Д.Ганболд: Оюутолгой тавдугаар сараас монгол ажилчин авч эхэлнэ

2016 оны 4 сарын 13

“Эрдэнэс-Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Да.Ганболдтой ярилцлаа.


-Оюутолгойн хоёр дахь шатны санхүүжилтийг баталгаажуулах гэрээнд гарын үсэг зурах үед “Ирэх гуравдугаар сар гэхэд ажил эрчимжинэ” гэж байсан. Гуравдугаар сар дуусч, дөрөвдүгээр сар бараг дундаа орчихлоо. Оюутолгойн гүний уурхайн ажил ямар шатандаа явж байгаа вэ?

-Гүний уурхайн үйл ажиллагааг дахин сэргээх процесс өнгөрсөн оны арванхоёрдугаар сард гэрээнд гарын үсэг зурсан даруйд эхэлсэн. Нэгэнт гэрээнд гарын үсэг зурах нь тодорхой болчихсон байсан учраас зарим үйл ажиллагаа нь бүр өмнө эхэлчихсэн байсан. Гэрээнд гарын үсэг зурж байх үеийн ойлголтоор бол гуравдугаар сар гэхэд нэлээд эрчимтэй үйл ажиллагаа явагдчихсан байх ёстой гэж манай талаас шахсан. Нөгөөтэйгүүр, 14 банктай гэрээ хэлэлцээр хийх ажил дөнгөж эхэлсэн. Энэ бүх ажил төлөвлөсний дагуу явж байна. Жишээлбэл, Олон улсын санхүүгийн корпорацийнхан өнгөрсөн долоо хоногт мөнгөө шилжүүлснээр захиран зарцуулах процесс эхэлсэн. 14 банкны зөвхөн нэг нь гэсэн үг. Бусад банк нь тохирсон графикийнхаа дагуу мөнгөө шилжүүлнэ. Зарим санхүүжилт нь ирэх онд орж ирнэ. Нэлээд олон жилийн турш зарцуулагдах мөнгө шүү дээ. Гэнэт палхийтэл их хэмжээний мөнгө ороод ирнэ гэсэн ойлголт байхгүй. Үүнийг зөв ойлгох хэрэгтэй. Ер нь гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил эхэлчихсэн. Гүний уурхайн техникийн захиалгууд, технологийн сонголтууд эхэлчихсэн байгаа. Харин сэтгүүлчид энэ бүх бүтээн байгуулалтын ажлыг бус мөнгө хэзээ орж ирэх вэ гэдгийг их сонирхох юм. Улстөрчид ч ялгаагүй. Ямар нэгэн том төсөл эхэллээ гэхэд улсын төсөвт хэзээ мөнгө орж ирэх вэ гэж хардаг. Гэхдээ энэ бол жам л даа.

-Өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас хойш яг ямар ажил хийчихгээд байгаа юм бэ?

-Хамгийн гол нь гадаадад захиалга өгөх ажил өнгөрсөн саруудад явагдлаа. Одоо ч зарим нь дуусаагүй байна. Гүний уурхайн бүтээн байгуулалт хамгийн багадаа 2-3, цаад тал нь 4-5 жил үргэлжлэх ажил шүү дээ. Тухайлбал, хэдхэн өдрийн дотор 200-300 метрийн туннель ухаж олборлолтынхоо замыг засна гэж байхгүй. Ирэх тав, зургадугаар сараас монгол ажилчдыг олон зуугаар нь ажилд авч эхэлнэ. Оюутолгой төслийн үр нөлөө одооноос л эдийн засагт мэдрэгдэнэ. Хамгийн наад зах нь Ханбогдод уурхайн орчим хэчнээн гэр барих вэ, эсвэл бүр сэндвичэн байр барих уу, гэр баривал ямар аж ахуйн нэгжээс авах вэ, цахилгааныг нь хаанаас авах вэ, бохирыг нь хэрхэн шийдэх вэ гэх мэт сонголтоо өнгөрсөн саруудад хийсэн. Өнгөрсөн гуравдугаар сард болсон ТУЗ-ийн хурлаар өчнөөн хүнийг багтаах кэмпийн өргөтгөлийг барихаар боллоо. Үүндээ тохирсон төсвийнхөө тодотголыг баталлаа. Ер нь тохирсон ёсоороо бүх ажил эрчимжээд, горимоороо явж байгаа. Гагцхүү улстөрчид, Сангийн яамны мөнгөний хүлээлт, хүмүүсийн ажилтай болох гэсэн хүлээлт нь, бүр томоор нь авч үзвэл хоёрдогч үр дагавар нь өөр өөрийн гэсэн шат дараалалтай. Энэ бүгдийг нь ойлгохгүйгээр хэзээ ажил эхлэх вэ, эхэлсэн үү гэж яриад байх юм. Бүгд өөр өөрийн гэсэн тодорхой хариулттай. Бүх процесс тус тусынхаа төлөвлөсөн тодорхой хугацааны дагуу явж байгаа.

-Та мөнгө хэзээ орж ирэхийг хүлээж байгаа хүмүүст шүүмжлэлтэй хандаж байгаа ч Засгийн газар “Оюутолгойн нэг тэрбум ам.долларын санхүүжилт орж ирэхээр энэ ондоо багтаагаад орон сууцны зээлийн хүүг нийтэд нь таван хувь болгоно” гэж мэдэгдсэн шүү дээ?

-Харин улстөрчид, сэтгүүлчид нийгэмд ингэж хүлээлт үүсгээд байх юм. Улстөрчид нь УИХ, Засгийн газрын гишүүнийхээ хувиар ганцхан өдрийн дотор маш олон хүний анхаарлыг татах асуудлаар мэдэгдэл хийдэг. Түүнийг нь сэтгүүлчид өөрсдийнхөө сувгаар дамжуулчихдаг. Улстөрчид, сэтгүүлчдийн нийгэмд үзүүлэх нөлөө нь их. Жишээ нь, таксины жолооч шөнөжин хүн зөөлөө гэхэд сайндаа 50 хүнд л ухуулах ажиллагаа явуулна. Тиймээс улстөрчид, сэтгүүлчид бусдаас илүү хариуцлагатай байх ёстой. Эдийн засгийн онцлогийг мэдэхгүйгээр мөнгө орж ирнэ гээд яриад байж болохгүй. Сангийн яамны системд ажиллаж байгаа хүн мөнгө орж ирнэ гэдгийг төсөвт орж ирснээр л тооцдог. Харин би хэн нэгэн хүнтэй наймаа хийгээд мөнгөө компанийнхаа дансанд авсан бол зөвхөн тэр компанийнхаа хувьд л мөнгө орж ирсэн гэсэн үг. Тэр мөнгөө зарцуулаад Монгол Улсын санхүүгийн системд эргэлдэж эхлэх юм бол улсад мөнгө орж ирлээ гэж ойлгох хэрэгтэй.

Эдийн засгийн онцлогийг мэдэхгүйгээр мөнгө орж ирнэ гээд яриад байж болохгүй. Сангийн яамны системд ажиллаж байгаа хүн мөнгө орж ирнэ гэдгийг төсөвт орж ирснээр л тооцдог. 

Оюутолгойн уурхайтай холбоотойгоор Монгол Улсын хөрөнгө оруулалт жил бүр нэг тэрбум ам.доллараар нэмэгдлээ гэдэг нь энэ мөнгийг цүнхэнд хийгээд Б.Болор сайдад өгчихсөн гэсэн үг биш гэдгийг яаж сайн ойлгуулах ёстой юм, бүү мэд. Манай улс дотооддоо бараг юу ч үйлдвэрлэдэггүй. Гэтэл 1000 метрийн гүнд байгаа тэр уурхайд ашиглах техник, тоног төхөөрөмжийг худалдаж авахаар гадаад руу 500 сая ам.доллар шилжүүллээ гэхэд тухайн үедээ энэ мөнгөнөөс нэг ч ам.доллар нь Монголд үлдэхгүй ш дээ. Хэзээ орж ирэх вэ гэхээр, тухайн тоног төхөөрөмж нь гаалиар орж ирэх үед татвар хэлбэрээр орж ирнэ. Сангийн сайдын мэдэлд анх удаа мөнгө орж ирж байна гэсэн үг. Гэхдээ нэг тэрбум ам.доллар гэсэн чинь хаана байна аа гэж болохгүй. Яагаад гэвэл, биет байдлаараа 500 сая ам.долларын үнэтэй тоног төхөөрөмж ороод ирлээ шүү дээ. Ер нь эхний хөрөнгө оруулалт орж ирж байгаа энэ үед ихэнх зардал нь гадагшаа явчихна. Яагаад гэвэл, тоног төхөөрөмж их шаардсан бизнес учраас тэр. Манай Монголоос тун удахгүй бараа бүтээгдэхүүн авч эхэлнэ. Элс, хайрга, бетон, цемент, хоол хүнс, ажилчдын хувцас, засвар үйлчилгээ гээд өчнөөн олон үйлчилгээг Монголын аж ахуйн нэгжүүд хариуцна. Өмнө нь Монголд байгаагүй их хэмжээний орлого орж ирнэ гэж ойлгож болно. Оюутолгойн төсөл анх эхлэхэд эдийн засагт ямар том хаялгатай байсныг бид мэдэрсэн шүү дээ. Эдийн засаг нь жилийн 17 хувиар өсч, 10 хүрэхгүй жилийн дотор бараг хүн болгон машинтай болсон, өчнөөн олон барилга баригдсан. Зөвхөн Оюутолгой биш, Тавантолгой, хориглоод байсан “Урт нэртэй” хуулийн нөлөөгөөр бий болсон том, жижиг уурхайнууд нийлээд эдийн засгийг 17 хувиар өсгөсөн л дөө. Гэтэл багахан амжилтдаа хөөрөөд бүгд л байгаль хамгаалагч болчихсон. Эцсийн дүндээ тэр олон уурхайгаа сүүлийн хэдхэн жилийн дотор зогсоочихлоо ш дээ. Одоо тэгээд хэндээ гомдох юм бэ. Энэ хүнээс л боллоо гэж хэн нэгэн рүү заах боломжгүй. Бид бүгдээрээ л ямар нэгэн байдлаар оролцсон. Гаднын хэн нэгэн ирээд үүнийгээ ингэ, тэрийгээ тэг гэж хэлээгүй. Өнөөдрийн хямралын 60-70 хувийг монголчууд бид өөрсдөө бүтээсэн. Мөнхийн рашааны эрэг дээр очоод суучихсан юм шиг л загнасныхаа горыг одоо амсч байна.

Монголоос тун удахгүй бараа бүтээгдэхүүн авч эхэлнэ. Элс, хайрга, бетон, цемент, хоол хүнс, ажилчдын хувцас, засвар үйлчилгээ гээд өчнөөн олон үйлчилгээг Монголын аж ахуйн нэгжүүд хариуцна.

-Гадаадын зах зээл дээр түүхий эдийн үнэ унасан нь хямрах гол шалтгаан болсон гэж тайлбарладаг ш дээ. Таныхаар бол тийм биш гэж үү?

-Гадаадын зах зээлийн нөлөө нь 30-40 хувь. Яагаад гэвэл, зөвхөн Монгол ийм байдалтай байгаа юм биш. Нүүрс авахаа больчихоор бид яах юм бэ. Ганцхан Монголыг хохирооё гээд БНХАУ нүүрс авахаа больчихоод байгаа юм биш.

-“Эдийн засаг ингэж хямарсны шалтгааныг нэр заагаад хэн нэгэн хүнээс хайна гэж байхгүй. Бүгдээрээ л буруутай” гэлээ. Харин сүүлийн үед томоохон төслүүдээ явуулахгүй байгаа нь нэр бүхий хүмүүсийн буруу мэтээр ярих боллоо. Үүнийг та юу гэж харж байгаа вэ?

-Хүмүүсийн ярьж байгаа шиг Ерөнхийлөгчөөс боллоо, эвсэл салбар хариуцаж байгаа сайдаас боллоо гэх юм бол өрөөсгөл ойлголт болно. Тиймээс би нэр заах боломжгүй гэж хэлсэн юм. Хэдийгээр томоохон шийдвэр дээр эрх мэдэлтэй нэг хүний нэр бичигдэж гарын үсэг зурдаг боловч тэр шийдвэр нь олон шатыг дамжиж гардаг. Гэхдээ эрх мэдэлтэй бүлэг хүмүүсийн зонхилох нөлөө байхыг үгүйсгэхгүй. Нөгөөтэйгүүр, том төсөл дээр дандаа том сонирхлуудын мөргөлдөөн гардаг. Олон тэрбум төгрөгийн төсөл байх л юм бол янз бүрийн сонирхолтой бүлгүүд түүн дээр хараагаа тусгадаг. Хамгийн наад зах нь элс хайрга, хоол хүнс нийлүүлэх, тээврийг нь хийх сонирхолтой хүмүүс тийшээ анхаарлаа хандуулдаг юм. Мөн гаднын улс орнууд өөртөө ашигтай шийдвэр гаргуулахын төлөө нөлөөлөх гэж оролддог. Монголд зарим төсөл урагшаа явахгүй байна гэдэг чинь хариуцаж буй сайдынх нь мулгуу байдлаас болж зогсоод байгаа хэрэг биш шүү дээ. Том сонирхлуудын мөргөлдөөн явагдаад зарим нь ялж, нөгөө хэсэг нь ялагдаад байна. Ямар ч улс оронд ийм зүйл болдог л байхгүй юу.

-Гэхдээ ийм  зүйл ямар ч улс оронд болдог гээд зүгээр хараад сууж болохгүй биз дээ. Ийм зүйлийг алга болгож том төслүүдээ урагшлуулахын төлөө ажиллах ёстой юм биш үү?

-Үүнийг алга болгоно гэж байхгүй. Хойд насандаа л алга болгож болох байх. Проблемгүй амьдрал хойд насанд л байдаг юм.

АН-ын дотор юуны төлөө нь ойлгомжгүй зодоон хэтэрлээ

-Танай нам дотор өрнөж байгаа зөрчил ч ялгаагүй юу?

-Ер нь манай нам дотор болж байгаа үзэгдэл бол нийт Монголын үзэгдэл. Ганцхан манай АН-д л хэдэн тэнэг юмнууд цуглачихаад асуудлаа шийдэж чадахгүй мулгуутаад байгаа юм биш. 1990 оны үед тухайн үеийн МАХН-ын зарим зүйлийг хүлээн зөвшөөрч, эднийх шиг ийм сахилга баттай, зохион байгуулалттай байгаасай гэж бодох хүн манай намд олон байсан. Гэтэл өнөөдөр тийм бодолтой хүмүүс нь цөөнх болчихлоо. Дүрмийн бүс тоглоом явагдаж тэр хүмүүс шахагдаад байна. Яагаад гэвэл, мэргэжлийн, юмаа мэддэг хүмүүс дүрэмгүй зүйл рүү ордоггүй юм. Хэн ордог вэ гэвэл, саваагүй нохой саранд хуцна гэгчээр юм мэддэггүй хүмүүс л ордог. Хамгийн гол нь хүн оролцож байгаа юмаа, ярьж байгаа сэдвээ мэддэг байх хэрэгтэй. Мэдэхгүйгээр “Манай босс тэгсэн юм” гээд зүтгээд байж болохгүй ш дээ. Бие хамгаалагч бол бодох шаардлагагүй. Дарга руу нь хүн дайрах юм бол даргынх нь буруу ч байсан, зөв ч байсан хамаагүй хамгаалах л ёстой. Харин намын гишүүн гэдэг чинь даргын бие хамгаалагч биш байхгүй юу.

-Та сая дүрэмгүй зүйл рүү юмаа мэддэг хүн ордоггүй гэлээ. Танай намынхан дүрмээ биелүүлэхгүй байгаа учраас та намынхаа үйл ажиллагаанд оролцохгүй байгаа юм уу?

-Ялагдаад л байсан болохоос биш би дандаа л оролцож байсан ш дээ. Миний идэвхийг чи яаж үнэлээд байгаа юм бэ. Талбай дээр гараад даавууны өөдөс эргүүлээд орилоод байвал би идэвхтэй харагдах уу. Гацчихсан байсан Оюутолгой төслийн ажлыг хийгээд урагш нь явуулж байгааг минь идэвхгүй байна гэж үзээд байгаа юм уу.

-Та бол намынхаа гол лидерүүдийн нэг. Гэтэл намынхаа үйл ажиллагаа, дотоод амьдралд нь лидерийн үүргээ биелүүлэхгүй байгаа юм биш үү?

-Тамирчид олимпод орохын тулд эхлээд эрхээ авдаг. Эрхээ авч чадаагүй бол оролцох ямар ч боломжгүй ш дээ. Үүнтэй адилхан идэвхтэй үгээ хэлэх эрхийн төлөөх сонгуульд ороод эрхээ авч чадаагүй юм чинь би яах ёстой юм бэ. “Уг нь би илүү ухаантай. Гэвч чи сонгогдчихлоо. Чи байж бай. Би дуугарна аа” гэж хүнийг шахаад идэвхтэй байх ёстой юм уу.

-Сонгуульд ялагдсан ч гэсэн намдаа идэвхтэй ажиллаж байгаа хүн олон ш дээ?

-Би намын анхан шатны үүр байгуулж, хурлын зар тараагаад явж байдаг хүн биш. Миний төвшин, зиндаа гэж байна даа. Би зар тараахгүй байгаа учраас идэвхгүй байна гэж дүгнэж болохгүй.

-Би таныг намынхаа байгаа байдал, дотоод зохион байгуулалтад сэтгэл дундуур байдаг учраас яг голд нь орж ажилладаггүй юм биш биз дээ гэж бодсон юм.

-Үгүй. Тийм биш. Оролцох зүйл гэж байна. Оролцохгүй зүйл ч бий. Ер нь оролцдог учраас л өдийд ингээд явж байгаа юм шүү дээ. Хар “Би энд оролцож байна шүү” гээд твиттерээр зарладаг хүн биш л байхгүй юу.

-Гэхдээ та намынхаа удирдлагад сэтгэл дундуур байдаг юм биш үү. Та Бодлогын зөвлөл дээр Д.Дорлигжав сайдын зохион байгуулсан хэлэлцүүлэгт оролцохдоо “Манай намын даргад оролцохгүй юм гэж алга” гэж ярихыг чинь сонссон. 

-Сэтгүүлчид та нар л тийм гарчиг өгчихсөн байсан.

-Та тэгж хэлсэн нь үнэн ш дээ. Зүгээр нэг санаандгүй байдлаар хэлчихсэн хэрэг үү?

-Хүний ярьсан зүйлийн нэг хэсгээс зөвхөн нэг өгүүлбэрийг нь сугалаад авчихаар тухайн хүний ярьсан зүйл эсрэг утгаар ойлгогдох тохиолдол гардаг. Манай нам бол өөрийн дүрэмтэй. Намын дарга нь Ерөнхий сайд байна гээд тунхаглачихсан. Гэтэл өнөөдөр янз бүрийн бодит шалтгаанаас болоод салчихаад байна. Бидний тунхагласан зарчим хэрэгжихгүй байна. Үүнээс болоод намын дарга нь хийх ёсгүй ажлаа барьж авч хийгээд байна. Уг нь тэр хүний үүрэг биш байхгүй юу. Манай намд Н.Алтанхуяг гэж хоёр функцтэй хүн байсан. Гэтэл УИХ-ын дарга нь намын дарга болоод Ерөнхий сайд нь өөр нэг хүн болчихлоо. Энэ нь зөв, буруу гэж би дүгнээгүй. Ямартай ч намын дүрэмд заасан зарчим чинь өөр болчихлоо, намын дарга хийх ёсгүй ажлаа хариуцаж хийгээд байна л гэж хэлсэн. Энэ нь зөв юм бол үүндээ тохируулж намынхаа дүрмийг шинэчилье. Буруу юм бол зөв голдирол руу нь оруулъя. Миний санаа бол ердөө л энэ. Түүнээс биш “Манай намын дарга З.Энхболд гэж юм болгон руу орсон, том толгойтой амьтан байна” гэдэг утгаар хэлээгүй юм. Гэтэл ингэж ойлгогдохоор гарчиглачихсан байсан. Ихэнх хүмүүс тэр гарчгийг уншаад тэгж ойлгож байна.

-Дотроо олон фракцад хуваагдчихаад, фракцынхаа хүчээр өрсөлдөж байгаа учраас дүрэм хэрэггүй болчихоод байгаа юм биш үү?

-Фракц гэдэг ойлголт бүр анх МҮДН гэж байхад л байсан юм. Нам дотор фракц байж ч болно, байхгүй байсан ч болно. Байвал дүрэмтэй байя, байхгүй бол дүрмийн дагуу байхаа больё л гэсэн байр суурьтай байгаа. Асуудал нь фракцтай, фракцгүйдээ байгаа юм  биш. Улстөрчид нь юм мэддэг хүмүүс байна уу, мэддэггүй хүмүүс байна уу, бусдыг дагаж хошуурдаг хүн байна уу, эсвэл өөрийн бөндгөрөө ажиллуулдаг хүн байна уу гэдэгт л байгаа юм. Харин фракцын үйл ажиллагааг зохицуулсан, найруулсан, гаргасан шийдвэрийг нь хууль ёсны болгосон механизм байх ёстой. Гэтэл өнөөдөр манайд ямар ч механизм байхгүй. Тэгсэн хэрнээ бүр тамга, тэмдэгтэй, татвартай нам доторхи бие даасан бүтэц болчихоод байна. Энэ нь буруу ш дээ. Фракцын дарга нар нь уулзаад шийдвэр гаргадаг болчихлоо. Уг нь ҮЗХ гэж нэг байгууллага бий ш дээ. Гэтэл тэр нь ч хуралдахгүй юм. Ер нь ҮЗХ-ны гишүүнээр сонгогдсоны хэрэг юу байна аа, хуралдахгүй юм бол. ҮЗХ нь хуралдаж шийдвэр гаргахгүй юм бол Ганболд намаа ялуулахын тулд аль фракцад очих ёстой юм бэ. Э.Бат-Үүл бид хоёр фракц хайгаад явах юм уу, хаашаа юм. Би анх энэ намыг байгуулалцаж явсан хүний хувьд үзэл санаандаа үнэнч байх ёстой. Түүнээс биш энэ тэр фракцынх гээд хүмүүсээ ялгаж болохгүй ш дээ. Бид намынхаа батлахаар нэгдэж бусад намаас үзэл бодлоороо ялгарах ёстой. Гэтэл бодлогоороо ялгарахаа больсон. Амлалтаараа л уралддаг болчихлоо. МАН манай намыг дагах нь зүйн хэрэг. Угаасаа тэд 1990 оноос хойш нэг ч шинэ санаа гаргаж байгаагүй. Дандаа бидний гаргасан санааг баяжуулаад тоо хэмжээг нь ахиулаад л явж байгаа болохоос биш иж бүрэн, цэгцтэй бодлого ерөөсөө гаргаагүй. Сүүлийн үед бид ч энэ уралдаан руу нь яваад орчихлоо. Ямар ч ялгаагүй болчихлоо гэсэн үг. Одоо бусдаас ялгарч энэ байдлаасаа гарахын тулд бид үзэл санаагаа дагах хэрэгтэй. Д.Дорлигжав ч гэсэн үүнийг уриалж байгаа. Фракц бус бодлогоо дагая гээд. Нэг нэг хүнд захирагдаж хэдэн азарга адуу шиг байж болохгүй. Аль азарга нь хүчтэй байна, хэдэн гүү хураах нь уу гэдэг байдлаар асуудалд хандаж болохгүй ш дээ. Гишүүд ч гэсэн бодох хэрэгтэй. Азарга дагасан гүү шиг байж болохгүй биз дээ.      

-Одоо “азарга”-нууд нь хоорондоо зодолдоод, нэг нэгнээ шүүмжлээд эхэллээ. Тухайлбал, Н.Алтанхуяг гишүүн мэдэгдэл хийж Ерөнхийлөгчид шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлсэн. Та түүний мэдэгдлийг яаж хүлээж авсан бэ?

-Тэр шүүмжилж байгаа хүнийг нь сайн, муу гэж хэлэхэд хэцүү. Ер нь тогтчихсон логикоороо бол шүүмжлэх нь буруу байх л даа. Нам дотроо хагарал бутралтай байгаагаа харуулах нь буруу. Гэхдээ АН анх үүссэн цагаасаа хойш дандаа л ийм байсан. Энэ бол хоёр талтай асуудал. Юм мэдэхгүй, өнгөц дүгнэлт хийдэг хүмүүс тэр хэрүүлийг нь анхаараад байдаг юм. Өнгөрсөн 25 жилийн түүхийг харахад АН дандаа л хагарч бутарсан, салж нийлж, зодоон нүдээн хийж ирсэн түүхтэй. Гэвч эцсийн дүндээ богино хугацаанд ч гэсэн засгийн эрхэнд гарахдаа манайхан юм хийдэг л байхгүй юу. Юм мэддэг хүмүүс бол зодоон нүдээнээс нь илүү хийсэн ажлыг нь хардаг. Амьд хүн байгаа цагт зодоон байдаг юм. Гэр бүл, найз нөхдийн хүрээнд ч байдаг биз дээ.

-АН доторхи зөрчил, тэмцэл байх ёстой хэмжээнээсээ хэтэрчихээгүй юү?

-Сүүлийн сар, жилүүдэд дүрэмгүй, намын дүрмээс хазайсан зүйл их гарлаа. Энэ нь явсаар байгаад чанарын өөрчлөлтөд хүргэж, эерэг агуулгыг маань саармагжуулчих юм биш биз дээ гэж санаа зовж байна.

-Сонгуулийн дүнд сөргөөр нөлөөлчих вий гэж болгоомжилж байна гэж үү?

-Тийм. Ямар ч шатны сонгуулийн өмнө намын гишүүд айж түгшдэг. Мэдээж аль болох муу зүйл нь бага байгаасай гэж л бодно. Гэхдээ сонгууль болох гэж байна гээд дэлгүүрийн лангууны ард байгаа манекан шиг байх нь утгагүй. Манай нам бол амьд нам. Ширүүн догшин хүн ч ихтэй. Юм хийдэг зоригтой аавын хүүхдүүдийн зан ааш нь угаасаа тийм хурц ширүүн байдаг юм. Манай нам дотроо хэдийгээр зодоон нүдээнтэй байдаг хэдий ч ард түмэн цаад гүн агуулгыг нь харж итгээд байна ш дээ. Гэхдээ ингэдэг юм гээд байнга зодоон хийж хүний дургүйг хүргэж болохгүй л дээ. Юм гэдэг чинь ах захтай, хэмжээ хязгаартай байх ёстой.

-Одоо бол хэмжээнээсээ хэтэрчихлээ гэдэгтэй санал нийлж байгаа юм уу?

-Ер нь хэтэрээд л байна. Ялангуяа агуулгагүй, юуны төлөө гэдэг нь ойлгомжгүй зодоон нь хэтэрлээ. Түүнээс биш тодорхой бодлогын төлөө зодоон байж болно  ш дээ.

С.ШИЙЛЭГТӨМӨР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна