"Реал" Германы "чононууд"-ыг бутниргэв

2016 оны 4 сарын 13

К.Роналду амласандаа хүрч, "Реал" Германы "чононууд"-ыг бутниргэв

"Реал" (Испани)-Волфсбург (Герман)-3:0 (өмнөх тоглолт 0:2).

Мадрид хот. "Сантьяго Бернабеу" цэнгэлдэх хүрээлэн.

Гоолууд: Криштиану Роналду, 16 (1:0), 17 (2:0), 77 (3:0).

"Реал": Навас, Карвахал, Пепе, Серхио Рамос (ахлагч), Марселу, Каземиру, Кроос, Модрич (Варан, 90+2), Бэйл, Бензема (Хесе, 84), Криштиану Роналду.

Ахлах дасгалжуулагч-Зинедин Зидан.

"Волфсбург": Бенальо (ахлагч), Виейринья, Налду, Данте, Р.Родригес, Бруну Энрике (Калижури, 73), Луиз Густаву, Гилавоги (Дост, 80), Арнолд, Дракслер (Крузе, 32), Шуррле.

Ахлах дасгалжуулагч-Дитер Хеккинг.

Испанийн эзэн хааны алдарт "Реал" баг Германд болсон эхний тоглолтод "Волфсбург"-т 2:0-ээр хожигдон нэлээд хүнд байдалд орсон билээ. Аваргуудын лигийн түүхэнд шөвгийн наймд ийм тоогоор хожигдоод дараагийн шатанд шалгарч дөнгөсөн тохиолдол хоёрхон байсан тул арга ч үгүй. Гэвч "Реал"-ынхан хариу тоглолтын өмнө ялна гэдэгтээ итгэл төгс байсан юм. Тус багийн түлхүүр тоглогч Криштиану Роналду ярилцлага өгөхдөө, "Биднийг гайхамшигтай үдэш хүлээж байна. Бид талбай дээр сэтгэл хөдлөлөө барин тайван гарч ирээд хийж чаддаг зүйлээ хийнэ. Бидний өмнө том зорилт бий. Бид дараагийн шатанд шалгарах хэрэгтэй. Тэгсэн тохиолдолд тамирчид ч, хөгжөөн дэмжигчид ч гэртээ аз жаргалтай харьцгаана" гэжээ.

Дэлхийн шилдэг хөлбөмбөгчдийн нэг тэрээр хэлсэн үгэндээ эзэн болж, тоглолт эхлээд удаагүй байхад минутын зайтай "Волфсбург"-ийн хаалганд хоёр бөмбөг оруулсан билээ. Гэвч Германы "чононууд" цочрооноос хурдан гарч төдөлгүй хэд хэдэн аюултай довтолгоо зохион байгуулан тоглолтыг тэнцвэржүүлсэн бөгөөд эхний үед дахин гоол орсонгүй. 

Хоёрдугаар үед "Реал" ноёрхлоо бататган талбайг бүрэн эзэгнэж, "Волфсбург" урагш довтлох дэндүү эрсдэлтэйг ойлгон тайван гээч хамгаалж байлаа. Булангийн цохилтлын дараа Рамосын мөргөсөн бөмбөг "Волфсбург"-ийн хаалганы шонг оносныг эс тооцвол зочин багийнханд ноцтой аюул нүүрлээгүй. Харин тоглолтын цаг дуусахаас 13 минутын өмнө Модричийн эсрэг торгуулийн талбайн дөнгөж гадна дүрэм зөрчихөд цохилтыг гандан бууршгүй Криштиану Роналду гүйцэтгэхээр болсон юм. Тэрээр хамгаалагчдын ханыг тойруулан гайхалтай цохиж тооны харьцааг 3:0 болголоо. Төдөлгүй Бенземад "Реал"-ын ялалтыг батжуулах боломж гарсан ч хаалгач Бенальо багаа аварсан юм.

Үлдсэн хугацаанд "Волфсбург" чадлаараа довтолсон ч тоглолтыг эргүүлж дөнгөхгүй нь тодорхой байлаа. Ийнхүү Криштиану Роналдугийн гурван гоолын ачаар "Реал" Аваргуудын лигийн хагас шигшээд шалгарч чадав. Энд дурдахад Аваргуудын лигт хет-трик хийсэн тоогоороо (тав) тэрээр мөнхийн өрсөлдөгч, "Барселон"-ын Лионель Месситэй тэнцлээ.

Б.ТҮШИГ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна