АТГ-ын дарга Ерөнхийлөгчид өргөдөл өгсөн үү?

Хуучирсан мэдээ: 2016.04.12-нд нийтлэгдсэн

АТГ-ын дарга Ерөнхийлөгчид өргөдөл өгсөн үү?

Авлигатай Тэмцэх Газрын дарга, тэргүүн комиссар Н.Ганболдыг өөрийн хүсэлтээр ажлаа өгч буй тухай мэдээлэл зарим сайтад гарч эхлэв. Тэрбээр өндөр насны тэтгэвэрт гарах болсон тул ажлаа өгөх гэж байгаа бөгөөд түүний албыг УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, ТЕГ-ын дарга Б.Хурц нарын нэгд даалгахаар  болсон, харин хэнийг томилохыг УИХ-ын байнгын хорооны хурлаар шийднэ гэхчилэн мэдээллүүд цацагдаж байгаа юм. УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингээс энэ талаар тодруулахад "Ингэж цуурах нь хэнд хэрэгтэй юм бэ. Тийм юм байхгүй" хэмээн үгүйсгэлээ.

 АТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийтийн асуудал эрхэлсэн ажилтан хэлэхдээ “Манай дарга одоо өрөөндөө ажлаа хийгээд сууж байна. Ер нь бол АТГ-ын дарга зургаан жилийн хугацаатай томилогддог. Энэ хугацаанд өндөр насны тэтгэвэрт гарах нас болсон гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлөх заалт байхгүй. Харин эрүүл мэндийн болон өөр хэд хэдэн үндэслэлээр ажлаас чөлөөлөх заалт бий” гэсэн хариу өгч байгаа юм.

Н.Ганболд комиссар ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө Ерөнхийлөгчид хаяглан илгээсэн гэж байгаа бөгөөд зарим сайт гараар бичсэн өргөдлийг нь хуулбарлан нийтэлжээ. Тэрхүү өргөдөлд “Н.Ганболд миний бие өөрийн хүсэлтээр Авлигын эсрэг хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.1-д заасны дагуу үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж байна” гэжээ.

Авлигын эсрэг хуулийн 22 дугаар зүйлд  Авлигатай тэмцэх газрын дарга,   дэд даргыг чөлөөлөх, түдгэлзүүлэх, огцруулах үндэслэлийг дурдсан бөгөөд 22.1-д Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг дараахь тохиолдолд үүрэгт ажлаас нь чөлөөлнө гээд 22.1.1-д өөрөө хүсэлт гаргасан бол чөлөөлж болно гэж заасан байна. Мөн биеийн эрүүл мэндийн байдлаас үүрэгт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон, бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тохиолдолд АТГ-ын даргыг чөлөөлөхөөр заажээ.

Н.Ганболд нь 2011 оны арваннэгдүгээр сарын 17-нд АТГ-ын даргаар томилогдсон. Бүрэн эрхийнх нь хугацаа 2017 онд дуусах юм байна.

Д.ЦЭЭНЭ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж