Сох дутсан үрийн буудайг хаанаас нөхөх вэ?

2016 оны 4 сарын 13

-48 мянган тонн үрийн буудай шаардлагатай байгаа ч энэ хаврын тариалалтад 16-18 мянган тонн буюу тариалах үрийн 40 орчим хувь нь дутаж буй ажээ-

Хаврын тариалалт хаяанд иржээ. Жил жилийн хаварт үр тариа, хүнсний ногоогоо тарьдаг, намар нь хураадаг болохоор гайхаад, давчдаад байх асуудал биш мэт. Гэвч энэ жилийн хувьд тариаланчид нь мөнгөгүй, салбарын яамнаас нь мөнгө өгье гэвч зээл авах нөхцөл нь бүрдээгүй тухай хаваржин шуугив. Бүр тариа тарихгүй ч гэж гэдийж үзлээ. Харин хамгийн сүүлд тариа тарих буудайны чанар тааруу төдийгүй хүрэлцээ муутай гэсэн тун муу мэдээг мэргэжлийн байгууллагууд гаргажээ.

МХЕГ-аас улсын хэмжээнд үр тариа, төмс, хүнсний ногооны үр болон хүнсний буудайн хадгалалт, хамгаалалт, нөөц, чанарт хийсэн хяналт, шалгалтын дүнг саяхан танилцуулсан.  Улсын хэмжээнд Архангай, Баян- Өлгий, Булган, Дорнод, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд Хөвсгөл, Хэнтий, Дархан- Уул, Орхон зэрэг 12 аймгийн 210 аж ахуйн нэгжийн төвшинд хавар тариалах үрийг шинжилжээ. Энэ онд тариалахаар хадгалсан үр тарианы 74 хувийг шинжилгээнд хамруулахад 73 хувь нь стандартын шаардлага хангасан бол үлдсэн  27 хувь нь цэвэршилт болон хог ургамал, соёололтын үзүүлэлтээр шаардлага хангаагүй гэсэн дүгнэлт гарчээ. 3000 тонн үрийн төмсний  мөн 25 хувь нь стандартын шаардлага хангаагүй байна. Хүнсний ногооны 24.6 тонн үрийг шинжилгээнд хамруулахад  76 хувь нь стандартын шаардлага хангасан, үлдсэн 24 хувь нь стандартын шаардлага хангаагүй гэсэн дүн гарчээ. Нийт үрийн ¼ хувь нь шаардлага хангаагүй гэсэн үзүүлэлт гарчээ. Хэрэвзээ шалгалт хийгээгүйсэн бол 23-25 хувийг эзэлж буй чанаргүй үрийг тариалахгүй үлдээх байсан уу. Тарьчихжээ гэвэл намар бид ямархан  буудай, төмсөөр хооллох байсан бол.

Тариалалтад хадгалсан үр өвчлөл ихтэй байгаагийн дээр хогийн ургамал маш их байгааг мэргэжилтнүүд тодотгов. Буудайн өвчлөл 3-5 хувь хүрч, тоост болон хатуу харууны тархалт, ургамлын өвчин үрийн хар хөгц альтернориоз, гельминтоспориоз хор хөнөөл нэмэгдэж байгаа тул энэ жил ургамал хамгааллын зориулалтаар ашиглаж болох зөвшөөрөгдсөн үр ариутгалын бодисоор яаралтай  ариутгахыг тариаланчдад зөвлөсөн байна.

Энэ жил 322.9 мянган га газарт үр тариалахаар төлөвлөсөн. Үүнээс 301.5 мянган га-д улаанбуудай, 15.1 га-д арвай, хошуу буудай, 13.6 мянган га-д төмс, 7.1мянган га-д хүнсний ногоо, 16.3 мянган га-д малын тэжээл, 25.3 мянган га-д тосны ургамал тарина. 301.5 мянган га-д улаанбуудай тариалахад нийтдээ 48 мянган тонн үрийн буудай шаардлагатай байгаа. Гэвч энэ хаврын тариалалтад 16-18 мянган тонн буюу тариалах үрийн 40 орчим хувь нь дутаж байгаа ажээ. Импортоор үрийн улаанбуудай оруулж ирэхээр яригдаж байгаа  ч тодорхой шийдэлд хүрээгүй байгаа юм. Тариаланчдад хаяглан олгож буй зээлийн хэдэн хувь нь тариалах үрэнд зориулагдахыг таашгүй.

Нөгөөтэйгүүр хавар тарих үрээ намар нөөцөлдөг номтой. Бүр сорчилж авч үлддэг тариаланчдын нягт нямбай ажиллагаа хааш хийсэн одов оо. Үрээ нөөцлөөгүй тариаланч сумгүй буу барьсан дайчнаас ялгаатай юу.

Д.ЦЭЭНЭ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна