Хөдөө аж ахуйн салбарын хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ

2016 оны 4 сарын 12

Монгол Улсын Засгийн газар болон Европын холбооны хамтарсан  “Монгол Улсад ажлын байр нэмэгдүүлэх төсөл: Хувийн хэвшлийн оролцоотойгоор мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн болон хүнсний ногооны үйлдвэрлэлийн өртөгийн сүлжээг хөгжүүлэх нь” төслийн албан ёсны нээлтийн арга хэмжээ  өнөөдөр болж байна. Нийт 4.15 сая евро буюу 9.48 тэрбум төгрөгийн санхүүжилттэй энэхүү төслийн гол хамтрагч нь ХХААЯ бөгөөд Нэгдсэн үндэстний байгууллагын агентлагууд болох Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллагуудтай  хамтран 2016 – 2019 оны хооронд хэрэгжүүлэх юм. Европын холбооны санхүүжилт бүхий төслүүдийн хүрээнд Монгол улсад техник, мэргэжлийн боловсрол, сургалтын салбар болон стандартчилалын тогтолцоог шинэчлэх үйл ажиллагааг бэхжүүлэхэд төслийн ач  холбогдол оршиж байна. Төслийн оролцогч талууд нь чиглэл хариуцсан яамд буюу Аж үйлдвэрийн яам, Хөдөлмөрийн яам, Засгийн газрын агентлагууд (тухайлбал: Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Стандартчилал, хэмжил зүйн газар), орон нутгийн засаг захиргаа, дэмжлэг үзүүлэх байгууллага, үйлчилгээ, судалгаа, бодлого, эрдэм шинжилгээний байгууллагууд, мэргэжлийн боловсролын төвүүд, бизнес /худалдааны холбоод, тухайлбал худалдаа аж үйлвэрийн танхим, ажил олгогчдын холбоо, хувийн хэвшлийн байгууллага-компаниуд болон дээрх таван төрлийн өртөгийн сүлжээнд хамрагддаг, үйл ажиллагаа эрхэлж буй нийт оролцогч талууд байна.

Төслийн нээлтийн ёслолын арга хэмжээний үеэр ХХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд,  Европын холбооны БНХАУ болон Монгол улсыг хариуцсан элчин төлөөлөгч Ханс Детмар Щвесгут болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ази, Номхон далайн бүс нутгийн төлөөлөгчийн газрын орлогч захирал Вили Фуавау нар Харилцан ойлголцолын санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэхүү төсөл хэрэгжснээр мах, сүү, цагаан идээ, хүнсний ногоо, ноос, арьс ширний зах зээлд өрсөлдөх чадварыг сайжруулж ногоон хөгжлийг дэмжих замаар зохистой хөдөлмөр эрхлэлтийг бий болгох боломжтой. Салбарт тулгамдсан асуудлуудыг тодорхойлох, шийдвэрлэх нөхцлийг үнэлэх гол арга хэрэгсэл нь бүтээгдэхүүний ханган нийлүүлэлтийн харилцан холбоо, эдийн засгийн анализ судалгааг хамруулсан өртөгийн сүлжээний судалгаа юм. Төслийн хүрээнд хийх өртөгийн сүлжээний судалгаагаар уг сүлжээнд оролцогч талууд, тэдний хоорондын харилцан хамаарал, технологийн доголдол, ажлын нөхцөл байдал, хүний нөөцийн чадавхи, холбогдох бодлого, журам, олон улсад өрсөлдөх чадвар болон бусад холбогдох асуудлуудад үнэлгээ хийх юм. Тухайн бараа бүтээгдэхүүн нь үйлдвэрлэх, зах зээлд нийлүүлэх болон явцын дунд хадгалах, тээвэрлэх, боловсруулах, савлах, баглах, боох ба бусад холбогдох үе шатуудыг дамжих бөгөөд эдгээрт төрөл бүрийн оролцогч талууд чухал үүрэг гүйцэтгэдэг.

Мөн нийтийн оролцоо бүхий эдийн засаг, нийгэм, экологийн хувьд таатай өртөгийн сүлжээний загварыг хөгжүүлж зохистой хөдөлмөр эрхлэлтийг баталгаажуулан сайн чанартай бүтээгдэхүүнийг өргөнөөр үйлдвэрлэхийг дэмжихэд  төслийн ач холбогдол оршино. Төслийн хүрээнд хот, аймаг, сум, малчин, газар тариалан эрхлэгч өрхийн түвшинд эмэгтэйчүүд, залуучуудыг хамруулан 3000 гаруй ажлын байрыг шинээр үүсгэх зорилт тавьж байна.

Хүнс, Хөдөө аж ахуйн салбар бол Монгол улсын эдийн засаг төдийгүй нийгмийн бүтэц, экологит асар их ач холбогдолтой бөгөөд  нийт ажиллах хүчний 35 хувийг дангаараа бүрдүүлдэг. Нэн ялангуяа хөдөө орон нутаг дахь хөдөлмөр эрхлэлтийн 70 гаруй хувь нь тус салбарт хамаарагдаж байна.  Мал аж ахуйн дэд салбар нь экспортын орлогын 10 орчим хувь болон хөдөө аж ахуйн нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн 80 орчим хувийг эзэлж байна. Хүнс, Хөдөө аж ахуй салбар нь нийтийг хамарсан хөдөлмөр эрхлэлтийн өсөлтийг хангах хамгийн таатай боломжийг бүрдүүлж өгдөг юм. 2022 он хүртэл шинээр үүсгэх ажлын байрны хамгийн их хувийг Хөдөө аж ахуйн салбар бүрдүүлэх төлөвтэй байна.

           

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ЯАМ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна