Дэлхийн стандартад нийцсэн багц цагийн сургалт эхэллээ

2016 оны 4 сарын 12

Монгол Улсад анх удаа  эрүүл мэнд, боловсролын салбарт, тэр тусмаа мэргэжлийн боловсрол, сургалтын үйл ажиллагаанд “Чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2015” олон улсын стандартыг нэвтрүүлэхээр ажиллаж байгаа Сувилахуйн сургууль өрхийн эмнэлгийн сувилагч нарт зориулсан багц цагийн сургалтыг Хөдөлмөрийн яамны дэмжлэгтэйгээр явуулж эхэллээ.

 

 

Сургалтын нээлтийн ёслолд Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан оролцож, ард иргэдийн эрүүл энхийг сахин хамгаалах нэр хүндтэй, хариуцлагатай үүргийг хүлээдэг анагаахын салбарын хөгжлийг тодорхойлогч эмнэлгийн тусламж үйлчилгээний үндсэн ажлыг үүрдэг сувилахуйн мэргэжилтнүүдийг давтан сургах, тэднийг шаардлагатай мэдээллээр хангах, орчин үеийн эмчилгээний аргатай танилцуулах сайхан боломж нээгдэж буйд баяр хүргээд “Хөдөлмөрийн яам бүхий л салбарт шаардлагатай мэргэжилтнийг чанарын өндөр түвшинд бэлтгэхэд анхаарч ажилладаг. Тэр утгаараа Сувилахуйн сургуультай чанарын удирдлагын ISO 9001:2015 олон улсын стандартыг сургалтад нэвтрүүлэхэд хамтран ажиллах санамж бичгийг байгуулсан. Энэхүү санамж бичгийн хүрээнд төлөвлөсөн ажлууд амжилттай хэрэгжиж олон улсын стандартыг нэвтрүүлэх бэлтгэл хангагдаж дууссан төдийгүй албан ёсоор баталгаажуулах бичиг баримтаа өгөхөд бэлэн болсон байна. Энэ стандартын дагуу эмнэлгийн дунд мэргэжилтнийг давтан сургах үйл ажиллагаа өнөөдрөөс эхэлж буй юм. Бид эхний ээлжинд нийслэлийн дүүргүүдийн өрхийн эмнэлгийн сувилагч нарыг багц цагийн сургалтад хамруулахаар болсны дагуу өнөөдөр нийслэлийн хүн амын төвлөрөл ихтэй том дүүргийн нэг Чингэлтэйд үйл ажиллагаа явуулдаг өрхийн эмнэлгийн сувилагч, сувилахуйн мэргэжилтнүүд номын дуу сонсохоор цуглаад байна.   

 

Та бүхэн энэ сургалтаас эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу хамгийн сүүлийн үеийн мэдээллийг олж авна гэдэгт итгэлтэй байна” хэмээсэн юм.

 

 

Сувилахуйн сургууль нь АШУҮИС-ийн бүрэлдэхүүнд багтдаг бөгөөд  туслах сувилагч, нүүр амны техникч, лабораторийн техникч, эмнэлэгийн тоног төхөөрөмж ашиглалт угсралтын техникч, электроникч зэрэг 11 мэргэжлээр техникийн болон мэргэжлийн боловсролын түвшний үндэсний мэргэжилтэй ажилтанг бэлтгэдэг. Сувилахуй, анагаах ухааны боловсролын үйлчилгээг дэлхий нийтийн жишигт хүргэхийн тулд сургалтын хөтөлбөр, стандарт, сургалтын орчин материаллаг бааз, багшийн мэргэжил дээшлүүлэхэд олон шинэлэг үйл ажиллагааг нэвтрүүлсэн дээрээ түшиглээд сувилагч нарыг чадавхижуулах багц цагийн сургалтыг хийж байгаа юм. Энэ удаагийн сургалтад Чингэлтэй дүүргийн 16 өрхийн эмнэлгийн 70 шахам сувилагч оролцож байна.

 

ЭХ СУРВАЛЖ: www.mol.gov.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна