Малчдад хүмүүнлэгийн тусламж илгээлээ

2016 оны 4 сарын 12

Нэгдсэн Үндэстний Байгууллагаас, Монгол Улсын Засгийн газарт өвөлжилт, хаваржилт хүндэрсэн аймгуудын малчин өрхөд тусламж үзүүлэх ажилд дэмжлэг үзүүлэн, малчин өрхийг хэрэгцээтэй зүйлээр хангаж, тусламж үзүүлэн ажиллаж  байна.

Уг тусламжийг НҮБ-ын Онцгой байдлын үеийн яаралтай тусламжийн сангийн  2.4 сая ам.долларын санхүүжилтээр хэрэгжүүлж байна.

Энэ ажлын хүрээнд өвөлжилт, хаваржилт хүндэрсэн аймгуудын малчдад өвс тэжээл, ядарч доройтсон малын эрүүл мэндийг дэмжих сувилалын багцыг бэлтгэж, хүргүүлэх тусламжийн цувааг хөдөлгөх ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо.

Ёслолын ажиллагаанд ХХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд, НҮБ-ын Суурин Зохицуулагч хатагтай Биата Транкман, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ази, Номхон далайн бүсийн орлогч захирал ноён Вили А.Фуавао, Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Ариунбуян нар оролцов.

Энэхүү ажлын хүрээнд ХХААЯ, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Мэрси Кор олон улсын байгууллага хамтран тусламж  хүргүүлэх ажлыг зохион байгууллаа. Тусламжийн багцыг өвөлжилт, хаваржилт хүндэрсэн Увс, Баянхонгор, Архангай, Завхан, Дундговь, Сүхбаатар аймгийн 45 сумын 4390 өрхөд орон нутгийн засаг захиргааны нэгжээр дамжуулан хүргэх юм.

 

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ЯАМ

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна