Булш бунхан, ханын зургийг сэргээн засна

2016 оны 4 сарын 13

Монгол Улсын БСШУЯ Булган аймгийн Баяннуур сумын нутагт орших Улаан хэрмийн Шороон бумбагар бунхант булш, ханын зургийг авран хамгаалах, сэргээн засварлах төслийг хэрэгжүүлэх тухай гэрээг Бүгд Найрамдах Турк Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлагтай өнөөдөр байгууллаа.

Гэрээнд Монголын талыг төлөөлөж БСШУЯ-ны Соёлын бодлого, зохицуулалтын газрын дарга Д.Гантөмөр, Туркийн талаас ТИКА-гийн Улаанбаатар дахь Хөтөлбөр зохицуулалтын газрын дарга Вэйсэл Чифтжи нар гарын үсэг зурлаа.

Талууд төслийн хүрээнд нэн тэргүүнд Улаан хэрмийн Шороон бумбагар бунхант булш, ханын зургийг авран хамгаалах зорилгыг тавьж байгаа бөгөөд 2016 ондоо багтаан дараах арга хэмжээг авахаар боллоо. Үүнд:

  1. найдвартай цахилгааны эх үүсвэрийг бий болгох,

  2. дурсгалыг хамгаалахад хэрэгцээтэй агаарын зураг болон 3 хэмжээст скайнаар нарийн хэмжилтийн мэдээллийн сан бүрдүүлэх,

  3. геологи, хөрс шорооны судалгааг гүйцэтгэх, ханын зурагт хамгийн их эрсдэл үүсгэж буй ус чийгийг гадагшлуулах сувгийг байгуулах,

  4. бунхант булшны ханын зураг түүний орчин тойрны агаарын хэм, чийгийг тогтвортой хэмд барих дулаан, агааржуулалтын системийг байрлуулах.

Уг төслийн үйл ажиллагаа ирэх 2-3 жил үргэлжлэх бөгөөд тухайн жилүүдэд Монгол Туркийн судлаачид 2016 оны судалгааны ажил дээр тулгуурлан цаашид авран хамгаалах, сэргээн засварлах, музей байгуулах ажлыг төлөвлөн гүйцэтгэнэ.

Шороон бумбагар төслийн санхүүжилтийг Туркийн тал бүрэн хариуцах юм.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна