“О.Магнайн эсрэг баримт байгаа”

2016 оны 4 сарын 13

-Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын хуучин дарга нар хоорондоо “дайн” зарлаж, бие биенийхээ булхайг дэлгэж эхэллээ-

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын /ШӨХТГ/ ээлжит дарга нарын дундах “тулаан” үргэлжилсээр л байна. Энэ “тулаан” үндсэндээ гурван асуудлыг ярьж буй.

  1. НИК компанийн торгууль

  2. Сүлжээ дэлгүүрүүдэд тавьсан торгуулиа О.Магнай эргүүлэн татдаг байсан

  3. Үнэ тогтворжуулах хөтөлбөрөөс 40 тэрбум төгрөг дарсан гэх гурван асуудлаар ШӨХТГ-ын дарга асан О.Магнай, Т.Аюурсайхан нар хэвлэлийнхэн удаа дараа хандаж байна.


О.Магнай: НИК-ийн торгуулийг Т.Аюурсайхан хүчингүй болгосон

Өнгөрөгч даваа гаригт О.Магнайгийн хийсэн мэдээллийг юун түрүүнд эргэн сануулъя. Тэрбээр “2012 онд НИК компани шатахууны хомсдолыг зохиомлоор үүсгэснээс үүдэн ШӨХТГ-аас 4.9 тэрбум төгрөгийн торгууль тавьсан. Улмаар гурван шатны шүүхээр ШӨХТГ ялалт байгуулсан. Гэвч шүүхээс эцсийн шатанд торгуулийг дахин тооцох хариу гаргасан. А-92, дизель түлшинд тооцоо хийж, торгуулиа дахин тавих шийдвэр гарсан юм. Миний хувьд их хэмжээний мөнгөн дүнд холбогдох асуудалд ганцаараа ажиллаж хэл ам гаргаад яах вэ гэж бодсоны дүнд таван хүнтэй ажлын хэсэг байгуулсан. Гэвч асуудлыг дуусгалгүй би ажлаа өгөхөөр болсон. Намайг ажлаа өгсний дараа Т.Аюурсайхан НИК-д тавьсан торгуулийг хүчингүй болгож, ажлын хэсгийнхнийг хууль бусаар халсан байсан” гэж мэдээлсэн.


Т.Аюурсайхан: Торгуулийг хүчингүй болгосон гэж худлаа

Тэгвэл өнөөдөр Т.Аюурсайхан мэдээлэл хийсэн юм. Тэрбээр НИК-ийн торгуулийг хүчингүй болгосон гэх О.Магнайгийн мэдээллийг өнөөдрийн хурлын үеэр ташаа гэв. Тэрбээр “Байцаагч Ж.Очирхуяг намайг ажлаа авахад торгуулийн дахин тооцооллын мэдээ ирээгүй гэж байсан. Гэвч Ж.Очирхуяг байцаагчид торгуулийн мэдээлэл, тооцоолол аль хэдийн ирчихсэн байсан юм билээ. Түүнийг нуун дарагдуулж байсан нь шалгалтаар илэрсэн. Хуулиараа бол шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс эхлэн биелүүлэх ёстой. Гэтэл О.Магнай тэргүүтэй албаныхан зориудаар удаашруулсан болох нь үүгээр батлагдаж байгаа юм” гэлээ.

Түүний мэдээлж буйгаар тухайн үед НИК-ээс торгуулийг хүчингүй болгох тухай бичиг ирсэн ч ийм боломжгүй гэх хариулт өгсөн. Ингээд бичиг баримтыг 2015 оны 12 дугаар сарын 16-нд АТГ-т шилжүүлсэн гэж мэдээлсэн юм. Мөн “Намйаг ажлаа авахад Засгийн газраас агентлагууд хүний нөөцийн 15 хувийг цомхотгох шийдвэр гарсан. Энэ хүрээнд гурван хүнийг л цомхотгосон. Харин намайг ажилд ороход гурван хүн ажлаа өгсөн. нэг хүн жирэмсний чөлөө, нэг хүн сургалтанд суухаар болсон” гэж мэдээллээ.


О.Магнай торгуулиа эргэж хүчингүй болгодог байсан уу?

Түүний ноцтой гэж нэрлээд байгаа баримт дунд О.Магнайгийн сүлжээ дэлгүүрүүдэд тавьсан торгуулиа эргүүлэн хүчингүй болгодог тухай ч багтсан гэж танилцууллаа. Тухайлбал, О.Магнай ШӨХТГ-ын дарга байхдаа Сууц өмчлөгчдийн холбоо /СӨХ/, сүлжээ дэлгүүрүүдэд иргэдийн эрх ашгийг зөрчсөн хэмээн их хэмжээний торгууль тавьдаг байсан ч үүнийгээ шүүхийн шатан дээр хүчингүй болгож, тохиролцдог гэж мэдээлэв.

Тухайлбал:

“МИАТ”, “Женко Тур”компанид 268 сая төгрөгийн торгууль, “Цолмон ус” компанид 10 сая төгрөг, цаашлаад “Хатан сүлжээ”, “Буян “гэх мэтчилэн нэр бүхий компаниудад тавьсан торгуулиудаа шүүхийн шатанд тохиролцоод эргэж хүчингүй болгодог гэв. Т.Аюурсайхан “Энэ бүгд баримттай. Миний гарт бүх баримт нь байна” гэв.

Тэгвэл энэ асуудалд О.Магнайгийн зүгээс тайлбарлахдаа “Тэр үед гурван том сүлжээ дэлгүүр байсан. Бүгдэд нь нэг зүйлээр торгууль тавьсан. Харин шүүхийн шатанд дэлгүүрүүд зөрчлөө арилгахаа мэдэгдэж, ийм асуудал дахин гаргавал үл маргах журмаар торгуулиа төлнө гэсний үндсэн дээр гэрээ байгуулсан” гэж мэдээллээ.

БЭЛТГЭСЭН: Б.ЗАЯА

                        Н.БАТМӨНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна