Өмнөд Солонгосын эрх баригч нам ялагдал хүлээжээ

2016 оны 4 сарын 14

 

Өмнөд Солонгосын эрх баригч “Сэнүри” нам 16 жил хадгалж ирсэн олонхын суудлаа Лхагва гаригт /IV.13/ болсон сонгуулиар алджээ. Саналын хуудсын 85 хувийг тоолсны дараа “Сэнүри” нам 122 суудал авсан бол сөрөг хүчний “Минжү” нам 123 суудлыг авсан байна. Түүнчлэн Ардын нам 28 суудал, Шударга ёсны нам зургаан суудал авчээ. Үндэсний ассамблейн 300 суудлын 253-ыг нь ард түмэн сонгох юм. Үлдсэн 47 суудалд намын жагсаалтаар сонгодог аж.

 

Өмнөд Солонгосын залуусын дунд ажилгүйдэл нэмэгдэж, экспортын хэмжээ буурч, өрхийн зээл нэмэгдсэнээс ерөнхийлөгч Пак Кын Хегийн эдийн засгийг залах бодлогыг шүүмжилж байна. Өмнөд Солонгосын залуусын дунд ажилгүйдлын түвшин сүүлийн 20 жилд байгаагүй өндөр хэмжээнд хүрсэн аж. Түүнчлэн сөрөг хүчний намыг хориглож, лидерүүдийг нь Хойд Солонгост элэгтэй хэмээн хардаж баривчилсан  зэрэг  нь “Сэнүри” намын нэр хүнд буурахад нөлөөлжээ.

 

Өмнөд Солонгос даяар 14 мянган санал авах байр ажилласан бөгөөд сонгогчдын ирц 58 хувь байсан аж. Энэ нь сонгогчдын идэвх 2012 оны сонгуулиас 3.8 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ВВС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна