АН, МАН-ын нууц тохиролцоо

Хуучирсан мэдээ: 2016.04.13-нд нийтлэгдсэн

АН, МАН-ын нууц тохиролцоо

Энэ удаагийн сонгуульд цэнхэрүүд дангаараа, улаанууд эвсэх, нэгдэх хэлбэрээр оролцох дүр зураг ажиглагдаж байна-

Зургадугаар сарын 29-ны Лхагва гаригт Монгол Улсын парламентын сонгууль явагдана гэж товлогдсон бөгөөд өнөөдрөөс тоолбол хоёр сар гаруй хугацаа үлджээ. Намууд нэр дэвшигчээ тодруулах, мөрийн хөтөлбөрөө боловсруулах гээд ид ажилтай байна. Учир нь хуульд зааснаар намууд мөрийн хөтөлбөрөө боловсруулж, аудитаар баталгаажуулсан байх ёстой хугацаа дөрөвдүгээр сарын 20-ноор дуусгавар болно. Өөрөөр хэлбэл, мөрийн хөтөлбөрөө хэлэлцэж, аудитаар батлуулах  долоо хоногийн хугацаа л намуудад үлдсэн гэсэн үг.

Дээр нь шинэ оны өмнө өөрчилсөн Сонгуулийн хуульд дахин гар дүрэхээр АН,МАН-ынхан “амьсгаа дээгүүр” явна. Сонгуулийн хуулийг өөрчлөхөөр  УИХ-ын гишүүн Ш.Түвдэндорж, Л.Болд нараас хоёр ч хуулийн төсөл боловсруулаад байгаа билээ.  УИХ дахь АН-ын бүлгийн гишүүн Ш.Түвдэндоржийн зүгээс  жагсаалтыг цөөлөх, нийслэлийн мандатыг зургаагаар нэмэх хуулийн төсөл боловсруулсан бол УИХ-ын гишүүн Л.Болд Сонгуулийн хуульдаа залуучуудын квотыг 20 хувьд хүргэн тогтоож өгөх, үүнийг 2016 оны УИХ болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулиар мөрдөх боломжтой гэсэн санал дэвшүүлээд буй юм. Тэгвэл Ш.Түвдэндорж, Л.Болд нараас гадна  Сонгуулийн хуулийг өөрчлөх өөр нэгэн хувилбар дээр АН, МАН-ын бүлгийн гишүүд санал нэгдэж, удахгүй УИХ-д өргөн баригдаж болзошгүй гэсэн мэдээлэл ч байна.

Энэ талаар УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг өчигдөр хэвлэлийн бага хурал хийхдээ “Сонгуулийг мажоритор системээр явуулахаар болсон хэмээн ам алдсан бий.

Хамгийн сүүлд гарсан “Сант Марал”-ын судалгаагаар АН, МАН-ын рейтинг ойролцоо, гэхдээ 20 хувиас хэтрэхгүй байгаа.  Тиймээс АН, МАН-ынхан сонгууль болохоос хоёр сарын өмнө Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж,  48:28 гэсэн пропорциональ системээр биш олон мандат бүхий жижигчилсэн тойргоор буюу 76  мажоритор системээр сонгуулийг явуулахаар тохиролцсон гэдгийг зарим гишүүд үгүйсгэхгүй байна. Тодруулбал, жагсаалтын 28-ыг болиулж хөдөөгийн тойргийг 18-аар, хотын тойргийг 10-аар нэмэхээр  өөрчлөлт оруулсан Сонгуулийн шинэ хуулийн төслийг  өнөө, маргаашгүй УИХ-д өргөн барихаар төлөвлөж байгаа гэх.  Энэхүү хуулийн төсөл УИХ-аас дэмжлэг авсан тохиолдолд  жагсаалтаар УИХ-д сонгогдоно гэсэн ойлголт байхгүй болно.  Энэ тохиолдолд намууд 76 нэр дэвшигчээ тойрогт сойно гэсэн үг.

АН, МАН-ынхан сонгууль болохоос хоёр сарын өмнө Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулж,  48:28 гэсэн пропорциональ системээр биш олон мандат бүхий жижигчилсэн тойргоор буюу 76  мажоритор системээр явуулахаар тохиролцсон гэдгийг АН,МАН-ын гишүүд үгүйсгэхгүй байгаа юм. Тодруулбал, жагсаалтын 28-ыг болиулж хөдөөгийн тойргийг 18-аар хотын тойргийг 10-аар нэмэхээр  өөрчлөлт оруулсан Сонгуулийн шинэ хуулийн төслийг  өнөө, маргаашгүй УИХ-д өргөн барихаар төлөвлөж байна. 

МАН-ын зүгээс сонгуулийг жижигчилсэн тойргоор буюу 2008 он хүртэл мөрдөж ирсэн  мажоритор системээр явуулах  сонирхолтой байсан. Харин Ардчилсан намын зүгээс энэ хувилбарыг дэмжээгүй бөгөөд шинэ оны өмнө баталсан Сонгуулийн хуулиар 2012 оны сонгууль шиг 48:28 гэсэн холимог системээр сонгуулийг явуулахаар хуульчилсан юм.  Гэхдээ нийслэлийн мандатыг нэмэх асуудлыг АН-аас эхэлж сөхсөн бөгөөд харин МАН-ын зүгээс “Тэгвэл жагсаалтын 28-ыг тойрогт хуваарила” гэсэн шаардлагыг сөргүүлэн тавьж байв. 

УИХ-аас дөрвөн сарын өмнөхөн баталсан шинэ хуульд  таван хувийн босго тавьж, тойрогт санал аваагүй намыг бусдад нь хуваахаар суулгасан юм.  

Тэгвэл АН,МАН-ынхан батлаад удаагүй бараг шинээрээ байгаа хуулиа дахин өөрчлөхөөр санаа шулууджээ гэлтэй.  АН, МАН-ын рейтинг адилхан уналттай, дээр нь намуудын дунд жагсаалтын наймаа, хор хэрүүл ихтэй байгаа нь нөлөөлсөн үү, ямар ч байсан жижигчилсэн 76 тойргоор сонгуулийг явуулах тохиролцоонд нэгэнтээ хүрсэн бололтой. Энэ  хувилбараар сонгуулийг явуулах  жижгүүдэд ашиггүй. Сонгуулийн сурталчилгааг ердөө 17 хоног явуулахаар хуульчилсан нь шинэ хүн гарахад тун бэрхшээлтэй болно. Нөгөө л улиг болсон гишүүд дахин сонгогдох магадлал өндөртэй болж байна гэсэн үг. Энэ нь АН болон МАН-д илүү ашигтай хувилбар. Ийм асуудал гарч магадгүй гэснээс дөрвөн сарын өмнө баталсан Сонгуулийн хуульд “Сонгууль болохоос зургаан сарын өмнө Сонгуулийн хуулийг шинэчилэн батална” гэсэн заалтыг АН, МАН-ынхан “мартаж, гээсэн” шалтгаан нь энэ байж болох.

Харин одоогийн хуулиар буюу холимог буюу 48:28 системээр сонгуулийг явуулах нь гуравдагчдийг гаргаж ирэх боломж бий. АН, МАН-ын нэр хүнд адилхан уруудаж, шинэ хүчин, шинэ бодлого, шинэ хүн үгүйлэгдэж байгаа нөхцөлд жижгүүд бодлоготой, нэв нэгдэлтэй хамтарч чадвал шүү дээ.   Гэвч, парламентад 35 ба 26 кноп бүхий хоёр том нам хүч түрэн сонгуулийг мажоритар системээр явуулна гэвэл жижгүүд яаж ч тийчлээд нэмэргүй.

 Мөрийн хөтөлбөрөө аудитаар баталгаажуулах хугацаа нь ирэх долоо хоногийн лхагва гаригт дуусгавар болох учраас  сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хэлэлцэн боловсруулахаар намууд хурлын товоо ар араасаа зарлаж байна.  Өнгөрсөн бямба гаригт Их тэнгэрт бүлгийн хуралдаанаа хийсэн Ардчилсан нам ирэх бямба гаригт Үндэсний зөвлөлдөх хороогоо хуралдуулахаар товложээ. Энэхүү хурлаараа сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хэлэлцэхээс гадна, яаж оролцох, мөн өөр бусад үүсээд байгаа асуудлаар ярилцана гэдэг мэдээллийг тус намаас өгч буй. Тэгвэл ИЗНН-ын Үндэсний хороо мөн ирэх бямба гаригт хуралдаж, ХҮН, МҮАН-аас тавьсан эвсэх, нэгдэх асуудлыг ярилцах юм байна. Харин ирэх даваа гаригт буюу энэ сарын 18-нд Монгол ардын намынхан Бага хурлаа хийж, сонгуулийн мөрийн хөтөлбөр болон МАХН-тай эвсэх асуудлаа нэг мөр эцэслэхээр болжээ. 

Эрх баригч Ардчилсан нам энэ удаагийн сонгуульд дангаараа оролцохоор  болж байна. Хэдийгээр ИЗНН болон МҮАН-д эвсэх, нэгдэх санал хүргүүлсэн ч тус намуудын зүгээс АН-тай нэгдэх боломжгүй гэдэг хариу нэгэнтээ өгсөн.  МҮАН-ын зүгээс ИЗЗН болон Эх орон намтай нэгдэж, Их эвсэл байгуулах сонирхолтой байгаа бөгөөд саналаа  албан ёсоор илэрхийлээд буй.  ИЗНН-ын зүгээс  Хөдөлмөрийн үндэсний намтай эвсэх бодолтой байгаагаа аль эрт илэрхийлсэн. Энэ асуудлыг ирэх бямба гаригт болох Үндэсний хорооныхоо хурлаар шийдэх гэнэ.

Тэгвэл энэ удаад улаанууд эвсэх, нэгдэх хэлбэрээр сонгуульд оролцож магадгүй байна. Энэ сарын 18-нд болох МАН-ын бага хурлаар олонх нь МАХН-тай нэгдэхийг дэмжвэл улаануудын хувьд ашигтай хувилбар болно гэсэн үг. Н.Энхбаярын зүгээс  сонгуульд ялсан тохиолдолд эрх мэдлийн хуваарилалтыг 60:40 гэсэн хувилбараар хуваана гэсэн шаардлага тавьсан ч МАН хүлээж аваагүй юм. Харин эргүүлээд МАН-аас тавьж байгаа 75:25 гэсэн хувилбарыг хэрэв Н.Энхбаяр зөвшөөрбөл ирэх зургадугаар сарын 29-нд болох сонгуульд МАН, МАХН нэг тугийн дор нэгдэж, өрсөлдөх дүр зурагтай байна. Харин МҮАН, ХҮН, ИЗНН, Эх орон намууд нэгдэж Их эвсэл байгуулсан тохиолдолд Монголын төрд татсан МАНАН-г сарниах боломж бас бий.

Ж.НЯМСҮРЭН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж