М.Каддафигаас хойшхи Ливи

2016 оны 4 сарын 13

 

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Ливийн удирдагч байсан хурандаа Муаммар Каддафийн дэглэм унасны дараа ямар үр дагавар гарахыг  таамаглаж чадаагүй нь хамгийн том алдаа байсан гэдгийг хүлээжээ.

 

Босогчид хурандаа Муаммар Каддафиг олзолж, зэрлэгээр хөнөөснөөс хойш таван жил өнгөрсөн хэдий ч дарангуйлагчийн үзэл санаа газрын тосны асар их баялагтай Ливид амь бөхтэй оршиж, ливи үндэстнийг эвлэн нэгдэхэд саад учруулсан хэвээр байна. Газрын тосноос олсон тэр их мөнгийг төрийн институтэд зарцуулахын оронд өөрийг нь сөрөн зогссон сөрөг хүчин, босогчдын эсрэг цэргийнхэнийг турхирахад зориулж байсан дарангуйлагчийг босогчид 2011 онд түлхэн унагаж, хороосон юм. Каддафийн дэглэмийн дараа байгуулагдсан шилжилтийн засгийн газар суудлаа олохгүй мунгинаж байх зуур алан хядагч Исламын улс бүлэглэл үүнийг нь ашиглан Ливийн зарим нутагт хяналтаа тогтоож амжсан. Үймээн самуун, хүчирхийлэл, халдлагаас дайжсан Ливийн олон мянган дүрвэгч Европ руу гарахаар хөлөг онгоцонд бөөн бөөнөөр сууцгааж, амь насаа эрсдэлд оруулж байгаа билээ. Гэвч энэ бүхний эцэст АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Ливийн хэрэгт хөндлөнгөөс оролцсон нь маш том алдаа байсныг хүлээн зөвшөөрчээ.

 

Үүнээс өмнө Барак Обама Ливийн хэрэг явдалд Их Британи, Францын холбоотнуудаа буруутгаж байв.

 

Барак Обама Их Британийн ерөнхий сайд Дэвид Кэмерон, Францын эксерөнхийлөгч Николя Саркозийн Ливид явуулсан хамтарсан цэргийн ажиллагааг шүүмжилсэн. Барак Обама “Атлантик” сэтгүүлд ярилцлага өгөхдөө 2011 онд Ливид явуулсан НАТО-гийн мандаттай цэргийн ажиллагаа нь Дэвид Кэмерон, Николя Саркози нарын хувьд улс төрийн шоу байсан гэж ярьсан билээ.

 

Гэвч бодит үнэн гэвэл Муаммар Каддафийн дэглэм нурсны дараа Ливид илүү олон энгийн номхон иргэн амиа алдаж, эрх мэдэлд шунасан босогчид анархистууд болж хувирсан билээ. Ливийн хурандааг босогчид хороосноос гурав хоногийн дараа шилжилтийн засгийн газар байгуулагдаж, Ливийг дарангуйлагчаас бүрэн чөлөөллөө гэж мэдэгдэж байв. Гэсэн хэдий ч НҮБ-ын дэмжлэгтэй байгуулагдсан Ливийн шилжилтийн засгийн газар үүргээ сайн гүйцэтгэж чадаагүйгээр барахгүй олон улсаас дэмжлэг хүссэн билээ.

 

Хурандаа Муаммар Каддафи 1969 онд Ливид төрийн эргэлт хийж, засгийн эрхэнд гарснаасаа хойш 42 жил төрийн тэргүүний суудалд суусан.

 

Олон улсын шүүх 2011 онд хурандаа Муаммар Каддафиг төрийн аппарат, цэргийн хүчийг ард иргэдийн эсрэг турхирч, аллага хүчирхийлэл, мөрдлөгө явуулсан гэж буруутгаж, баривчлахаар төлөвлөж байхад тэрбээр Олон улсын шүүхийг байгуулсан Ромын гэрээнд Ливи гарын үсэг зураагүй учраас тус улсад баривчилгаа явуулах эрхгүй гэж байв. Гэвч Муаммар Каддафи Олон улсын шүүхэд очихын өмнө Мисрата хотын босогчдын гарт амиа алдсан.

 

Муаммар Каддафиг үхсэний дараа авилга, хээл хахуульд идэгдсэн, туйлдаж сөхөрсөн улс орон л үлдсэн юм.  Дотоод асуудалд нь АНУ тэргүүтэй холбоотнууд хөндлөнгөөс оролцсоноос шилжилтийн засгийн газар нь улс орноо хөл дээр нь босгож чадахгүй байна. Одоо Ливид улс төр, эдийн засаг, нийгмийн бүх л салбарт А-Я хүртэл өөрчлөлт, шинэчлэлт хэрэгтэй.

 

Муаммар Каддафи одоо байхгүй ч түүний авчирсан гай, гавьяа энэ улсын иргэдийг талцуулдэг хэвээр. Дарангуйлагчийн амьдарч байсан Триполи хотын нурж, сүйдсэн ханан дээр экс дарангуйлагчийн зураг одоо ч арилаагүй.

 

Муаммар Каддафийн дарангуйлалд 40 гаруй жил туйлдсан Ливийн иргэд түүний авчирсан гай зовлонг арилгахад дахин 40 жил шаардагдахгүй гэж найдаж байгаа ажээ.

 

Н.ЭНХ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна