Технологийн зарлаагүй дайн

2016 оны 4 сарын 14

Байгуулагдаад 12 жилийн нүүрийг үзэж буй Фэйсбүүк өдгөө чамлахааргүй хэмжээний хүн амтай, хөрөнгө чинээтэй, сүйхээтэй удирдагчтай, түүгээр ч барахгүй хүний сэтгэл санаатай хүртэл холбогдон ажиллаж чаддаг вант улс болжээ. Өнөөгийн байдлаар Фэйсбүүкт нийт 1.6 тэрбум хүмүүс бүртгэлтэй ба хэрэглэгч тус бүр нь өдөрт дунджаар 20 минутыг зарцуулдаг. Энэхүү вебсайтын хэрэглээ зүүнээсээ илүү барууны орнуудад харьцангуй өндөр байгаа бөгөөд энэ компаний зах зээл дээр үнэлэгдсэн ханш нь 326 тэрбум ам. доллар байгаа юм. Энэ бол дэлхий дээрх бүх компани дундаас Фэйсбүүк компани үнэ цэнээрээ зургаадугаарт жагсана гэсэн үг ажээ.

Хэдий дөнгөж 31 настай ч, дэлхийн хэмжээний хамгийн том сүлжээг үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Марк Цукербергт Харвардын ширээнээс тэрбумтан болсон амжилт нь хангалтгүй бололтой. Учир нь, түүний холын гэмээр ойрын төлөвлөгөө нь дэлхийн компьютерийн шинэ эриний төлөөх тулаанд ялалт байгуулан өөрөө тэр хаант улсынхаа хаан суудалд залрах гэнэ.

Таны “үнэт” мэдээлэл дээр сүндэрлэсэн “улс”

Фэйсбүүкийн хөл дээрээ ийм тогтвортой бат зогсож чадсаны нууц нь хүмүүсийн анхаарлыг зар сурталчилгаанд хандуулж чадах мэдрэмжтэй үйлчилгээнүүдийг хэрэглэгчдэдээ соёлтойгоор тулгаж байсанд ч оршиж байгаа юм. Google-ийн хувьд ч мөн тийм. Гэхдээ энэ хоёр компани хэрэглэгчдийнхээ амьдралд хоёр өөр үүрэг гүйцэтгэж ирсэн.

Google дэлхий дээрх бүх зүйлийг мэдэх бол харин Фэйсбүүк таныг найз нөхөд гэр бүлтэй чинь хамт мэднэ.Та ажлаа амжуулах гэж Google-ийг ухдаг бол цагаа нөгцөөх гэж Фэйсбүүкээр аялчихсан л байдаг биз дээ? Энэ бол ижил зарчмаар ажилладаг хоёр том компаний бидэнд үзүүлж буй ялгаатай нөлөөлөл юм. Юутай ч харьцуулшгүй их мэдээлэл тэднийг улам дийлдэшгүйгээр үл барам сар жил өнгөрөх тусам өрсөлдөгч компаниудаа худалдан авах чадвартай болгож байна.

Тиймээс одоо фэйсбүүкийн өмнөө тавьсан зорилго бол яаж шинэ арга замаар шинэ сурталчилгаа бүхий үйлчилгээг нэвтрүүлж түүнээсээ мөнгө босгох вэ гэдэг явдал юм. Сүүлийн үед нэвтрээд буй ихэнхи үйлчилгээнүүд нь “Artifical Intelligence” (AI) буюу хиймэл оюун ухааны технологи дээр суурилсан байгаа нь тэдний энэхүү асуултын гол хариу байж болох юм. Үүний туслалцаатайгаар Фэйсбүүк таны зурган дээрхи хүмүүсийг царайг таньж байна, хэнд нь ямар төрлийн сурталчилгаа түлхүү хүргэх вэ гэдгээ ч мөн шийддэг байна.

Шинэ найзтайгаа танилц

Ирэх долоо хоногт Фэйсбүүк компани энэхүү AI технологи дээр суурилсан бас нэгэн шинэ алхмыг фэйсбүүк мессенжер үйлчилгээндээ нэвтрүүлэх гэж байна. Энэ бол таны хувийн туслах Чатбот юм. Дэлгэрэнгүйгээр хэлбэл, тантай чат хийдэг робот гэсэн утга санаатай аж. Одоогоор цацагдсан байгаа мэдээллээс авч үзэхэд Чатбот нь Apple-ийн Siri-ээс ч илүү ухаалаг бас дэвшилтэт байх аж. Үгүй бол түүний хэрэг ч юу билээ.

Энэхүү үйл явдалтай холбогдуулан эргэн сануулахад, 2014 онд Фэйсбүүк компани виртуаль реалити чиглэлд үйл ажиллагаа явуулдаг “Oculus” компанийг 2 тэрбум ам. доллароор худалдан авч байсан юм. Тиймээс  Фэйсбүүкийн тулалдах дараагийн талбар ухаалаг утас биш харин виртуал харилцаа зонхилсон компьютер инженерчлэлийн орон зай байх болно гэсэн таамгийг ажиглагчид дэвшүүлжээ.  

Гэвч энэхүү хиймэл оюун ухаанд суурилсан технологийг бүр мөсөн гартаа оруулах гэж зүтгээд байгаа нь ганц Фэйсбүүк биш юм. Google энэхүү тенологийг өөрөө жолоодлоготой машиныг сайжрууах зорилгоор ашиглаж буй бол бусад салбарт ч мөн адил энэ технологийн төлөө хамаг халаасаа гөвж буй олон жишээ нэрлэгдэж болохоор болсон байна. Тэдэн дундаас хамгийн амжилттайгаар хөгжүүлж буй компаниуд нь мөнөөх л Фэйсбүүк, Microsoft болон Google нар байна.

Дэлхий дахинаа технологийн зарлагдаагүй дайн үүсээд буйг энэ мэт жишээнээс харж болохоор болжээ.Тиймээс эгэл жирийн хүмүүсийн төсөөлөлд хол сонсогдож байсан энэ бүх өөрчлөлт шинэчлэлүүд шинэ амжилт, байлдан дагууллын амтад дурласан Марк Цукерберг гэх мэт хэнээтэй санаачлагчдын ачаар таны бодсноос ч илүү ойрхон ирчихсэн бололтой.

Фэйсбүүк болон түүний өрсөлдөгч компаниудын энэ их амбиц хүн төрөлхтөний хоорондын болоод эргэн тойронтойгоо холбогдох харилцааг зохицуулагч хүчин болох уу гэсэн асуулт орчин үед хүн болгоны сонирхлыг их бага хэмжээгээр татаж байна. Даршамд дурдахад, AI технологи аль хэдийнээ таны хэрэгцээ шаардлагыг таны дотны хүнээс ч илүүтэй мэдэрч эхлээд байгаа аж. Жишээ нь, Google-ийн Inbox аппликэйшн нь танд ирсэн шуудангуудад ямар хариу өгөх  талаар боломжит хувилбаруудыг санал болгож байна. Юутай ч компьютер инженерчлэлийн ойрын арван жилийн хөгжил энэ технологи дээр л түлхүү голчлон өсөж дэвжих бололтой.

Гэхдээ хэн ч энэхүү дайнд ялж, технологийн хаан суусан байлаа, эцсийн эцэст хаан хүнийг унагаах тогтоох их хүч нь зөвхөн ард түмэнд нь байдгийг хүн төрөлхтөн санаж явахад илүүдэхгүй биз ээ.                                   

                                                                                                            БЭЛТГЭСЭН: Г.СҮМБЭЭ

ЭХ СУРВАЛЖ: WWW.ECONOMIST.COM

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна