Хөдөө аж ахуйн биржийн хувьчлал эхэлсэн

2016 оны 4 сарын 14

Хөдөө аж ахуйн биржийн /ХАА бирж/ хувьчлал болоод малчдад ирж буй ач холбогдлын талаар ХАА биржийн Клиринг төлбөр тооцооны албаны дарга Б.Буянхишигтэй ярилцлаа.


-Сүүлийн үед хөдөө аж ахуйн биржийг хувьчлах асуудал яригдах боллоо. Энэ талаар яриагаа эхэлье?

-Хөдөө аж ахуйн биржийн хувьчлалын асуудал өнгөрсөн жилээс эхэлсэн. УИХ-ын 70, Засгийн газрын 30, Төрийн өмчийн хорооны /ТӨХ/ 699 дүгээр тогтоол гарсан. Энэ тогтоолоор төрийн мэдлийн хувьцааг 34 хувь байхаар нэмэлт хувьцаа гаргаж ХАА биржийн технологийн шинэчлэлд зориулж хөрөнгө оруулалт босгох ажлыг эхлүүлсэн. ТӨХ 2015 оны арваннэгдүгээр сард нэмэлт хувьцаа гаргах ажлыг зохион байгуулах хэсгийг гаргасан. 5-6 удаа хуралдаж, саналаа авсан. Ингээд эхний ээлжид ХАА биржийн 51 хувийн хувьцааг  хөрөнгө оруулагчдад  худалдах гэрээ байгуулсан. Дараагийн ээлжид “Насдак” групптэй хамтран технологийн шинэчлэлийн ажил эхэлсэн байна.

-Тэгэхээр ХАА биржийн 51 хувийг хувьчилсан гэж ойлгож болох уу?

-Тийм. 51 хувьтай тэнцэх хувьцааг нэмж гаргаад гэрээгээ байгуулаад хаасан. Энэ онд багтаж хоёр дахь ээлжийн хувьцаа гаргана. Одоо бол төрийн мэдлийн хувьцаа  49 хувь болж ирж байна. Хоёр дахь ээлжийн хувьцааг хөрөнгийн биржээр дамжуулж гаргана. Ингээд төрийн мэдлийн хувьцаа 34 хувиар буурч, үндсэндээ 66 хувь нь хувийн хэвшлийн хөрөнгө оруулалттай болно.

-Яагаад хувьчлахаар болсон юм бэ?

-Анх ХАА бирж хоёр чиглэлд ажиллахаар нээгдсэн. Нэгдүгээрт, олон улсын таваарын биржтэй адилхан загварчилсан гэрээ арилжих. Өөрөөр хэлбэл, ирээдүйн үнийн хандлага тогтоож, гадаадын валютын урсгалыг дотоод руу чиглүүлнэ. Хоёрдугаарт, малчдын түүхий эдийн үнийг тогтвортой байлгахад чиглэсэн.

Тухайн үед энэ шинэчлэл хийхэд төрөөс мөнгө төсөвлөсөн боловч албан ёсоор шийдээгүй. Тиймээс нэмэлт хөрөнгө оруулалтаар хувьцаагаа шийдэх хувилбар руу шилжихээр болсон.

Хувьчлалын үр дүнд ХАА бирж дэлхийн хөрөнгө оруулагчдын шаардлагад танигдсан “Насдак” группийн арилжаа, төлбөр тооцооны систем, түүнийг дагасан жижиг програмуудтай систем авна. Дараагийн ээлжийн хувьчлалаар нийслэлийн агуулахын үйлчилгээнд жишиг тогтооно. Мөн 21 аймгийн хооронд логистик сүлжээ байгуулахаар хөрөнгө оруулалтыг татаж байна.

-Шинэчлэлийн хүрээнд ямар, ямар ажил хийх вэ?

-Одоогоор түүхий эдийг бэлтгэн нийлүүлж, боловсруулах тал дээр тээвэр, агуулахын хүчин чадал сул байна. Жишээ нь, ноолуурын угаах, самнах үйлдвэрийн хувьд өөрийнхөө хэмжээний л хүчин чадалтай байдаг. Тиймээс улсын хэмжээний, стандартад нийцсэн бараа, түүхий эд хадгалах асуудлыг шийдэхийн тулд жишиг үйлчилгээг нэвтрүүлэх гэж байна. Нийслэлд дор хаяж нэг агуулах барина. 21 аймгийг сүлжээнд холбосон тээврийн компанийг ажиллуулах юм.

-Түүхий эдийн үнийг тогтвортой барих үүднээс ХАА биржийг байгуулсан гэж ойлгож байгаа. Бирж байгуулагдаад багагүй хугацаа өнгөрлөө. Үүнээс хойш малын гаралтай түүхий эдийн үнэ тогтворжсон уу?

-Биржийн хувьд арилжаанд ордоггүй учраас түүхий эдийн үнийг шууд удирдана гэсэн үг биш.

Өмнө нь орон нутаг дотор байсан үйл ажиллагааг орон нутаг даяар болгоод ирэхээр мэдээж олон оролцогчтой болно. Ингэхээр цөөхөн хүний хүслээр үнэ хэлбэлзэхгүй гэсэн үг. 2012 онд биржгүй байсан. Энэ үеийг 2013 оны биржтэй үетэй харьцуулахад үнийн тогтворжилт харагдана. 2012 онд ноолуурын үнэ 35-55 мянган төгрөгийн хооронд, бараг 50 хувиар хэлбэлзэж байсан. 2013 онд бирж байгуулагдсанаар хэлбэлзлийн хувь 20-д хүрсэн.

Өөрөөр хэлбэл, олон оролцогчдыг нэг дор цуглуулж байгаа учраас цөөхөн тоглогчид үнийг дураараа хэлбэлзүүлж чадахгүй болно гэсэн үг биш.

ХАА биржийн хувьд одоогоор өнөөдрийн бараа, түүхий эдэд үнийн санал өгөх загвараар ажиллаж байна. Тэгвэл энэ байдлыг төгс болгохын тулд ирээдүйд нийлүүлэх бараанд үнийн санал өгөх загварыг ч давхар ашиглана. Ингэснээр ашиг олох зорилготой гадаадын хөрөнгө оурулалтын банк тэргүүтэй олон оролцогчийг нэг дор цуглуулах боломж бүрдэнэ.

-Жишээ нь нэг малчин өрх байна. Тэр өрх ноос, ноолуураа биржээр арилжаалъя. Зах зээлийн үнээс дордуулахгүйгээр түүхий эдээ өгье гэвэл хаана хандах юм бэ?

 -Малчинд хоёр сонголт бий. Нэгдүгээрт, брокерын компанитай холбогдож, захиалга өгч болно. Хоёрдугаарт, аймаг, суманд байрлах хоршоондоо хандаж болно. Хоршооны гишүүн биш ч байж болно. Хоршоогоор дамжуулаад түүхий эдээ шууд нийлүүлэх боломжтой. Энэ дунд ямар ч дамжуулагч, ченж шаардлагагүй гэсэн үг.

-Аймаг, суманд байрлах хоршоонууд ХАА биржтэй хамтарч ажилладаг байх шаардлагатай шүү дээ. Энэ хамтын ажиллагаа хэр байдаг вэ. Танайхтай хамтарч ажилладаггүй бол тухайн сумын малчид биржийн үйл ажиллагаанд оролцож чадахгүй биз дээ?

-Хоршоодын зүгээс өнгөрсөн оноос ХАА биржтэй хамтын ажиллагаа сайжруулж эхэлсэн. Хуулийн маань агуулгыг ойлгоод ХАА биржтэй хамтран ажиллаж, гэрээ байгуулах болсон. 12 дугаар сард л гэхэд Өмнөговь аймгийн нэг хоршоо биржтэй шууд арилжаалах холболтоо хийж, туршсан. Бусад аймгийн хувьд ч гэсэн энэ хоршооны туршлагыг харж байгаад холбогдох болов уу. Энэ тохиолдолд малчид биржийн үйл ажиллагаанд оролцоход илүү амар болно.

-Малчдад хөдөө аж ахуйн бирж ямар ашигтай вэ?

-Малчдын хувьд багахан ноос, ноолуураа тушаахын тулд шатахуун, тосноос эхлээд зардал гаргаж төв барааддаг. Ингээд хэтэрхий доогуур үнээр ченжүүдэд худалддаг.  Тэгвэл оронд нь хоршоонд өгөөд эхэлбэл, нэгдүгээрт, түүхий эдээ ихээр төвлөрүүлж, үйлдвэрт өгөх хүртэлх тээврийн зардал хэмнэнэ. Хоёрдугаарт, түүхий эдийн үнийг өдөр бүр мэддэг болно. Тиймээс түүхий эдээ боломжийн үнээр үнэлнэ.

-ХАА биржээр одоогоор хэдэн төрлийн түүхий эд арилжаалж байгаа вэ?

-Ноолуур, хонины ноос, тэмээ, ямаа, завод ноос, буудай, тосны ургамал зэрэг 7-8 төрлийн бүтээгдэхүүн арилжаалж байна.  Голлох гурван түүхий эдийн хувьд он гарсаар 280 гаруй тонн ноолуур, 990 гаруй тонн ямааны завод ноос, 2780 гаруй тонн хонины ноосыг арилжсан.

Бэлтгэсэн: Б.ЗАЯА

                    Н.БАТМӨНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна