"Домог" 10 нас хүрлээ

2016 оны 4 сарын 13

Тэгэхдээ тэдэнтэй холбоотой бүхэн үргэлж олон улсын тавцан дээр цуурайтдаг нь Монгол үндэсний язгуурын үнэ цэнэ, зэрэг зиндаа басхүү энэ урлагийг эх нутгийнхаа хөгжмийн хэлээр дуулж яваа “Домог”-ийнхны чансааг илтгэнэ. “Домог” дэлхийн язгуур урлагийн аварга боллоо, “Домог” олон улсын сонгодог хөгжмийн наадмаас Гран при хүртлээ гэх мэт мэдээллүүд монгол үндэстэн бид бүхний бахархал, домог болон чихэнд хоногшжээ. 

Тэд энэ жил 10 нас хүрлээ. Тэртээ 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор үндэсний язгуур урлагаа уламжлан хадгалах, эх орондоо төдийгүй дэлхий дахинаа таниулан сурталчлах, орчин үеийн этник чиглэлийн бүтээл туурвих, дэлхийн сонгодог болон бусад төрлийн бүтээлүүдийг морин хуур, хөөмэйн аялгууг хослуулан тоглох зорилгоор байгуулагдсан “Домог”-ийн төрсөн өдөр нь 3-р сарын 18-ны өдөр.

Эр цэргийн баяраар голомтоо бадрааж байсан шижигнэсэн таван залуу эр нэг, хоёр, гуравдугаар морин хуурч, их хуурч, цохивор хөгжимчин гэсэн өөр өөрийн үүрэгтэйгээр хамтлагаа нэгэн цул болгоно. Арван насны төрсөн өдрөө тэд 3-р сарын 18-нд Premium Palace зочид буудалд өөрсдийг нь дэмжиж тусалж ирсэн эрхэм хүмүүсийнхээ хүрээлэлд монгол цэргийн өдрийг тохиолдуулан хүндэтгэлийн цэнгүүн зохион байгуулсан нь 10 жилийн ойн хүрээнд хийгдэх олон ажлын зөвхөн эхлэл хэсэг нь.

Ирэх тавдугаар сард “Өсвөрийн морин хуурчдын наадам”, долдугаар сард манай улсад болох АСЕМ-ын уулзалтын үеэр гадаадын зочид төлөөлөгчид болон жуулчдад зориулсан тоглолтоо үнэ төлбөргүй толилуулахаар зэхэж байгаа аж. Аравдугаар сард үндэсний хөгжим болон хувцасны гэрэл зургийн үзэсгэлэн зохион байгуулах бөгөөд эл үзэсгэлэнд мэргэжлийн болон гэрэл зураг сонирхогчдыг идэвхтэй оролцохыг уриалсан.

Харин 12 дугаар сард “Домог 10 жил” тоглолтоо нижгэр хийхээр төлөвлөж байна. 

Дашрамд дурдахад, тус хамтлагийнхан өнгөрсөн хугацаанд Монгол үндэснийхээ урлагийг хөгжүүлэх, сурталчлахын зэрэгцээ улс орондоо тустай хүмүүнлэгийн ажил хийсээр ирсэн байх юм. Тухайлбал, Төв аймгийн Батсүмбэр сумын  асрамжийн газрын ахмадуудад үнэ төлбөргүй тоглолт хийж, гарын бэлэг гардуулдаг уламжлалтай аж. 

Элгэн Монголынхоо язгуур урлагийг орчин цагтай хөл нийлүүлэн дэлхийн дэвжээнд цуурайтуулж, эх соёл, тусгаар тогтнолоо урлаг, хөгжим хэмээх гайхамшигт зүйлээр дамжуулан тунхаглаж ирсэн “Домогт” 10 жилийн тань баярын мэнд дэвшүүлж, мэхийн ёсолж буйг хүлээн авна уу.

Эх сурвалж: www.grandnews.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна