“Би гар цэвэр хүн”

2016 оны 4 сарын 13

Сэтгүүлч:
Т.Давааням

УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Л.Цог саяхан “Шударга ёс” эвслийн бүлгээс гарсан. Тиймээс түүний шийдвэрийн талаар болон цаашид ямар алхам хийхээр төлөвлөж байгаа талаар ярилцлаа.


-Та “Шударга ёс” бүлгээс гарах шийдвэр гаргасан. Яагаад ийм шийдвэр гаргасан бэ?

-Би энэ “Шударга ёс” нэртэй шударга бус үйл ажиллагаанд оролцохгүй. Тиймээс ийм шийдвэр гаргасан.  

-Яагаад шударга бус гэж?

-Би олон зүйл дээр шударга бус бүлэгтэй санал нийлээгүй. Гэхдээ одоохондоо УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга, МАХН-ын гишүүн хэвээрээ байгаа.

-Та бүлгээс гарсан болохоор УИХ-ын дэд даргын суудалдаа үлдэх үү?

-Миний оронд УИХ-ын дэд дарга болох сонирхолтой хүмүүс яриагаа хийж байх шиг байна. Энэ суудал бол Үндсэн хуулийн хамгаалалттай юм. Юу гэсэн үг вэ гэхээр Үндсэн хуульд зааснаар өөрөө өргөдөл өгсөн тохиолдолд, шүүхийн шийдвэрийн дагуу ял эдлэхээр болсон тохиолдолд, эрүүл мэндийн асуудлаас болж ажлаа хийж чадахгүйд хүрсэн тохиолдолд, Үндсэн хуулийн Цэц дүгнэлтээрээ наад хүн чинь болохгүй гэж шийдсэн бол огцруулах юм. Одоогоор намайг дэд даргаас буулгана гэсэн хууль зүйн үндэслэл байхгүй. Нэг намын даргатай муудалцсаны төлөө УИХ-ын дэд даргыг буулгана гэсэн үндэслэл байхгүй.

-Та телевизээр намын даргаа мөнгө нэхсэн гэж ярьсан байсан. Яг үнэн үү?

-Би энэ асуудлыг дахиж ярихгүй. Үүнийг шүүх шалгаад явж байгаа.

-МАХН-ынхан таныг намын байр ав гэж шахсан. Л.Цог бол урвагч, авлигач гэж хэвлэлээр мэдэгдсэн шүү дээ?

-Энэ асуудлыг шүүх шийдэх байх. Би давхар гүтгэсэн гээд гомдол гаргачихсан.

-Саяхан МАХН-ын бага чуулган болоод нэлээд олон дэд даргатай болсон. Энэ чуулганаар танд хариуцлага тооцох асуудлыг ч ярилцсан байх.

-Намайг сонгуульд оролцуулахгүй гэж байна лээ. Дубайн асуудлыг хөндөж, Ерөнхий сайдыг огцруулна гэсэн учраас тэгж байгаа юм. Дээр нь Н.Энхбаярыг Шадар сайд болоход нь гай болсон учраас намайг сонгуульд оролцуулахгүй гэсэн. Миний үнэн худал ярьсныг амьдрал, цаг хугацаа, шүүхийн шийдвэр нотолно.

-Тэгвэл одоо ямар алхам хийхээр төлөвлөж байна вэ?

-Намайг нэр дэвшүүлэхгүй гээд “боорлож” байгаа намтай хамтран ажиллахад хэцүү шүү дээ.

-Бие дааж нэр дэвшинэ гэсэн үг үү?

-Мэдэхгүй би сонголтоо хийнэ. Хугацаа байна. Боломж байна. Бие даагаад нэр дэвшсэн ч би гар цэвэр, амьдралын туршлагатай хүн. Монголын парламентын шавыг тавьсан хүмүүсийн нэг гэдгээрээ бахархаж явдаг. Казиногийн хэргийг би гаргаж ирсэн. Одоо ч шударга үнэний төлөө ямар ч халуун гал атгахад бэлэн байна.    

-Та аль тойрогт нэр дэвшихээр төлөвлөж байгаа вэ?

-Нуулгүй хэлэхэд Улаанбаатарт нэр дэвших бодол байна. Бие даагч болох чиглэл рүү явах байх.

-Г.Уянга гишүүн намаасаа гарах саналаа өгсөн байна лээ. Танд ч бас бие дааж нэр дэвших бодол байгаа юм байна. Тэгвэл намаас гарах өргөдлөө хэзээ өгөх вэ?

-Жаахан хугацаа хэрэгтэй. Аж байдлыг хармаар байна. Нам нэртэй хуйвалдааныг би дийлэхгүй юм шиг байна.

-Бие даагч болсноор хэр сайн сөрөг хүчин байж чадах вэ?

-Ард түмний төлөөллийн байгууллага шүү дээ. Аль нэг намыг төлөөлж байгаа хүн биш. Тийм болохоор ард түмний төлөө илүү чөлөөтэй дуугарна. Чи бүлэглэлээ бодсонгүй, намын даргаа бодсонгүй гээд зовоогоод байхгүй биед амар шүү дээ. Ард түмэнд үнэн үг хэлнэ. Айх ч юмгүй болно. Ард түмний эрх ашгийн төлөө Төрийн ордонд дуугарч байх ёстой байтал явцуу бүлэглэлийн өмнөөс манай нам, танай нам гэсэн юм яриад яваад байдаг. Үүнээс бүрэн чөлөөлөгдөнө. Миний хувьд нар гийсэн мэт болно гэж бодож байна. Хойноос дарамтлахгүй, элдэв авлига нэхэгүй амар шүү дээ.

-Урлаг соёлын зарим нэг хүн УИХ-д нэр дэвшинэ гэдгээ мэдэгдсэн. Үүнийг юу гэж бодож байна вэ? 

-Монголын төрийг басаж доромжилж байгаа хэрэг. УИХ-д жүжигчид, тамирчид, дуучид байх ёстой гэж бодож болохгүй. Аливаа мэргэжлээр мэргэшсэн, амьдралын болоод ажлын туршлагатай хүн баймаар байна. УИХ-ын гишүүн болж хууль батлахад асар их мэдлэг туршлага хэрэгтэй. Гэтэл энэ үнэлэмж үгүй болжээ. Үүнээс гадна мөнгө тараасан хүнийг сонгочихоод байна. “Мөнгө тараах чинь хориотой шүү дээ” гэхэд “ард түмэн ядарч байна яадаг юм” гээд сууж байна. Энэ жил ямар ч хүмүүс нэр дэвших гээд байна даа. Энэ бол Монголын төрийн дампуурал. Монголын ард түмэн үр хүүхэд, ирээдүйгээ бодож байгаа л юм бол шалгарсан, амьдрал мэддэг, бохирдоогүй хүнийг сонгох ёстой. Би дахиад хэлье. Гар цэвэр, нэр цэвэр, сэтгэл цэвэр хүнээ гаргах хэрэгтэй. Төрд гарсан хүмүүс мөнгө идээд дараа өөрийгөө хамгаалчихаар яах вэ? Дээр нь өөрийгөө өршөөчихвөл яах вэ? Хэцүү биз дээ.

-АСЕМ-ын өндөр дээд түвшний уулзалт энэ зун болно. АСЕМ монголд ямар үр өгөөж өгөх вэ?

-АСЕМ зохион байгуулаад сайхан болно гэж би бодохгүй байна. Ард түмэн сайхан амьдарч байж Монгол сайхан болно. Баялгаа хулгайлж иддэггүй, гадны хөрөнгө оруулагчдыг хахуулаар айлгаж явуулдаггүй ийм л төр хэрэгтэй. УИХ-ын гишүүд нь гадны хөрөнгө оруулагчдаас авлига нэхээд байхаар хүн үргэнэ шүү дээ. Ийм суурь зүйлээ зохицуулахгүй байж төөрөөд хачин хачин юм хийгээд байна шүү дээ.    

-УИХ-ын гишүүн Р.Гончигдорж ҮХЦ-ийн гишүүн болох өргөдлөө УДШ-д өгсөн байсан. 

-УИХ-ын гишүүн, Ерөнхийлөгч, сайд нар Цэцийн гишүүн болох ёсгүй гэсэн заалт Үндсэн хуульд бий. Үндсэн хууль батлахад оролцож байсан депутатуудаас долоон хүн УИХ-д суудалтай. Үүний нэг нь Р.Гончигдорж шүү дээ. Өөрөө мэддэг л баймаар юм. 

-АН-ын асуудлыг та юу гэж харж байна вэ?

-АН-ын асуудал бол нэг намын хэрэг биш. Цаад талдаа Монголын баялгийг хэнтэй хуваах, хэнд өгөх, хэнд өгөхгүйн тухай яригдаж байна. Би Тавантолгойгоор жишээ болгоход ийм байна. Харин Тавантолгойг одоогийн УИХ-ын дарга З.Энхболд гурван орлогчтойгоо нийлж байгаад зогсоох шийдвэрт хүрсэн. Комисс байгуулаад шалгасан ямар дүгнэлтэнд хүрсэн гэдгийг өнөөдөр бүгд мэдэж байгаа шүү дээ. Эдийн засгийн бүлэглэл, олигархуудын дунд цусгүй дайн болж байна. Үүнийг намын дотоод асуудал гэж хэлж болохгүй.

-“Давхар дээл” тайлах төсөл буюу Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг Ерөнхийлөгч хоёр дахь удаагаа өргөн барьж байна. Энэ хуулийн төсөлтэй холбогдуулаад та өөрийнхөө байр суурийг илэрхийлэхгүй юу?

-“Давхар дээл” тайлах хуулийн төслийг 2013 онд Ерөнхийлөгч өргөн барьж байсан. Тэр үед сайд нар бүгд эсрэг байр суурьтай байсан. Төрийн байгуулалтын байнгын хороо 19 гишүүнтэй. Дөрвөн жилийн дотор “Давхар дээл” тайлах төсөл, Ерөнхий сайдыг огцруулах асуудал хоёр дээр 100 хувийн ирцтэйгээр эсрэг санал өгсөн. Харин одоо Ерөнхийлөгч аргаа барсандаа Ерөнхий сайдаас гадна чиг үүргийн гурван сайд “давхар дээл”-тэй байна гэж оруулж ирлээ. Энэ бол хагас алхам. Монгол шиг жижиг оронд 76 гишүүний 10 гаруй нь “давхар дээл” өмсөх нь зохимжгүй. Хоёр том бие даасан эрх мэдлийг холихгүй байх нь хамгийн чухал. Яагаад гэвэл нэгдүгээрт, Үндсэн хууль зөрчиж байна. Хоёрдугаарт, Засгийн газраа хянаж чадахгүй байгаа юм. Төрийн эрх барих дээд байгууллага нь бодлого тодорхойлж, хууль батална. Гаргасан хуулийг биелүүлэх зохион байгуулах үүргийг Засгийн газар хариуцдаг. ”Давхар дээл”-тэй байснаар Засгийн газар тогтвортой байна гэж зарим нь ярьж байгаа. Үүнийг би өөр утгаар нь харж байна. Үнэхээр Засгийн газар бодлогоо зөв тодорхойлоод ажлаа хийгээд явж байвал хэн оролдох юм бэ? Эцсийн утгаараа бол хоёр том эрх мэдлийн төлөө явж байгаа хүмүүс ингэж донтоод байгаа юм. Би Хууль зүйн сайд байсан хүн. Заавал гишүүн болохгүйгээр дангаараа сайд байж болдог л юм. Миний үед есөн танхимтай байсан. Шадар сайд гэж албан тушаал байгаагүй. УИХ-ын гишүүний их ажил дээр нь сайдын ажлыг нэмсэн нь “оронцоглоно” гэсэн үг шүү дээ. Би бол “давхар дээл”-ийг эсэргүүцэж байгаа. Эсэргүүцнэ гэдэг маань юу гэсэн үг вэ гэхээр нэгмөсөн цэгцлэх ёстой. Хагас алхам битгий хийгээч гэж хэлмээр байна. 

-Давхар дээл тайлна гэдэгт ард түмэн нэг л итгэлгүй болчихсон юм шиг ажиглагддаг.

-Төрийн тогтолцооны хамгийн том гажиг ярихаар хүмүүс залхаж байна. Гэтэл Засгийн газар нь УИХ-д нөлөөлж, УИХ нь Засгийн газраа барьж байгаа байхгүй юу. Энэ будлианыг ард түмэн олж харах хүсэлгүй байна. Яаж нөлөөлж байна вэ гэхээр УИХ-ын гишүүн сайд болвол өөрийнхөө бодлогыг парламентад шахаж, эрх мэдэл мөнгөнд ойрхон болдог. Жишээ нь, Ноён уулын асуудал байна. Олон удаа эргэж буцаж орж ирж байгаа нь ямар нэг ашиг сонирхол байгаагийн илрэл юм. Одоогийн байдлаар Монгол Улс 76 даргатай болчихлоо гэдэг нь үнэн. 76-гаас гадна сайд нар дарга болчихсон нь үнэн. Ард түмэн нь мөнгөнд хууртаад ходоодоороо санал өгж байгаа нь үнэн. Тиймээс одоо хаврын сонгуультай зэрэгцүүлээд төрийн удирдлагын ямар шийдвэр монголд зохих вэ гэж санал асуух хэрэгтэй. Парламентын засаглал хэрэгтэй юу, Ерөнхийлөгчийн засаглал хэрэгтэй юу гэж. Гэхдээ энэ бол миний л бодол. Ард түмэн этгээд сонгосон хүн нь гар цэвэр, нэр цэвэр, сэтгэл цэвэр байх ёстой. Өнөөдөр бид хулгайчгүй монгол гэж яриад байна. Энэ буруу хулгайгүй төрийн тухай ярих ёстой. Аль ч нийгэмд хулгайч байдаг юм. Төр хулгай хийж болохгүй. Хэрэв хийвэл хариуцлага тооцох ёстой. Гэтэл тэгэхгүй байна шүү дээ.    

-Засгийн газрын гишүүнд ноогдуулах хариуцлага гэж байхгүй юм шиг харагддаг. Засгийн газрын гишүүнээс огцрууллаа гэхэд УИХ-ын гишүүний бүрэн эрхээр дөрвөн жил хууль баталж байна шүү дээ?

-Тэгэлгүй яахав. Засгийн газрын гишүүн нь хууль зөрчиж, огцорсон ч эргээд УИХ-д сууж байна. Хэрэв үнэхээр гишүүн болоод төрийн эрх мэдлийн төлөө явна гэвэл дийлэхгүй их ажилтай. Сайд ч бас дийлэхгүй их ажилтай. Гэтэл дунд нь хөтөлгөө морьтой хүн шиг  хариуцлагаас зугтаадаг болчихлоо. Үүнийг энгийн ухамсрын түвшинд хүлээж авч болохгүй.

-Хариуцлагын тухай хуулийг баталчихвал хулгайлдаг худлаа хэлдэг явдал багасах юм биш үү?

-Ер нь бол тийм. Бид үйлдэл дээрээ баригдахгүй бол УИХ-ын гишүүнийг шалгаж болохгүй гэдэг ийм балай юм хийсэн шүү дээ. Хуучин бол хуулийн байгууллага болоод ерөнхий прокурор асуудал тавьсан л бол шалгах үүрэг өгдөг байсан. Үнэхээр шүүхээр орчих юм бол гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлдэг байсан. Нөгөө талаас хуулийн байгууллагад алдаа завхрал байгааг би үгүйсгэхгүй. Тэглээ гээд өөрсдийгөө тойруулж хана хэрэм тогтоох хэрэггүй. Одоо орчин үед өөрсдийгөө хэлмэгдүүлж байна гэж ярьдаг болжээ. Тийм л юм бол хуулийн байгууллагаа тараагаад хаячих. АТГ-гүй, шүүхийн байгууллагагүй л байна биз. Ингэснээр эцэст нь юу болох вэ араатны нийгэм рүү л явна шүү дээ. Төрийн хар хүн гэж өөрийнхөө амьдралыг хаяад төрийн төлөө явдаг хүнийг хэлдэг. Гэтэл өөрөө баян болохын төлөө, энэ нөхөр идчихлээ одоо би идэх хэрэгтэй гэсэн бодлоор хандаж болохгүй. Хариуцлагын тухай хуулийг баталж хатуу аргаар цэгцлэх хэрэгтэй байна. Би бол Ерөнхийлөгчийн зүгээс явуулж байгаа авлигатай тэмцэх бодлогыг зөв гэж бодож байна. Өөр яах юм бэ хэцүү шүү дээ. Хүн алсан хүн “би алаагүй” гэж хэлэх эрхтэй. Гагцхүү хуулиар нотлох нь чухал. Аливаа асуудлыг цаад учрыг ялгахгүй зарим нь хавтгайрч асуудалд хандаад байна. Одоо сонгууль дөхөөд ирэхээр бүгд цэвэр болж хувираад бүгд ардын баатар болно. Гэтэл бидэнд хамаагүй гээд тараасан мөнгийг нь аваад суувал өөдлөхгүй. Монгол Улс гадны мэдэл рүү урсаж байна. Монголыг үндэстэн дамнасан корпораци мэддэг болсон. Үүнээс үүдэж эдийн засгийн аюулгүй байдал монгол улсын эрх чөлөө тусгаар тогтнолын асуудал хөндөгдөнө.

   

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна