150 мянган аж ахуй нэгж тооллогод хамрагджээ

Хуучирсан мэдээ: 2016.04.12-нд нийтлэгдсэн

150 мянган аж ахуй нэгж тооллогод хамрагджээ

Монгол Улсын “Статистикийн тухай хууль”-д заасны дагуу таван жилд нэг удаа улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй ахуйн нэгжүүдийг тоолдог. Энэ жил  зургаа дахь удаагийн тооллого хийгдэж байна. Өмнөх тооллогод 65.2 мянган аж ахуй нэгж байгууллага хамрагдаж байжээ. Харин энэ удаагийн тооллогоор энэ тоо хоёр дахин нэмэгдэх хүлээлттэй байгааг мэргэжилтнүүд мэдээлэв. Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас явуулж буй тооллогод одоогийн байдлаар 150 мянган орчим аж ахуй нэгж бүртгүүлжээ.  Тооллого энэ сарын 1-нээс эхэлсэн бөгөөд энэ сарыг дуустал үргэлжилнэ.

Энэ удаагийн тооллогын онцлог нь бүртгэлд суурилсан тооллого буюу татварын мэдээллийн системд бүртгэлтэй, татвар төлж буй байгууллагууд хамрагдана. Мөн аж ахуй нэгж байгууллагын мэдээллийг газрын зурагтай холбох юм байна. Тиймээс байгууллагууд онлайн хэлбэрээр өөрсдийн байршлыг тогтоох шаардлагатайг сануулав. Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын Макро эдийн засгийн статистикийн газрын дарга Э.Эрдэнэсан  “ААНБ-ын тооллогыг явуулснаар байгууллагын бүтэц, үйл ажиллагаа хэрхэн өөрчлөгдөж байгааг бүртгэхээс гадна улсын эдийн засгийн хөгжилд ямар хувь нэмэр оруулж буйг тодорхойлох зорилготой юм. 1991, 1994 оны тооллого эдийн засгийн салбарыг бүрэн хамруулж чадаагүй. Харин сүүлийн гурван удаагийн тооллогод өмчийн бүх хэлбэрийн аж ахуй нэгжийг хамруулж байгаа” гэв.

А.ЦЭЭСҮРЭН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж