Маргарет Тэтчерийн хөшөөнд гол зүйл нь алга гэв

2016 оны 4 сарын 14

Их Британийн ерөнхий сайд асан Маргарет Тетчерт зориулсан хүрэл хөшөөнд хамгийн гол зүйлийг нь орхигдуулсан байна хэмээн охин Кэрол нь ундууцан, олон дэлгэхгүй байхыг хүсчээ.

Гурван метрийн өндөртэй Тэтчерийн хүрэл хөшөөг 2015 оны сүүлээр бүтээж дуусчээ. Хөшөөг Лондон хотын Парламентын талбайд босгохоор төлөвлөж байгаа юм. Энэ талбайд Уинстон Черчиль, Ллойд Жорж зэрэг улс төрийн нэрт зүтгэлтнүүдийн хөшөө мөн бий.

“Дэйли мэлл” сонины мэдээлж байгаагаар хөшөөг дуусангуут охин Кэролд үзүүлсэн бөгөөд Кэрол тэр дор нь ширүүн үгтэй захиаг Лондон хотын захиргаанд хүргүүлсэн байна. Кэролийн үзэж байгаагаар Тетчерийг жижиг гар цүнхгүйгээр дүрсэлсэн нь гол дутагдал гэжээ. Лондон хотын захирагч Борис Жонсон хөшөө ар гэрийнхэнд нь таалагдахгүй бол олон нийтэд үзүүлэхгүй гэдгээ тэр даруй мэдэгджээ.

Энэ ажлыг хариуцаж байгаа хүмүүс хөшөөний эх зургийг гаргасан архитекторийн нэрийг хэлэхийг хүсээгүй бөгөөд дутагдаж буй жижиг деталийг нөхөн хийж болно гэсэн хариу өгчээ. “Мэдээж цүнхийг нэмж болно, гэхдээ энэ нь бага зэрэг өвөрмөц л юм” хэмээн Их Британийн Архитекторуудын нийгэмлэгийн гишүүн Мартина Дженнингсийн үгийг сонин эш татсан байна.

Жижиг гар цүнх нь Маргарет Тетчерийн имижийн салшгүй нэг хэсэг байсан юм. Тэр бүү хэл “төмөр хатагтай” гэж нэрлэдэг Тетчерийн энэ имижээс үүдэн Оксфордийн толь бичигт “to handbag” гэсэн үйл үг нэмсэн бөгөөд энэ нь өрсөлдөгчдөдөө хайр найргүй хандах гэсэн утгыг илэрхийлдэг аж.

Тетчерийн өөр нэг, гэхдээ цүнхтэй хөшөөг 2007 онд түүнийг амьд байхад бүтээсэн бөгөөд хөшөө парламентын доод танхимийн хонгилд байдаг аж. Тетчерийн дахин нэг хөшөөг барих саналыг Лондон хотын захирагч 2013 онд буюу Тетчерийг таалал төгссөнийх нь дараа санал болгожээ. Хөшөөг иргэдийн хандивийн мөнгөөр босгосон бөгөөд 300 мянган фунт стерлинг /371,5 мянган евро/ цугларчээ.

Маргарет Тетчер 2013 оны дөрөвдүгээр сарын 8-нд таалал төгссөн юм. Тэрээр 1979-1990 оны хооронд Их Британийн анхны эмэгтэй ерөнхий сайдаар ажилласан. Түүнийг ерөнхий сайд байх үед Их Британи эдийн засгийн хямралын үедээ байсан бөгөөд энэ хямралыг Тетчер маш хатуу чанга бодлогоор амжилттай даван туулсан юм. Мөн тэрбээр төрийн өмчит компаниудыг хувьчилж, ашиггүй компаниудыг шууд татан буулгаж байжээ.  Түүний бүрэн эрхийн хугацаанд Фолклендын арлын төлөө Их Британи Аргентинтай байлдааны ажиллагаа явуулж, Английн ялалтаар дуусч байсан.

А.ШАРАВ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна