Бохиртоо “живсэн” Гандан

2016 оны 4 сарын 13

Улаанбаатарт ирсэн жуулчдын зорин очдог газар бол Гандантэгчинлэн хийд.  Гэвч тус хийдийн эргэн тойрон дахь айлууд, бидний ярьж заншсанаар  Гандангийн дэнжийнхэн өдгөө амьдарч буй газраасаа ч ичмээр, сэжиглэмээр болжээ. Гудамжаар нь явах төдийд л элдэв бохирын үнэр хамар цоргим үнэртэж, үнс, угаадсаа хаа сайгүй асгасан байх нь жуулчид бүү хэл монголчууд бид өөрсдөө ч явахаас сэжиг хүрмээр. Хажуугаар зөрсөн хүмүүсийн зарим нь алчуураараа ам, хамраа дарчихсан явж харагдлаа.

Гандангийн дэнж буюу Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт нийт 1700 гаруй өрх байдаг бөгөөд 7600 орчим хүн амтай ажээ. Оршин суугчдын 300-400 орчим нь тус хороонд түр оршин суудаг байна. Хорооны Засаг дарга Г.Намхайдорж “Манай хороонд нийтийн эзэмшлийн ганц хоёрхон орон сууцыг эс тооцвол ихэнх нь гэр хороолол байгаа. Хороо нь газар нутгийн хэмжээ бага, төвлөрөл ихтэй. Тиймээс нэг айлын газрыг гурав, дөрөв хуваасан хэмжээтэй хашаанд иргэд амьдарч байна. Айлуудын маань хөрсний бохирдол дээд цэгтэй хүрчихсэн. Айлуудад жорлон ухах ч газар бараг байхгүй. Өвлийн цагт угаадсаа хөлдөөж хогийн машинд ачуулах үе гардаг.” хэмээн учирлав.

2014 онд “Гудамж төсөл”-ийн хүрээнд тус хорооны Гандангийн Орхоны зургаа, есдүгээр гудамжинд төвийн шугам тавьсан ч айлууд руугаа ороогүй. Иргэд өөрсдөө хаус барьвал төвийн шугамд холбогдох боломжтой гэжээ. Гэсэн хэдий ч хувийн хаус барих боломжтой айл цөөн байгааг оршин суугчид хэлж байлаа. “Өмнө нь би энд амьдардаг байсан юм.Гандангийн айлууд олон жил болж байгаа учраас хөрсний бохирдол ихтэй. Нэг айлын хашаанд 10 гаруй жил болсон жорлон нь дүүрээд дахин хашааныхаа буланд жорлон ухах хэрэгтэй болдог. Мөн энд Бурхан шашны төв Гандантэгчэнлин хийд байна. Тэнд гадаадын жуулчид их ирдэг. Энэ орчноор л Монголыг, Нийслэлийг дүгнэнэ шүү дээ” гэж ярих өвгөн лам гуай ч таарсан юм.

Өнгөрсөн оны 11 дүгээр сард Нийслэлийн захирагчийн ажлын албанаас хөрсний бохирдлыг ариутгах тендер зарлажээ. Тендерт шалгарсан компани нь тус хорооны нийтийн эзэмшлийн зам талбай, айлуудаар ариутгал хийсэн гэнэ. Гандангийн төв хаалганы дэргэд үйлчилгээ эрхэлдэг Б.Уранчимэг “Энэ хавьд өвөлд их хэцүү байдаг. Гудамжны үзүүрийн айлууд угаадсаа асгаж харагддаг. Зарим хүмүүс гудамжинд ил задгай бие засчихна” гэж ярьлаа. Харин тус хорооны оршин суугч О.Дамдинсүрэн “Манайх жорлонгоо гүнзгий ухуулсан болохоор одоохондоо бохирын асуудал гарахгүй байна. Үерийн далан орчмын айлууд бохироо асгадаг юм. Тэр айлуудад өөр асгах газар байхгүй шүү дээ. Тиймээс цэвэр, бохир усны төв шугам тавих зайлшгүй шаардлагтай”  гэлээ. Ийн иргэд санал бодлоо хуваалцах боловч “Ингэж ярьлаа гээд шийдвэрлэж байгаа зүйл алга” хэмээн бухимдаж байлаа.

Гэхдээ “Гээндээ ч бий, гоондоо ч бий” гэгчээр орон сууцны орчин үеийн хороолол бариад өгье гэхээр оршин суугчид нь дааж давашгүй үнэ нэхдэгийг нийслэлийн холбогдох албаны хүн ярилаа. Тиймээс тэдэнтэй “наймаа” хийх компани олддоггүй гэнэ. Тэгэхээр үнс, жорлонгоо үнэртээд суух нь аргагүй юм даа гэсэн бодол төрлөө. Уг нь Гандантэгчилэнгийн тэр хавийг яг бурхан шашны төв маягаар тохижуулбал жуулчдын өмнө ч нүүр улайхгүй шүү дээ. Ядаж л хөрсний бохирдлоос улбаалах иргэдийн эрүүл мэндэд ашигтай.  Чухамдаа бол энэ айлуудад хөрсний бохирдлоос үүдэлтэй SOS хэдийн зарлажээ.

А.ЦЭЭСҮРЭН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна