тоглолтын турш алсын зайнаас тун муу шидэж байсан нь хожигдох шалтгаан болсон юм. Багаараа 31 шидэж, ердөө гурвыг нь цагаригт оруулжээ. Тус тоглолтод “Хүлгүүд”-ээс Корбин 19, Харрис 18, Б.Билгүүн 17, Н.Золжаргал 12 онооо тус тус авав. Харин “Ирвэсүүд”-ээс Андерсон 29 оноо, 13 самбар, Брьювер 19, Э.Дорж-Арилд 18, Э.Цэвэлдорж 12 оноо тус тус цуглуулсан юм.  

 

Баянгол Сентоза Ирвэс – СБЛ Хасын Хүлэгүүд – 94:99Хүлэгүүд плэй-оффын 2-р шатны эхний хожлоо авлаа

Posted by Mongolian National Basketball Association on Monday, April 11, 2016

 

 

Төв Ургац – Альянс Тех Харцага – 100:108Харцагууд маш тэмцэлтэй тоглолтын эцэст плэй-оффын 2-р шатны эхний хожлыг авч байна.

Posted by Mongolian National Basketball Association on Monday, April 11, 2016

 

ЭХ СУРВАЛЖ: http://mnba.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж