Махны үнийг ченжүүд мэддэг хэвээр

2016 оны 4 сарын 14

“Малчин, хэрэглэгч хоёрын хоорондох шат дамжлагыг хүссэн хүсээгүй ченжүүд л орлосоор байна даа”

Малчид махны үнэд итгэж ядна

Одоогоос дөрвөн жилийн өмнө Дорнод аймгийн Дашбалбар сумаас нийслэлийг зорин, Сайн малчдын зөвлөгөөнд оролцож буй малчин Д.Долгортой хууч хөөрсөн юм. Тэрбээр Улаанбаатарт ирээд нэг кг махыг 9000 төгрөгөөр худалдаж байгааг үзээд нүдэндээ ч итгээгүй хэмээн ярьж байв. Түүний хэлснээр Д.Долгор гуайн сумынхан нэг кг махыг дээд тал нь л 2800 төгрөгөөр ченжүүдэд худалддаг юм гэсэн. Тэрбээр тухайн үед “2800 төгрөгөөс дээш үнээр зарж үзээгүй. Тийм өндөр үнээр борлуулдаг бол амьдралд минь их л нэмэр болно доо” гэдгээ хэлээд үүний гол буруутан нь олон хүний гар дамждаг, тогтолцоо хэмээн тайлбарласан. Монгол Улс энэ тогтолцооноос л салахгүй бол махны үнэ тогтворжихгүй гэдэг нь нэгэнт тодорхой хэмээн энэ салбарынхан ч хэлдэг.

Хамгийн сүүлд л гэхэд өчигдөр Бүртгэл Статистикийн ерөнхий газрын мэдээллээр гуравдугаар сард инфляци 0.5 хувиар өсчээ. Үүнд махны үнийн өсөлт голлон нөлөөлсөн гэв. Тухайлбал, өнгөрсөн сараас махны үнэ 300-1000 төгрөгөөр өссөн байна.

Ингээд бид махны үнэ хамгийн хямд хэмээн нэрлэгдээд байгаа “Хүчит шонхор” захыг зорилоо. Энд хонины цул мах 6500-7000, ястай нь 6500-6800, адууны ястай мах 6000, тэмээний мах 5000-5300, ямааны цул мах 5500-5700, ястай мах 5200 төгрөгөөр худалдаалж байна.

Ченж: Малчид махаа өндөр үнэлж байна

Нэгэнт тогтолцоо нь ийм учир малчин, иргэн хоёрын хооронд ченжүүд ашиг олоод байхаа мэднэ хэмээн иргэд ч ярьж байна. Харин ченжүүдийн зүгээс сүүлийн үед малчид махаа өндөр үнэлэх гээд байдаг болсон гэх тайлбарыг хэлэх болжээ. Ж.Ганбаярын хувьд Архангай, Сүхбаатар, Дорнод зэрэг аймгаар явж, малчдаас мах авдаг. Түүний хэлж буйгаар малчны хотноос мах аваад 100-300 төгрөгийг л нэмж борлуулдаг гэлээ. “Гэхдээ сүүлийн үед малчид махаа өндөр үнэлэх гээд байгаа учраас бид ч нэг их нэмж зарж чадахгүй байна” гэв. “Хүчит шонхор” захын хувьд 40-50 ченж ажилладаг гэлээ.

Махны худалдагч Д.Батдэлгэрийн хэлж буйгаар сүүлийн нэг сарын хугацаанд махны үнэ хэлбэлзэлтэй болжээ. Хоногт л гэхэд 100-300 төгрөгийн өөрчлөлт гаах болсон байна. Хэдийгээр улирлын чанартайгаар, хавартаа үнэ өсөх гээд байдаг ч нөгөө л махны нийлүүлэлт, шат дамжлагатай холбоотой байдаг хэмээн тайлбарлалаа.

Уг нь хэдэн жилийн өмнө, тухайн үеийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын тушаалаар үнэ тогтворжуулах хөтөлбөрийг гаргаж, нөөцийн махыг худалдаалж байсан. Гэвч хөтөлбөрийн хугацаа дууссан учраас энэ жил дахин нөөцийн мах гаргахгүй хэмээн Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас мэдээлж байна. Цаашид ч үнэ тогтворжуулах хөтөлбөрийг үргэлжлүүлж, нөөцийн мах гаргах эсэх нь тодорхойгүй гэлээ.

Тэгвэл махны үнийг тогтворжуулах бас нэгэн газар бол Хөдөө аж ахуйн бирж байсан. Зөвхөн махны үнээр ч тогтохгүй малын гаралтай түүхий эдийн үнийг тогтворжуулах зорилготойгоор Хөдөө аж ахуйн биржийг 2011 онд байгуулсан. Уг нь бирж байгуулагдсанаар малчид махаа ченжийн гар дамжуулахгүйгээр, шууд борлуулах боломж бүрдэнэ хэмээн тайлбарлаж байсан. Гэвч малчид хөдөө аж ахуйн биржээр дамжуулан махаа борлуулах боломж өнөөг хүртэл хангалттай бүрдээгүй аж. Малчид махаа ченжид бус, биржээр дамжуулан худалдахын тулд биржид бүртгэлтэй брокер, дилерийн компанид өгөх, эсвэл сум, аймгийнхаа хоршоонд очих ёстой. Гэтэл брокер, дилерийн компанийн талаар малчдад ойлголт тун тааруу. Хоршоондоо өгье гэхэд Хөдөө аж ахуйн биржид бүртгэлтэй хоршоо тун бага байдаг аж. Өнгөрсөн жилээс л аймаг, сумын хоршоод биржийн талаар ойлгож, бүртгүүлж эхэлжээ. Гэхдээ энэ нь хэдхэн тооны хоршоо. Нөхцөл бүрдээгүйн улмаас Хөдөө аж ахуйн бирж одоогоор ноос, ноолуур, буудай, ургамлын тосыг л арилжаанд оруулж байгаа гэлээ.

Мах магнаг болохоос сэргийлэх, махны үнийг тогтворжуулах ажлууд нэг иймэрхүү л хэрэгжиж байна. Харин энэ хооронд малчин, иргэдийн хоорондох шат дамжлагыг хүссэн хүсээгүй ченжүүд л орлосоор байна даа.

БЭЛТГЭСЭН: Б.ЗОЛЗАЯА

Н.БАТМӨНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна