Улаанбаатарт ирэхийн өмнө С.Лавров юу хэлэв?

2016 оны 4 сарын 14

Сэтгүүлч:
Д.Нарантуяа

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Викторович Лавров өнөөдөр /2016.04.14/ Монгол улсад нэг өдрийн айлчлал хийж байна. Монгол улсад айлчилсаны дараа С.Лавров Япон улсад мөн айлчлах юм. Эдгээр айлчлалын өмнө сайд Сергей Лавров айлчлал хийх орны сэтгүүлчдийн асуултад хариулсаныг ОХУ-ын Гадаад хэргийн яамны цахим хуудсанд байршуулжээ. Энэ уулзалтад МОНЦАМЭ-гийн Москва дахь сурвалжлагч А.Огторгуймаа оролцжээ. Эрхэм сайдын хариултаас Монголын айлчлалтай холбоотой хэсгийг та бүхэнд хүргэе.  


А.О: Монгол-ОХУ-ын харилцааны өнөөгийн байдлыг хэрхэн дүгнэж байна вэ? Харилцаа, хамтын ажиллагааны ямар чиглэл илүү үр өгөөжтэй байх вэ?

С.В.Лавров: Монголтой харьцах манай харилцаа бол эртний сайн найзуудын харилцаа. Хэтрүүлэггүйгээр хэлэхэд энэ бол стратегийн харилцаа. Хоёр орны ард түмний хоорондын, үүнд Засгийн газар хооронд, мөн иргэд хоорондын найрамдалт харилцааг бид их үнэлдэг. Дэлхийн хоёрдугаар дайны ялалттай холбоотойгоор хэд хэдэн ойг тэмдэглэж буй энэ үеэр Монголын ард түмэн, Монголын төрийн Улаан армийг дэмжин тусалж байсан их гавьяа зүтгэлийг байнга дурсдаг. Энэ бол үнэхээр дайны гал дунд бэхэжсэн ах дүүгийн холбоо юм. Монголын ард түмэнд манай ард түмэн нэг биш удаа тусалж байсан. Энэ сэтгэл бидний сэтгэл, зүрхэнд гүн үлдсэн гэдгийг дахин хэлье.

Албан ёсны харилцааны хувьд нэг үе завсарлаад байсан харилцаа тогтмолжиж байна. Өндөр дээд түвшинд тогтмол яриа хэлцээ хийгдэж, парламент хоорондын болон яамд, агентлагуудын хоорондын харилцаа гүнзгийрлээ. Энэ бол манай харилцааны үр ашигтай, гүн бат хэсэг.

2012 оноос өмнө ажиглагдаж байсан хоёр орны хоорондын бараа эргэлт буурч байсан тоон үзүүлэлт улам буурч биднийг баярлуулахаа болилоо. Энэ нь дэлхийн зах зээлийн хандлага, валютын ханшны өөрчлөлттэй холбоотой. Энэ бол түр зуурын үзэгдэл гэдэгт би итгэлтэй байна. Хоёр орны хоорондын бараа эргэлтийг буцаан нэмэгдүүлэх нөөц боломж бидэнд бий. Энэ жилийн эхээр Монгол Улсын Засгийн газрын ОХУ-ын Засгийн газрын өмнө хүлээсэн санхүүгийн үүргийг зохицуулах ОХУ-ын Засгийн болон Монголын Засгийн газар хоорондын гэрээг соёрхон баталсан. Ингэснээр манай Засгийн газрын өмнө хүлээж байсан Монголын Засгийн газрын өрийн асуудлыг шийдвэрлэсэн. Энэ нь хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шинэ боломжийг бий болгож байгаа юм. Энэ боломжийг ашиглана гэдэгт итгэлтэй байна.

А.О: “Торгоны зам” төслийн талаар их ярьж байна. Энэ чиглэлд Монгол, ОХУ хамтдаа юу хийж чадах вэ? Тээврийн урсгалыг нэмэгдүүлэх нь ямар ач холбогдолтой вэ?

С.В.Лавров: “Торгоны зам” бол БНХАУ-ын санаачилсан төсөл, энэ төсөл БНХАУ-МОНГОЛ-ОХУ-ын гурван талын тэргүүн нарын уулзалтын үеэр яригдсан. Гэхдээ дангаар яригдсан юм биш, ЕвроАзийн эдийн засгийн эдийн засгийн геополитикийн бүс нутгийн хөгжлийн хөдөлгүүр болох Хятадын “Торгоны зам”, Монголын “Талын зам” төслүүдийг харилцан уялдуулахаар яригдсан. Манай Ерөнхийлөгчид нэг биш удаа гурвуулаа уулзаж, тэдний зүгээс өгсөн үүрэг даалгавар бий. БНХАУ-Монгол-ОХУ-ыг дамнасан эдийн засаг-тээврийн коридор байгуулахыг гурван улсын тэргүүн нар дэмжсэн. Энэ нь эдийн засгийн хувьд ирээдүйтэй бөгөөд ашигтай гэдгийг бид ойлгож байгаа. Тээвэр болоод худалдааны эргэлтийг нэмэгдүүлж, гурван улсын эдийн засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлнэ гэж бодож байна.

Монгол-ОХУ-ын улс төрийн харилцааны талаар хэлэхгүй өнгөрч болохгүй. Бид НҮБ-тай нягт хамтран ажиллаж байна. НҮБ-ын Ерөнхий Ассамблей болон НҮБ-ын бусад байгууллагад ОХУ-ын тавьж байгаа санаачилгыг дэмжиж байгаад талархалтай байгаа. Европын Хамтын ажиллагаа, аюулгүй байдлын байгууллагад элсэх Монголын саналыг бид мөн дэмжсэн. Олон улсын энэ бүтцийн хүрээнд нягт хамтран ажиллана гэж тооцож байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна